CRI Монгол радио

Олон талт хамтын ажиллагаа, эдийн засгийн өсөлтийг хөхиүлэн дэмжих “Зуны Давос”

Нийтэлсэн

БНХАУ-ын хойд нутгийн Тяньжинь хотноо Шинэ манлайлагчдын 14 дэх удаагийн чуулга уулзалт буюу “Зуны Давос” гэгддэг чуулга уулзалт 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр эхэллээ.

“Бизнес эрхлэлт: Дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч” сэдвийн хүрээнд гурван өдөр үргэлжлэх уг чуулга уулзалтад бизнес, засгийн газар, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагын 1500 орчим төлөөлөгч оролцож, цар тахлын дараах дэлхийн эдийн засгийн хөгжлийг дэмжих арга замууд, боломжуудыг авч хэлэлцэж, санаа бодлоо солилцож байна.

Дэлхийн ертөнцийн байдал амаргүй, ээдрээтэй, дэлхийн эдийн засаг цар тахлын нөлөөнөөс бүрэн гарч чадаагүй байгаа энэ цаг үед тус чуулга уулзалт нь олон талт үзэл, хамтын ажиллагааг идэвхжүүлж, дэлхийн эдийн засгийн сэргэлт, өсөлтийг хөхиүлэн дэмжих нэгэн хөшүүрэг болж буй юм.

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Мөргөлдөөн, тогтворгүй байдлын улмаас түгшүүртэй буй энэ үед энх тайван, тогтвортой байдлыг эрхэмлэн дээдлэх ёстой. Өдгөө дэлхий нийтэд холдох бус харилцаа холбоогоо бэхжүүлэх, сөргөлдөөн биш хамтын ажиллагаа, тусгаарлах бус нээлттэй байх, мөргөлдөөн бус харин энх тайван байдал хэрэгтэй” гэж цохон тэмдэглэсэн байна.

Түүний хэлсэнчлэн, эдийн засгийн даяаршлын уналт, сэргэлтийг туулсан бүх улс орон одоо нээлттэй байдал, хамтын ажиллагааг илүү эрхэмлэх нь зүйтэй. Эдийн засгийн даяаршлын ерөнхий чиг хандлага өөрчлөгдөөгүй бөгөөд дэлхий дахин ганцаардал, тусгаарлагдмал байдал руу ухрах учиргүй гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн юм.

Цар тахлын үед ч эдийн засгийн өсөлтөө хадгалж байсан Хятад улсын эдийн засаг өдгөө хамгийн хурдтай сэргэж, сайн үзүүлэлттэй байна. Тиймдээ ч “Зуны Давос”-ын үеэр Хятад улс ямар ямар санал санаачилга, арга хэмжээ, төлөвлөгөө дэвшүүлэхийг дэлхий нийт чих тавин хүлээж байна. Мөн энэхүү чуулга уулзалт нь Хятадын хөгжил дэвшил, засаглалын туршлагаас судлах боломжийг дэлхий нийтэд олгож байна.

Энэ удаагийн “Зуны Давос” чуулга уулзалт нь байгаль орчинд ээлтэй буюу ногоон эрчим хүчээр бүрэн хангагдсан анхны чуулга уулзалт гэдгээрээ бас онцлогтой болж байна. Ногоон эрчим хүчний худалдааг өргөжүүлэх, ногоон эрчим хүчний талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх нь “Зуны Давос” чуулга уулзалтын “ногоон буюу байгаль орчинд ээлтэй байх” үзэл баримтлалтай бүрэн нийцэж буй юм.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас (OECD) 6 дугаар сард нийтэлсэн дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайланд дурдсанаар, 2020 оны тахлын үеийг эс тооцвол 2023 онд дэлхийн ДНБ-ий өсөлт дэлхийн санхүүгийн хямралаас хойших хамгийн доод түвшинд хүрэх буюу 2.7 хувийн өсөлттэй гарах, 2024 онд ялимгүй сайжран 2.9 хувь болж ахих төлөвтэй байна.

Сүүлийн жилүүдэд Хятад улс олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг сэргээхийн тулд олон үзэсгэлэн яармаг, арга хэмжээг зохион байгуулсаар байгаа бөгөөд тус улс нь ойрын жилүүдэд дэлхийн эдийн засгийн сэргэлтэд хамгийн их хувь нэмэр оруулах төлөвтэй байна.

Тухайлбал, 2013 онд Хятад улс “Бүс ба Зам” санаачилгыг дэвшүүлж, дэлхийн хөгжлийн шинэ хөдөлгөгч хүчийг бий болгосон. Энэхүү санаачилгад өдгөө 150 гаруй улс орон, 30 гаруй олон улсын байгууллага гарын үсэг зураад буй бөгөөд энэ санаачилга нь холбогдох улс орнуудын эдийн засагт эерэг нөлөө үзүүлсээр байна.

Эдийн засгийн сэргэлтийн хурд, цар хүрээ нь улс орон бүрд харилцан адилгүй буй бөгөөд эдийн засгийн сэргэлт нь дэлхийн худалдаа, олон улсын хамтын ажиллагааны сэргэлтээс ихээхэн хамаарна гэж шинжээчид үзэж байна. Тэгвэл дэлхийн олон талт худалдаа, олон улсын хамтын ажиллагааны сэргэлтийг эрчимжүүлэхэд Тяньжинь хотноо болж буй “Зуны Давос” чуулга уулзалт чухал үүрэг гүйцэтгэнэ.

Г.Солонго

Exit mobile version