Улс төр
Газрын тосыг гацаанаас гаргах айлчлал
Их хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Энэтхэгийн Парламентын доод тахим болох Лок Сабха-гийн дарга Ом Бирла манай улсад айлчлахаар болсон байна. Тэр дундаа бүр ирэх сарын 6-9-ний өдрүүдэд энэ айлчлал болно. Энэтхэг гэхээр л бидний санаанд Газрын том боловсруулах үйлдвэр санаанд буудаг болсоор хэдэн он улирсан. Энэ удаад ч гэсэн тус үйлдвэрийн ажлыг эрчимжүүлэх талын яриа хэлэлцээ явагдах болов уу гэсэн итгэл найдлага хаа хаанаа байгааг үгүйсгэх аргагүй. Тэр ч утгаараа тус айлчлал маш чухалд тооцогдоно.
Үүнийг тодотгон манай улсад суугаа Энэтхэгийн элчин сайд П.М.Сингх “Одоо хэрэгжиж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл, боломжтой бол үүнийг эрчимжүүлэхээр тавьсан манай саналтай танилцах бололцоо олгосон өндөр түвшний айлчлал байх юм” хэмээн байр сууриа илэрхийлснээс харж болно.
Түүх сөхвөл Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 21 дүгээр тогтоол анх 2018 оны нэгдүгээр сард гарч байв. Улмаар тэр оныхоо 11 дүгээр сард УУХҮЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нарийвчилсан ТЭЗҮ-ийг хэлэлцэж хүлээн авсан байдаг.
Харин 2019 оны тавдугаар сард “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК БНЭУ-ын “Инженерс Индиа Лимитед” компанитай Төслийн менежментийн зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж, аравдугаар сард нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд нэмэлт санхүүжилтийн эх үүсвэр болох 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг байгуулж байлаа.
Үүнээс хойш хэдийгээр дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор ажил удааширч байсан ч Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн “Технологийн бус байгууламжийн Инженерчлэл-худалдан авалт-барилга угсралтын ажил EPC-1”-ын Ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан “Жэй Эм Си Прожектс Индиа” компани, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК хооронд 2020 оны 10 дугаар сард гэрээг цахимаар байгуулсан юм. шинэ он гарангуут буюу дараа оныхоо нэгдүгээр сард Үйлдвэрийн технологийн бус байгууламжийн инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлыг EPC-1 гүйцэтгэхээр сонгон шалгарсан Энэтхэгийн JMC Projects India компани үйлдвэрийн талбайд технологийн бус барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байдаг.
Тэгвэл “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай” хуулийг 2021 онд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан бөгөөд энэ нь тухайн ондоо Их хурлын даргад Энэтхэг улсад хийсэн албан айлчлалын угтал болсон томоохон зүйл байлаа. Г.Занданшатар дарга ч айлчлалынхаа үеэр уг төсөлд онцгой анхаарал хандуулж, тус хуулийг баталсан тухайгаа хэлж байв.
Ер нь орчин үед тухайн улс тусгаар тогтносон гэж нүүр бардам хэлэхийн тулд эрчим хүч болоод бензин шатахууны дотоодын хэрэглээгээ хэнээс ч гуйхгүйгээр хангаж байх ёстой гэдгийг олон улс судлаачид хэлдэг юм билээ. Үнэхээр тийм ч биз, бид хойд хөрш шатахууны үнээ нэмбэл үнийн өсөлтөд өртөж, тог цахилгааны хэлбэлзэлтэй, түүнийгээ дагаад бусдыг царайчилж явсаар өдийг хүрсэн нь нууж чадахгүй улаан үнэн. Харин эл асуудлыг сүүлийн үед төр засгийн хэмжээнд нэлээд анхаарч, энэ талын арга хэмжээнүүдийг зохих ёсоор авч л байна.
УИХ-ын дарга ОХУ-д энэ сарын 18-22-ны хооронд албан айлчлал хийх үеэрээ “Роснефть” ХН-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал И.Сечинтэй уулзаж, хоёр улсын эрчим хүчний иж бүрэн хамтын ажиллагаа, тэр дундаа газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэлтийн найдвартай, тасралтгүй байдлыг хангах болон үнэ бууруулах боломж, мөн Улаанбаатар хот дахь эрчим хүч үйлдвэрлэлийн байгууламжуудыг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцэж тохиролцсон. Ямар ч байсан байгаа байдалтайгаа дасан зохицож, нэгэнт гаднаас худалдан авч буй нефтийн хэмжээгээ буулгахгүй байх тал дээр зохицуулалт хийсэн гэсэн үг.
Гэсэн хэдий боловч энэ мэт байдлаар цаашаа хэчнээн удаан явах билээ. Тэгэхээр Их хурлын даргын урилгаар ирж байгаа Бүгд найрамдах Энэтхэг улсын Парламентын доод тахим болох Лок Сабха-гийн дарга Ом Бирлагийн манай улсад хийх айлчлалын үеэр гацчихаад байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн ажлыг эрчимжүүлж, богино хугацаанд ашиглалтад оруулан дотоодынхоо хэрэгцээний тодорхой хувийг өөрсдөө үйлдвэрлэдэг болох нь туйлаас чухал. Тийм учраас л эл айлчлалыг газрын тосыг гацаанаас гаргах айлчлал хэмээн нэрлээд итгэл найдвар хүлээлгээд байгаа хэрэг.
ТӨ.ХӨВСГӨЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН