Энтертайнмент
Асуудлаас шийдэл рүү, шүүмжлэлээс оролцоо руу
Манай спортын салбарын хамгийн том гэр бүл, албан байгууллагуудын нэг Монголын Хөлбөмбөгийн Холбооны сонгуульт их хурал долдугаар сарын 3-ны даваа гарагт болох гэж байна. Уг хурлаар холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, зөвлөлийн гишүүд гээд олон албан тушаалтнууд шинээр сонгогдоно.
МХБХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд хуучнаар “Сэлэнгэпресс” одоогийн “СП Фалконс” клубийн эзэн М.Болд, “Ховд” клубийг үүсгэн байгуулагч Ө.Алтай нар өрсөлдөж буй. Тус хоёр эрхмийн хэн нь ч сонгогдсон бай А.Ганбаатар Ерөнхийлөгчийн хийсэн бүтээснийг давуулан гүйцэтгэх нэр төрийн төдийгүй амаргүй даваа хүлээж байна.
Ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч, олны шүүмжлэлийг сонссон ч А.Ганбаатар 2015 онд МХБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдож өдийг хүртэл Монголын хөлбөмбөгт mk; өнгө төрх нэмсэн билээ.
Олон хүн түүнийг улс төрийн хүн, тиймдээ ч улс төрийн зорилготой Монголын хөлбөмбөг рүү орж ирсэн гэдэг ч тэрээр бага наснаасаа хөлбөмбөг тоглож, дуртай спортынхоо төлөө сэтгэл зүрхээ зориулж ирсэн байдаг. Шороон талбайд хамт бөмбөг өшиглөж өссөн багын нөхөр С.Жаргалсайханы хүсэлтээр 2010 оноос “Арвис” клубийн Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн юм.
“Арвис” клубийг удирдаж ахуйд тухайн үеийн МХБХ-ны удирдлагууд зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтийг тавьж байжээ. Уг хүсэлтийг яаран хүлээж аваагүй ч зөвлөлийн гишүүдийн тоо дутуу байсан тул дахин хүсэлт тавьж МХБХ-ны зөвлөлийн гишүүдийн дунд А.Ганбаатар гэдэг бичигдэх болжээ.
Зөвлөлийн гишүүн байх хугацаандаа зүгээр нэг суудлын тоо бөглөөд суулгүй хайртай спортынхоо төлөө хийе бүтээе гэсэн сэтгэлтэй МХБХ-ны гэр бүлийн гишүүн болжээ. Тиймдээ ч тухайн үедээ ихээхэн шуугиан дэгдээж, олны чихийг дэлдийлгэж байсан FIFA буюу Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгчийн Монгол дахь айлчлалд голлох үүрэгтэй ажиллаж байв. Үүний дараагаас МХБХ-ны удирдлагууд түүнийг дэд ерөнхийлөгчөөр сонгосон нь одоогийн ерөнхийлөгч болох эхлэлийг тавьсан гэхэд болно.
Тодорхой шалтгааны улмаас холбоо удирдлагагүй болсон цаг үеийн дүрмээр МХБХ-ны их хурлыг удирдах ёстой хүн нь холбооны дэд ерөнхийлөгч буюу А.Ганбаатар байв. Нэгэнт тийм үүрэг хариуцлага тулж ирсэн тул хариуцлагаас зугталгүй хайртай спортоо хөгжүүлэхийн төлөө зүрх зориг гаргаж, санал өгөх эрх бүхий гишүүдийн итгэлийг хүлээн МХБХ-ны ерөнхийлөгч болсон билээ.
Ерөнхийлөгч гэдэг эв санааны билэг тэмдэг төдийгүй хөгжил дэвшлийн түүчээ болж байдаг. Тиймдээ ч А.Ганбаатар ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлмэгцээ хөлбөмбөгийн салбарынханы эв нэгдэлийг бэхжүүлэхийн тулд талуудын хүсэл зорилго, үнэт зүйл, байр суурийг хүндэтгэн ажиллаж эхэлсэн юм.
Тиймдээ ч би биш “бид” гэсэн сэтгэхгүйгээр ажиллахыг нийт хөлбөмбөгийн салбарынхан дунд уриалж, микрофоны өмнө, хурлын ширээний ард, олон нийтийн өмнө бүх хүн “алаг бөмбөгийн талст шиг энэ спортыг бүрдүүлж” байгаа гэдгийг ойлгуулж, хамтдаа хөгжихийг уриалж ирсэн. Иймийн учир МХБХ-ны уриа “Нэг баг – Нэг зорилго” болсон билээ.
ШИГШЭЭ БАГ БА ОЛОН УЛСЫН ТОГЛОЛТУУД
Сайн нэрийг хүсэвч олохгүй, муу нэрийг хусавч арилахгүй гэдэг ардын үг бий. Монголын хөлбөмбөгийн нэр хүнд олон улсад унаад байсан хүндхэн цаг үед холбоог удирдах болсон нь А.Ганбаатарын хувьд томоохон сорилт байсан нь дамжиггүй. Уг сорилтыг давахын тулд ОУХБХ, Зүүн Азийн ХБХ-ны төлөөллүүдэд зөв бодлого, алсын хараа, үнэт зүйлсээ таниулах олон ажил хийж, өдгөө өсөж дэвжиж буй орнуудын дунд Монголын хөлбөмбөгийн нэр сайнаар дуудагдах болсон.
Үүнийг нэгэн жишээ бол МХБХ-ны удирдлага солигдсоноос хойш Монгол улсад зохиогдсон олон улсын тэмцээн тоглолтуудын тоо юм. ОУХБХ /FIFA/, АХБХ /AFC/ Монголын хөлбөмбөгийн холбоонд итгэл хүлээлгэн 30 тэмцээний 90 гаруй тоглолтыг Монгол улсад зохион байгуулах эрхийг өгч, манай мэргэжилтнүүд ч амжилттай зохион байгуулсан юм.
Мэдээж манай улсад зохиогдож буй тэмцээн уралдаануудад Монгол улсын насны шигшээ багууд өөрсдийн тэмцээндээ оролцоно. Холбооны удирдлагууд нийт есөн насны шигшээ багийг байгуулж, дотоод гадаадын шилдэг мэргэжилтнүүдийг ажлуулсан. Тухайлбал үндэсний шигшээ багт Майкл Вайсс, Шадаб Ифтихар, Шүичи Масэ, Ичиро Оцука зэрэг ахлах дасгалжуулагчид, Драгош Плопену, Лукас Адам Войчак, Алан Жиллет, Нишикидо Масатоши зэрэг арын албаныхан, мөн охид эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчаар Ики Ёожи, Наоко Кавамото харин техникийн хэлтэс болон өсвөрийн академид зориулан Хатем Соусси, Растислав Бозик нарыг томилон ажиллуулж байлаа.
Дан ганц гадаад мэргэжилтнүүдэд шигшээ багийн тамирчдаа даатгаад орхих биш хилийн чанадад бэлтгэл базаах боломжийг бүрдүүлж, тэмцээн болгоны өмнө хилийн чанадад бэлтгэл хийлгэдэг болсон. Мөн хувцас хэрэгсэлээр бүрэн хангаж, үндэсний шигшээ багийн тамирчдыг цугларалттай үед нь урамшуулал олгодог болсон юм. Шилэн данстай болсон МХБХ-ны санхүүгийн тайланд нийт шигшээ багийн тамирчид, албаныханд өгсөн урамшууллын хэмжээ 2,425,170,291₮ /2 тэрбум 425 сая 170 мянга 291 төгрөг/ байжээ.
Насанд хүрэгчдийн шигшээ багуудаас гадна ирээдүй хойч болсон өсвөрийн хөлбөмбөгчдийн хөгжилд үргэлж анхааран ажиллаж ирсэн. 14, 16, 19 насны шигшээ багуудын тогтмол Азийн АШТ-ий урьдчилсан шатны тэмцээн уралдаанд оролцуулдаг болсон.
Зөвхөн тэмцээн уралдаан болохоор цугладаг бус тогтол бэлтгэлтэй байлгах үүднээс өсвөрийн академийг байгуулсан нь ирээдүйн Монголын шигшээ багийн үндэс суурийг бат бэх болгох том ажил болсон билээ.
“ХҮН НЭМБЭЛ ХҮЧ НЭМЭГДЭНЭ”
Би биш бид гэсэн сэтгэхүйгээр ажиллаж, хамтдаа хөгжиж, урагшлах арга замыг үргэлж эрэлхийлж байдаг учраас МХБХ дасгалжуулагч, шүүгч, эмч, арын албаныхан дунд үргэлж сургалт семинар зохион байгуулж, мэдлэгч чадварыг нь дээшлүүлэх үүднээс гадаад улс орнуудад ч сургасаар ирсэн. Энэ нь А.Ганбаатар Ерөнхийлөгчийн холбоог удирдсан цагаас хойш гарсан том өөрчлөлтүүдийн нэг мөнөөсөө мөн.
2015 оны байдлаар АХБХ-ны “В” ангилалтай дасгалжуулагч 12, футзалын нэгдүгээр шатны зэрэглэлтэй 17 дасгалжуулагч байжээ. Харин яг одоо бол АХБХ-ны “А” ангилалтай дасгалжуулагч 22, “В” ангилалтай дасгалжуулагч 35, “С” ангилалтай дасгалжуулагч 73, МХБХ-ны “D” ангилалтай 131 дасгалжуулагч бүртгэлтэй байна. Харин АХБХ-ны хаалгачийн дасгалжуулагчийн зэрэглэлтэй найман дасгалжуулагч, АХБХ-ны Футзалын дасгалжуулагчийн нэгдүгээр зэрэглэлтэй 39, хоёрдугаар зэрэглэлтэй 34, АХБХ-ны фитнесийн дасгалжуулагчийн нэгдүгээр зэрэглэлтэй 28, МХБХ-ны футзалын дасгалжуулагчийн нэгдүгээр зэрэглэлтэй 104 дасгалжуулагчтай болж үлэмж тоогоор нэмэгдээд байна.
Хөлбөмбөгийн спортын салшгүй нэг хэсэг болсон шүүгчдийн сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулж, жил бүр тогтмол олон сургалтад хамруулсны үндсэн дээр өдгөө МХБХ олон улсын зэрэглэлтэй нийт долоон шүүгчтэй болоод байна. Үүнээс дөрөв нь АХБХ-ны элит шүүгч гэхээр Монгол шүүгчид олон улсын тавцанд зам мөрөө үлдээх цаг үе хэдийнээ эхэлжээ. Энэ хугацаанд Монгол улсаас анхны эмэгтэй АХБХ-ны элит шүүгч төрөн гарсан гэдгийг онцлохгүй байхын аргагүй.
Мөн тоглогч зохион байгуулагчийн сургалтыг тогтмол зохиож эхэлсэн бөгөөд 80 гаруй суралцагсдыг ажлын байраар ханган тэмцээн уралдаанууд дээр ажиллаж байна.
Тамирчдын амь нас эрүүл мэндийг хариуцдаг эмч нарын дунд дотоодын 10 удаагийн сургалтад зохион байгуулж клубүүдийн 83 эмч, түүнд туслах ажилчдыг хамруулсэн билээ.
“БУУРАЛ ТИВ МОНГОЛ ХӨЛБӨМБӨГЧДӨД ХОЛ БИШ”
Зөвхөн телевизээр л үздэг байсан премьер лиг, бундес лиг, ла лигийн мэргэжлийн хөлбөмбөгчидтэй манай шигшээ багийнхан тоглодог болсон. Энэ бол Монголын хөлбөмбөг нэг биш нэлээд хэдэн шат ахисны жишээ. Учир нь Монголын шигшээ баг түүхэндээ анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатны эхний давааг давж, мөрөөдөл мэт байсан эзэн зочин тоглолт хийдэг тэрхүү хэсгийн шатанд тоглодог болсон юм шүү дээ. Өрсөлдөгчид мэдээд хүчтэй. Европын топ таван лигт тоглодог нэрстэй манай шигшээ тулах нь бахархалтай сайхан.
Өөр бас нэгэн бахархууштай зүйл бол Монгол хүн анх удаа Европын хөлбөмбөгийн клубтэй мэргэжлийн хөлбөмбөгчний гэрээ байгуулсан явдал юм. Унгарын алдарт хөлбөмбөгчин Ференц Пушкашийн нэрэмжит академид нийт 16 Монгол хөвгүүд суралцаж, Г.Ганбаяр маань одоо ч Европ тивд тоглосоор байна.
Ирээдүйд олон Монгол залуус Европ тивд тоглох гүүр тавигдсан нь энэ найман жилийн нэг том бахархал мөнөөсөө мөн.
“ХӨЛБӨМБӨГИЙН САЙХНЫГ ХҮН БҮРД”
Монголын хөлбөмбөгийн холбооны эрхэм зорилго бол Монгол улс даяар хаан спортыг хүртээмжтэй хөгжүүлэх явдал билээ. Үүний тулд зүлэг ногоон талбайг олноор байгуулж, хүүхэд залуус, хөлбөмбөгчин болох хүсэлтэй хүн бүрд орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгөх их чухал.
АХБХ, ОУХБХ-ны төсөл хөтөлбөрүүдэд идэвхтэй хамрагдаж, шаргуу ажиллаж Төв, Орхон, Ховд, Дархан-Уул, Булган, Завхан, Увс, Баянхонгор аймгуудад жижиг талбайг бүтээн байгуулсан юм.
Түүгээр ч зогсохгүй Улаанбаатар хотод 79-р сургууль, 24-р сургууль, ТТД сургууль, 2-р сургууль, 34-р сургууль, 52-р сургуульд жижиг талбайг босгож олон мянган хүүхэд багачуудад хөлбөмбөг тоглох орчин нөхөцлийг бүрдүүлээд байна.
Үүнээс гадна Монгол хөлбөмбөгчдийн толгойн өвчин болсон цаг уурын давагдашгүй хүчин зүйлийг шийдэж, төв аймагт шигшээ багуудын бэлтгэлийн баазыг байгуулж, битүү дээвэртэй гайхалтай бүтээн байгуулалтыг босгоод байна. Уг бэлтгэлийн баазад жилийн дөрвөн улиралд бэлтгэл сургуулилт хийх боломжтойгоос гадна зарим тэмцээн уралдаануудыг зохион байгуулах нөхцөл бололцоо бүрдсэн юм.
А.Ганбаатар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хийгдсэн бүтээн байгуулалтын зах нь л энэ бөгөөд МХБХ-ны байрны өнгө төрх, цэнгэлдэх хүрээлэн орчмын өнгө үзэмж, футзалын ордны тохижилт, олон улсын стандартын зүлэг гээд асар олон зүйлсийг дурдаж болно.
“ОЛОН УЛС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭР ХҮНД”
Олон улсын байгууллагын хувьд тив дэлхийд нэр нөлөөтэй байна гэдэг Монгол улсын хөлбөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр болохуйц зүйл. Тэр олон төсөл хөтөлбөрүүд Монголын хөрсөнд амжилттай хэрэгжиж аймаг, нийслэл, хороо дүүрэг, сургуулиуд талбайтай болж, гадаад айлчлал, олон улсын тэмцээнүүдийг манай улсад зохионо гэдэг шууд утгаараа нэр төрийн хэрэг.
МХБХ-ны Ерөнхийлөгч Азийн Хөлбөмбөгийн Холбооны Дэд Ерөнхийлөгч болсон нь ганцхан хөлбөмбөгийн холбооны биш Монгол улсын хувьд түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон юм. Дээр дурдсанчлан холбооны ерөнхийлөгч би биш бид гэсэн сэтгэхүйгээр ажилдаа хандаж явдаг учраас Монгол тоглолт зохион байгуулагч, шүүгч нар, дасгалжуулагчид, мэргэжилтнүүдийн гадаад улс дахь албан томилгоо, ажил хэргийн замнал дардан байх болсон билээ.
Иш татвал С.Монголжингоо, Б.Болор гэсэн хоёр бүсгүй FIFA Master болж, О.Аззаяа, Л.Цолмонбаяр гэсэн хоёр залуу АХБХ-нд дадлагажигчаар ажиллаж, тоглолт зохион байгуулагч С.Жаргал, элит шүүгч Б.Хаш-Эрдэнэ нарын замнал илүү дэвшиж, Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны хууль эрх зүйн хороонд Э.Хүслэнзаяа, нийгмийн хариуцлагын хэлтэст Ч.Мөнхзул гээд тивийн холбоонд Монгол мэргэжилтнүүдийн нэр нөлөө үлэмж нэмэгдсэн гэдгийг дурдах нь зүйтэй.
“ТЭМЦЭЭН УРАЛДААНЫ ШАГНАЛЫН САН”
2015 онд Монголын Хөлбөмбөгийн Холбоо хөлбөмбөгийн 12 тэмцээн зохион байгуулдаг байсан бол одоо 17, футзалын найман тэмцээн явуулдаг байсан нь 13 болж өсөөд байна. Өмнө дурдсан олон тооны дасгалжуулагчдыг бэлдэж, эдгээр тэмцээн уралдаануудад оролцож буй багуудыг бэлтгэх, тамирчин, дасгалжуулагч, шүүгч гээд бүхий л талуудыг хөгжүүлэхийг анхааран ажиллаж буй.
Тэмцээн уралдаануудыг чанартай сайн зохион байгуулахаас гадна баг тамирчдын шагнал урамшууллыг үе шаттайгаар тогтмол нэмж ирсэн. Өмнөх үетэй харьцуулахад МХБХ-ны тэмцээн уралдаануудыг шагналын сан одоо асар их нэмэгдсэн байгаа.
Хөлбөмбөгийн дээд лигийн шагналын сан 100’000’000 /нэг зуун сая/ 1’000’000’000 /нэг тэрбум/ болж өссөн бол футзалын дээд лигийн шагналын сан 6’000’000-аас /зургаан сая/ 190’000’000 /зуун ерЭн сая/ эмэгтэйчүүдийн лигийн шагналын сан 9’000’000-аас /есөн сая/ 110’000’000 сая болж нэмэгдээд байгаа юм.
Олон хүний хүлээлтээс даван ажиллаж, Монголын хөлбөмбөгийг хэдэн шат ахиулсан найман жил үдэн өнгөрч 7-р сарын 3-нд А.Ганбаатар Ерөнхийлөгчийн ажлаа нэр төртэйгөөр дараагийн хүндээ хүлээлгэн өгөх гэж байна.
Монголын хөлбөмбөгийн эв нэгдэл, эрхэм зорилго, хүсэл тэмүүллийн төлөө нэг зорилгын төлөө хамтран ажилласан хамт олон, хөлбөмбөгийн зүтгэлтэнүүд баяр хүргэе.
Олон мянган хүүхэд залуус, хөлбөмбөгчид, дасгалжуулагчид, шүүгчид, энэ спортын зүрх сэтгэлтэй хүн бүрийн зорьсон зорилго, мөрөөдөлд нь хүрэхэд тусалж дэмжин, Монголын хөлбөмбөгийн нэр төрийн тив дэлхийд өндөрт өргөж явсан А.Ганбаатар танд гүн талархал илэрхийлье.