Дэлхий

Францын үймээн хөрш Бельги, Швейцарьт тархжээ

Нийтэлсэн

Франц улсад хэдэн өдрийн турш үргэлжилж буй үймээн хөрш улсуудад тархжээ. Тодруулбал,  өнгөрсөн долоо хоногт Бельгид тархсан үймээн  нэг шөнийн дотор Швейцарь руу хальсан байна. Бельгийн нийслэл Брюссель хотод өнгөрсөн Пүрэв гаригт 10 орчим хүнийг саатуулж, жагсагчдын тавьсан хэд хэдэн гал түймрийг унтраасан байна.

Швейцарийн Лозанна хотод цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарсан бөгөөд ихэнх нь залуучууд байв. Лозанна хотод үймээний үеэр хэд хэдэн дэлгүүрийн цонхыг хагалсаны бөгөөд долоон хүн баривчлагдсан нь өсвөр насныхан байжээ. Швейцарийн франц хэлээр ярьдаг баруун хэсэгт байрладаг хотын төвд Бямба гаригийн шөнө 100 орчим хүн цугларчээ. Залуус цагдаа нар руу чулуу шидэж байсан бөгөөд хэн нэгэн шатамхай шингэнтэй лонхыг хууль сахиулагч нар руу шидсэн гэнэ.

Швейцарийн цагдаа нар Португал, Сомали, Босни, Швейцарь, Гүрж, Сербийн иргэншилтэй 15-17 насны зургаан хүнийг баривчилжээ. Тэд мөн 24 настай швейцарь залууг саатуулсан байна. Үймээний үеэр цагдаагийн албан хаагчид бэртэж гэмтээгүй.

Франц улс орон даяар таван шөнө дараалан үймээн самуун болсон. Марсель хотод шөнөжингөө цагдаа нар болон үймээчдийн хооронд ноцтой мөргөлдөөн гарчээ. Парисын захын Нантерре дүүрэгт цагдаа нар Алжир гаралтай 17 настай хүүг буудан хөнөөсний дараа үймээн самуун эхэлсэн юм. Францад цагдаагийн хүчирхийлэл, арьс өнгөөр ялгаварлах үзлийг эсэргүүцэн гарсан эсэргүүцлийн жагсаал үймээн болон хувирсан бөгөөд тэмцэгчдийн олонх нь залуус байгаа юм.

Exit mobile version