Дэлхий
Украины газар нутгаас дэлхийн хоёрдугаар дайны үед Зөвлөлтийн ашиглаж байсан Британийн нисэх онгоцны сэг олджээ
Дэлхийн хоёрдугаар дайны үед ашиглаж байсан Их Британийн “Hurricane” загварын найман ширхэг байлдааны нисэх онгоцны үлдэгдлийг илрүүлснээ Украины эрх баригчид мэдээлжээ.
Онгоцнуудын үлдэгдэл Киев хотоос өмнө зүгт оршдог ойгоос олдсон байна.
Энэ олдвор нь тухайн үед Нацист Германы эсрэг дайнд холбоотон байсан Британийн засгийн газар Зөвлөлтийн улаан армид зэвсэг техникийн тусламж үзүүлж байсны баталгаа юм.
“Ийм онгоцны үлдэгдэл Украины нутаг дэвсгэрээс олдсон нь маш ховор тохиолдол юм. Өмнө нь лэнд-лиз тусламжийн хүрээнд илгээсэн байлдааны онгоц огт олдож байгаагүй тул манай агаарын зэвсэгт хүчний түүхэнд маш чухал олдвор болж байна” гэж малтлагыг удирдсан агаарын хүчний нисгэгч асан Олекс Штан ярьжээ.
Британийн арлуудын ойролцоох агаарын тулаанд Нацист Германы нисэх онгоцнуудын талаас илүүг устгаж байсан Hurricane загварын онгоцноос 3,000 орчмыг 1941-1944 оны хооронд Зөвлөлт Холбоот Улсад илгээж байсан гэдэг.
“Hurricane бол хүчтэй, жолоодоход хялбар нисэх онгоц байсан. Туршлагагүй нисгэгчдэд хүртэл тохиромжтой, маш найдвартай онгоц байлаа” гэж Штан ярьжээ.
Зарим түүхчдийн өгүүлснээр Зөвлөлтийн удирдлагууд лэнд-лизийн хүрээнд илгээсэн байлдааны зэвсэг техникийн төлбөрийг төлөхөөс зайлсхийхийн тулд дайны дараа зориуд эвдэж, булж байсан гэдэг.
Тэдгээрийн нэг хэсэг энэ олдвор байж болзошгүй гэж судлаачид үзэж байна.
Украины Үндэсний Агаарын Хүчний Музей одоо олдсон онгоцнуудын үлдэгдлийг сэргээн засварлаад нийтэд үзүүлэхээр төлөвлөжээ.
Өнгөрсөн сарын дундуур Днепр мөрөн дээрх Каховкагийн усан далан дэлбэрч, хоосорсны дараа ёроолоос нь дэлхийн хоёрдугаар дайны үед амь үрэгдсэн цэргүүдийн цогцсын үлдэгдлүүд олноор илэрсэн юм.
Эх сурвалж: The Guardian