Дэлхий
Өмнөд Солонгосын парламентын дэд дарга чуулганы үеэр хувийн мессэж бичсэндээ уучлал гуйв
Өмнөд Солонгосын парламент буюу Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү саяхан нэгдсэн чуулганы үеэр танилтайгаа хувийн мессэж солилцож байгаа нь хэвлэлийн дуранд өртсөн юм.
Тэрбээр өчигдөр энэхүү ёс бус үйлдэлдээ олон нийтээс уучлал гуйжээ.
Өнгөрсөн долоо хоногт тэрбээр Японы Хоккайдо аралд аялах талаар гар утсаараа текст мессэж бичиж байгаа нь камерт бичигдсэн юм.
Парламентад дөрвөн удаа сонгогдсон Ким Ён Жү нь гол сөрөг хүчин Солонгосын Ардчилсан Намын гишүүн ажээ.
Тухайн чуулганы хуралдааны үеэр сөрөг хүчнийхэн Фүкүшимагийн цөмийн реакторын хөргөлтөд ашигласан усыг далайд асгах Япон улсын төлөвлөгөөг эсэргүүцсэн тогтоол гаргахыг эрх баригчдаас шаардаж байсан юм.
Тиймээс дэд даргын мессэжийн агуулга асуудлыг улам хүндрүүлжээ.
“Фүкүшимагийн хордсон усыг далайд асгахыг эсэргүүцсэн тогтоолыг хэлэлцэх үеэр миний харилцсан хувийн мессэжээс болж маргаан үүссэнд ард түмэн, намын гишүүдээсээ уучлал гуйж байна. Чуулганы хуралдааны үеэр хувийн мессэж солилцох нь илт буруу үйлдэл юм. Нийгмийн зүтгэлтнийхээ хувьд би цаашдаа илүү болгоомжтой байх болно” гэж тэр Фэйсбүүк хуудсандаа бичсэн байна.
Эх сурвалж: Yonhap News