CRI Монгол радио
Бодит нөхцөл байдлыг сайтар таньж ойлгох нь хамгийн чухал болоод байна
Америкийн Сангийн сайд Жанет Йеллен Хятадад хийсэн дөрөв хоногийн айлчлалаа энэ сарын 9-нд өндөрлүүлэв. Өнгөрсөн хэдэн өдрийн уулзалт, хэлэлцээний үеэр харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа хоёр талын аль аль нь илэрхийлжээ. Хятадын албаны хүмүүс “Үндэсний аюулгүй байдлыг бүх зүйлтэй холбох” нь эдийн засаг, худалдааны хэвийн солилцоонд сөргөөр нөлөөлнө гэдгийг онцлон тэмдэглэсэн бол Жанет Йеллен Америк Хятадын эдийн засгаас “салах” эрмэлзэлгүй гэдгийг дахин нотолж, Америк, Хятадын эдийн засгийг “Харилцан ашигтай, хамтаар хожих” замаар хөгжүүлэхийн төлөө хичээхээ амлав.
Жанет Йеллен энэ сард Хятадад айлчилсан Америкийн засгийн газрын хоёр дахь өндөр албан тушаалтан болж байна. Үүнээс өмнө Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мөн айлчилсан юм. Хоёр талын хамтарсан мэдэгдлээс үзвэл, Жанет Йеллений энэ удаагийн айлчлал нь Хятад, Америк хоёр улс бие биеийнхээ санаа зовнилыг илүү гүнзгий, иж бүрэн ойлголцох боломжийг олгосон бөгөөд хоёр тал мөн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн түгшүүрийг тодорхой хэмжээгээр бууруулж, гадаадын зарим хэвлэл үүнийг “эерэг алхам” хэмээн тэмдэглэсэн байна.
Мөн дээрх мэдэгдлээс дүгнэхэд, энэ удаагийн яриа хэлэлцээ “ажил хэрэгч” болсон хэмээн хоёр тал үзэж байна. Түүнчлэн сүүлийн хэдэн өдөр Хятадын албаныхантай хийсэн уулзалт “Шууд бөгөөд үр дүнтэй” болсон гэж айлчлалынхаа төгсгөлд Жанет Йеллен мэдэгджээ. Ямартай ч Хятад, Америкийн харилцаа дипломат харилцаа тогтоосноос хойших хамгийн доод түвшиндээ хүрсэн энэ үед хоёр талын эдгээр мэдэгдэл нь хоёр орны харилцааг зөөлрүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлтийг хангахад тустай юм. Гэвч үүнтэй зэрэгцэн Жанет Йеллен “үндэсний аюулгүй байдал” гэгчээ ярьж, эдийн засгийн “шударга” дүрэм журам боловсруулна гэж мэдэгдсээр байгааг олон улсын анхаарлын төвөөс зайлсангүй. Тэгвэл Хятадын эсрэг Америкийн авсан хориг арга хэмжээ болон хязгаарлалтад санаа зовж байгаагаа Хятад улс илэрхийлсэн байна. Энэ нь Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг сайжруулах тал дээр санал зөрөлдөөн байсаар байгааг, ялангуяа Америкт хийх зүйл их байгааг харуулж байна хэмээн шинжээчид онцолжээ.
Өдгөө Хятад улс Хятад маягийн шинэчлэлийг ахиулж байгаа бөгөөд Америк зэрэг дэлхийн улс орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хамтын хөгжлийг ахиулахад бэлэн байна. Америкийн хувьд Хятад улс асар том зах зээл бөгөөд Хятадтай хамтран ажиллах нь өөрсдийнх нь хувьд ч гэсэн ажил эрхлэлтийг дэмжих, инфляцыг бууруулахад тустай юм. JPMorgan Chase-ийн тооцоолсноор, Америкийн Сангийн яам өрийн дээд хэмжээг нэмэгдүүлснээс хойш долоон сарын дотор нийтдээ 1.1 их наяд ам.долларын төрийн бондыг гаргаж магадгүй байна. Хэрэв хилийн чанад дахь худалдан авагчид Америкийн төрийн бондоос татгалзвал тус орон томоохон асуудалтай тулгарах болно гэдгийг шинжээчид онцолжээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны мөн чанарыг хүлээн зөвшөөрч байж л Америкийн тал “тайвширч”, ард түмэндээ бодитой ашиг тусаа өгөх зүйл хийх талаар сэтгэж эхлэх болно.
Үүний зэрэгцээ Америк улс эдийн засаг, улс төрийг ангид байлгахын тулд хичээх шаардлагатай байна. Үнэн хэрэгтээ Америк Хятадтай хийсэн худалдааны дайны хохирлыг өөрөө төлсөөр байна. Moody’s агентлагийн судалгаагаар Америк-Хятадын худалдааны дайны үед үүссэн тарифын зардлын 90 гаруй хувийг Америкийн тал хариуцаж байна. Мөн Америк худалдааны алдагдлыг арилгах гэсэн анхны чухал зорилгоо ч биелүүлж чадаагүй юм. Америкийн статистикийн дагуу, тус орны Хятадтай хийсэн барааны худалдааны алдагдал өнгөрсөн онд 8 хувиар нэмэгдэж, 382.9 тэрбум ам.долларт хүрчээ. Одоогийн байдлаар Америк улс Хятадын 1000 гаруй компанийг хоригийн жагсаалтад оруулаад байна. Мөн Америкийн засгийн газар Хятадад хөрөнгө оруулахыг хязгаарласан захирамжийг батална гэж байна. Иймд Хятад улс энэ удаад Жанет Йелленд хандан эдийн засгийн хамтын ажиллагааг улстөржүүлж, үндэсний аюулгүй байдлыг бүх зүйлтэй дэндүү холбох нь хоёр орны хөгжилд төдийгүй дэлхийн эдийн засагт маш сөрөг муу үр дагавар учруулна гэдгийг онцолсон юм. Америкийн одоо хийх ёстой зүйл бол Хятадад ногдуулсан татвараа аль болох хурдан цуцалж, Хятад руу хийх экспортын хяналтаа сулруулж, Хятадын компаниудад тавьсан хориг арга хэмжээгээ цуцалж, хоёр орны аж ахуйн нэгжүүд худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх явдал юм.
Дэлхийн банкнаас гаргасан хамгийн сүүлийн үеийн “Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн тайлан”-д дэлхийн эдийн засгийн өсөлт 2022 онд 3.1 хувь байсан бол 2023 онд 2.1 хувь болж буурах төлөвтэй байна гэдгийг онцолжээ. Хятад, Америкийн эдийн засгийн нийт хэмжээ дэлхийн эдийн засгийн гуравны нэгээс давж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд 50 гаруй хувийн үүрэг гүйцэтгэж байдаг тул хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэх нь дэлхийн эдийн засагт чухал ач холбогдолтой нь тодорхой юм. Энэ он гарснаас хойш Америкийн олон аж ахуйн нэгжийн удирдлагууд, бизнес эрхлэгчид Хятадад ирж эдийн засаг, худалдааны салбарт Хятад улсаас “салах”-ыг эсэргүүцэж, Хятадтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг уриалсан нь засгийн газрынх нь бодлого шийдвэр тэднийг ямар их зовоож байгаагийн тод жишээ юм. Тиймд эдгээр бодит нөхцөл байдлыг сайтар таньж ойлгох нь Америкийн төр засгийн хувьд хамгийн чухал болоод байна.