CRI Монгол радио

Дэлхий нийтээрээ эсэргүүцээд байхад барууныхан яагаад дуугүй сууна?

Нийтэлсэн

7-р сарын 10-нд Олон улсын атомын эрчим хүчний агентлаг Фукушимагийн цөмийн бохирдсон усыг далайд цутгах төлөвлөгөөний үнэлгээний тайланг нийтэлснээс хойш Номхон далайн арлын орнууд, Филиппин, Индонези, Өмнөд Африк, Перу, Хятад, Өмнөд Солонгос зэрэг олон улсын хамтын нийгэмлэг цөмийн бохир усаа далайд цутгах Японы төлөвлөгөөг эсэргүүцэж байгаа юм. Харин Америк тэргүүтэй барууны орнуудын байр суурь нэг л сонин болоод байна.

ОУАЭХА тайлан нийтэлсний дараа, Америкийн Төрийн департамент мэдэгдэл хийж, энэхүү тайлан, тэрчлэн Японы төлөвлөгөөг “дэмжиж” байгаагаа мэдэгдсэн бөгөөд Японы төлөвлөгөө маш маргаантай, шинжлэх ухааны үндэслэл муутай байгаа тухайд “чихгүй толгой” шиг дүнсийж сууна.

Фүкүшимагийн цөмийн бохирдсон усанд 60 гаруй төрлийн радионуклид агуулагддаг болохыг олон шалгалт судалгаагаар тогтоосон байдаг. Японы тал мөн ALPS технологиор цэвэршүүлсэн цөмийн бохирдсон усны 70 орчим хувь нь далайд цутгах стандартын шаардлага хангахгүй байгааг хүлээн зөвшөөрсөн. Германы Тэнгисийн шинжлэх ухааны хүрээлэнгийн судалгаагаар Фукушимагийн эрэг дагуу дэлхийн хамгийн хүчтэй далайн урсгал байдаг тул цацраг идэвхт бодисыг далайд цутгаснаас хойш 57 хоногийн дотор Номхон далайн ихэнх хэсэгт тархах болно. Түүнчлэн цөмийн бохирдсон усыг ирэх 30 гаруй жил далайд тасралтгүй цутгах нь далайн экологийн орчныг сүйтгэхээс гадна хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулна. НҮБ-ын хорт бодис, хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн Маркос Ореллана саяхан Японы төлөвлөгөө нь хүний эрхэнд асар их эрсдэл учруулж байгааг онцолжээ.

Ийм их хор уршиг, эрсдэл дагуулсан төлөвлөгөөг хэрэгжүүлэх гээд байхад барууны орнууд яагаад “санаа амар” сууж чадаж байна? Үүний гол шалтгаан нь даруй Японы эл төлөвлөгөө, үйлдэл нь барууны орнуудын “хар түүх”, хувиа хичээсэн стратегитай шууд холбоотой болно.

Америкаар жишээлье. Лос Анжелес Таймс сонины мэдээлснээр, АНУ 1940-1950-иад онд Маршаллын арлуудад 67 удаа цөмийн туршилт хийжээ. Ялангуяа 1954 оны 3-р сарын 1-нд АНУ-ын арми Маршаллын арлуудын Бикини атолл дээр хамгийн хүчирхэг цөмийн зэвсгүүдийн нэг болох “Castle Bravo” устөрөгчийн бөмбөгийг дэлбэлсэн бол энэхүү устөрөгчийн бөмбөгийн хөнөөх хүч нь Хирошимад хаясан атомын бөмбөгийн 1000 дахинтай тэнцэж байв. Түүнчлэн АНУ Невада мужийн цөмийн туршилтын талбайгаас 130 гаруй тонн бохирдсон хөрсийг Маршаллын арлууд руу зөөж хаясан. Өнөөдрийг хүртэл АНУ эдгээр гэм буруугаа үл тоомсорлож, нөхөн төлбөрийн асуудлаар “үнэ хаялцсаар байгаа” нь дэлхий даяар олон нийтийн дургүйцлийг төрүүлж байна. Тэгэхээр тэнгис далайд цөмийн бохирдлыг бий болгох “санаачлагч”-ын нэг нь өөрөө учраас АНУ-ын зүгээс Япон цөмийн бохир усаа далайд цутгах төлөвлөгөөг “зөвшөөрч” байгааг ойлгож ядах юм алга.

Олон жилийн турш Америк бүх хүмүүсийн “хүний эрх”-ийг хамгаална гэж хашхирсаар ирсэн ч бодит байдал дээр хүний эрх биш харин ноёрхлыг эрэлхийлж, ард түмэн биш улс төрийн хувийн ашиг сонирхолд тэмүүлж ирсэн нь тодорхой юм. Мөн цөмийн бохирдсон усыг далайд цутгах зэрэг томоохон үйл явдлын үеэр зөвхөн хөгжиж буй орнуудад “анхаарлаа төвлөрүүлэхээс биш” холбоотныхоо сөрөг муу үйлдлийг хараагүй юм шиг дуугүй хүлцэх барууны зарим орон хэр зэрэг хоёр нүүртэй, хир их хуурамч болохыг нэг ёсондоо дахин илчилж байна.

Exit mobile version