Дэлхий
Өмнөд Африкийн эрх баригчид Владимир Путинийг нутаг дэвсгэртээ ирүүлэхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлжээ
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс (ӨАБНУ) ирэх сард BRICS-ийн дээд хэмжээний чуулганыг эх орондоо зохион байгуулахаар бэлдэж байгаа юм.
BRICS нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк гэсэн улсуудын холбоо бөгөөд Их Долоогийн бүлэгтэй өрсөлдөх зорилготой байгуулагдаж байв.
Наймдугаар сарын 22-нд BRICS-ийн дээд чуулган ӨАБНУ-ын Йоханнесбург хотод эхлэх гэж байна.
Зохион байгуулагч орны хувьд тулгараад байгаа хэцүү асуудал нь уг арга хэмжээнд ОХУ-ын ерөнхийлөгч оролцвол яах тухай юм.
Олон Улсын Эрүүгийн Хэргийн Шүүх өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг дайны гэмт хэрэгтэй холбогдуулан баривчлах тушаал гаргасан юм. Тодруулбал Украинд үйлдэгдсэн дайны гэмт хэргүүд, Украины хүүхдүүдийг хулгайлсан зэрэг хэргүүдтэй холбоотой ийм шийдвэр гаргаж байлаа.
Ингэснээр тус байгууллагын гишүүн орнууд Ромын Гэрээний дагуу Путинийг газар нутагт нь ирсэн тохиолдолд шууд баривчлах үүрэгтэй болоод байгаа.
ӨАБНУ нь Олон Улсын Эрүүгийн Хэргийн Шүүхийн гишүүн орон юм.
Баасан гарагт тус улсын дэд ерөнхийлөгч орон нутгийн хэвлэлд ярихдаа Путинийг ирүүлэхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлжээ.
“Тэр ирэхгүй бол бид баяртай байх болно. Манай улс Ромын Гэрээнд нэгдсэн. Гэхдээ бид хэн нэгнийг урьчхаад баривчилмааргүй байна. Гэртээ урьсан зочныг баривчлахтай адилхан үйл явдал болох гээд байна. Тиймээс тэр ирэхгүй байх нь бидний хувьд хамгийн зөв шийдэл юм. Оросуудад энэ таалагдахгүй байх нь тодорхой. Тэд ерөнхийлөгчөө ирүүлэхийг хүсэж байгаа” гэж ӨАБНУ-ын дэд ерөнхийлөгч Пол Машатиле хэвлэлд ярьсан байна.
Дараа нь тэр “Financial Times” сонинд өгсөн ярилцлагадаа “ӨАБНУ-ын засгийн газар Олон Улсын Эрүүгийн Хэргийн Шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлаар Оросын талтай ярилцаж байна” гэжээ.
Өнгөрсөн онд Хятадад зохион байгуулагдсан BRICS-ийн дээд хэмжээний чуулганд Владимир Путин зайнаас оролцож байв.
Энэ жилийн чуулганд тэр биечлэн оролцох эсэх талаар Кремлийн хэвлэлийн алба одоогоор мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: Business Insider