Энтертайнмент

Твиттер Илон Маскийн удирдлагаас хойш зар сурталчилгааны орлогын тал хувиа алджээ

Нийтэлсэн

  • Зургаадугаар сард төлөвлөсөн байсан орлогын нэмэгдэл орж ирээгүй гэв
  • Улмаар Твиттерийн мөнгөн урсгал сөрөг үзүүлэлттэй гарчээ
  • Твиттертэй төстэй “Threads” аппликейшн өдгөө 150 сая гаруй хэрэглэгчтэй болоод байна

Илон Маск аравдугаар сард Твиттерийг худалдаж авснаас хойш тус компани зар сурталчилгааны орлогынхоо тал хувийг алдсан байна. Маскийн хэлж буйгаар зургаадугаар сард төлөвлөсөн байсан орлогын нэмэгдэл орж ирээгүй гэв.

Зар сурталчилгааны орлого буурснаар Твиттерийн мөнгөн урсгал сөрөг үзүүлэлттэй гарчээ. Энэ талаар Маск “Бид нэн тэргүүнд мөнгөн урсгалаа хэвийн болгох шаардлагатай” хэмээн Твиттер хуудсандаа жиргэсэн байна.

Илон Маск өнгөрсөн онд Твиттерийг худалдаж авмагцаа зардлыг багасгах зорилгоор компанийн тал ажилчдыг халсан юм.

Энэ сарын эхээр Твиттерээс хэрэглэгчдийн өдөрт унших жиргээний тоог хязгаарлах өөрчлөлт хийж буйг зарласан. Хүлээн зөвшөөрөгдсөн буюу цэнхэр тэмдэгтэй хэрэглэгчид өдөрт 10 мянган жиргээ унших боломжтой. Харин цэнхэр тэмдэггүй хэрэглэгчид өдөрт мянгыг унших горимтой болсон.

Харин Мета компаниас Твиттертэй төстэй “Threads” гэх шинэ аппликейшныг саяхан зах зээлд гаргасан. Тус аппликейшн хэрэглэгчдийн уншилтад хязгаар тавихгүйгээ мэдэгдэж байв.

Өдгөө 150 сая гаруй хэрэглэгчтэй болсон тус аппликейшнд Инстаграм хаягаараа нэвтрэх боломжтой тул хоёр тэрбум гаруй хэрэглэгчийг татна гэж харж байгаа аж.

Эх сурвалж: ВВС

Exit mobile version