Энтертайнмент

Ёкозүна Г.Ган-Эрдэнэ өнөөдөр монгол заншлаараа хуримлана

Нийтэлсэн

Мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ эх орондоо ирээд байна. Аварга амрахаас гадна шинэ номынхоо нээлтийг хийж, мөн Японд болсон хуримын ёслолоо Монголдоо үргэлжлүүлж, ах дүүс, найз нөхөдтэйгөө уулзахаар төлөвлөжээ.

“Ангалын ёроолоос өгсөх маргааш” нэртэй түүний номын нээлт өчигдөр “Интерном” дэлгүүрт болсон бол өнөөдөр түүний Гэрлэх ёслолын Монгол дахь цайллага болно.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнгөрсөн зургаадугаар сарын 11-нд хоёр жил хойшлуулсан хуримаа Японд хийж, хосуудын хуримын ёслолд озэки Такакэйшо, озэки асан Кайо, хип хоп дуучин AK-69, дуучин Хироши Ицүки, Акира Кобаяши, Тэрүнофүжигийн дотны найз, олимп, дэлхийн аварга жүдоч Шохэй Оно тэргүүтэй 800 орчим зочид оролцож байсан билээ.

Аваргын эхнэрийг Ц.Доржханд гэдэг бөгөөд Кёкүтэнхо Н.Цэвэгнямын ойрын төрөл гэдэг. Хосууд Японд ахлах сургуульд сурдаг байхдаа танилцсан ба өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хүүтэй болж, хүүдээ Тэмүүжин гэж нэр хайрласан.

Тэрүнофүжи аваргын Гэрлэх ёслолын Монгол дахь цайллагад оролцохоор Олимп, Дэлхийн аварга Хифүми Абэ нарын алдартнууд Японоос ирсэн байна.

Сонирхуулахад, түүний “Ангалын ёроолоос өгсөх маргааш” ном нь хоёр жилийн өмнө Японд хэвлэгдэн, бестселлер болж байсан юм. Номыг сэтгүүлч Х.Эрдэнэцэцэг орчуулж,  Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, зохиолч М.Уянсүх редакторложээ.

Гэмтэл бэртэл, өвчин зовлон гээд олон бэрхшээлтэй тулгарч, озкэи цолоо алдан, жонидан зиндаа хүртэл унасан ч шантрашгүй зан, шаргуу хөдөлмөрийнхөө ачаар дахин өгсөж, сүмогийн оргил ёкозүна цол хүртсэн Тэрүнофүжигийн түүх, замнал энэхүү номоор дамжин, олон хүнд амьдрах итгэл, хичээн зүтгэх сэтгэлийн хүч хайрлах биз ээ.

Exit mobile version