CRI Монгол радио

Мауи арлын түймэр Америкийн улс төрчдийг сэрээж чадах уу?

Нийтэлсэн

Олон зуун хүн амь үрэгдэж, олон мянган хүн сураггүй болж, олон мянган байшин барилга нурсан… Орон нутгийн цагаар 17-ны өдрийн байдлаар Хавайн Мауи аралд гарсан түймрийг хяналтдаа бүрэн авч чадаагүй хэвээр байна. “Эргэн тойрон эл хуль, эгээ л дайны талбар мэт харагдаж байна”, “Манай хот диваажингаас там болон хувирсан”, “Бидэнд галын дохиолол, нүүлгэн шилжүүлэх ямар ч заавар ирээгүй”, “Хэрэв аврах ажиллагаа муу байгаагүй бол олон хүн амьд үлдэх байсан” …. Хэвлэл мэдээллээр, олон нийтийн платформ дээр америкчууд уур хилэн, гомдлоо ийн илэрхийлж байна.

Энэ нь АНУ-д сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд гарсан хамгийн том ой хээрийн түймэр болжээ. Түймэр хэрхэн үүссэн бэ? Хүчтэй салхи, хуурай уур амьсгал, шатамхай ургамал гэх мэт байгалийн нөхцөл байдлын шалтгаан бий. Гэвч илүү дэлгэрэнгүй мэдээллүүд ил болохын хэрээр өнгөрсөн хугацаанд АНУ-д гарсан олон ослын нэгэн адил Мауигийн ой хээрийн түймрийн осол нь байгалийн гамшгийн шалтгаан байсан бөгөөд мөн хүний хүчин зүйлээс шалтгаалсан гамшиг болох нь тогтоогдож байна.

Дэлхийн супер гүрний хувьд АНУ-д мөнгө ч дутахгүй, технологи ч дутахгүй байдаг ч гамшгаас аврах чадавхи нь ихээхэн шүүмжлэлд өртөж байна. 2021 онд Флорида мужид барилга нурсан, 2023 онд Охайо мужид галт тэрэг замаасаа гарсан, Мауид ой хээрийн түймрийн эмгэнэлт хэрэг гарч буй нь Америкчуу “Америк маягийн авран туслах аргад цөхөрсөн” гэдгийг удаа дараа харуулж байна.

АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Хавай мужид олон нийтийн аюулгүй байдлын урьдчилсан сэрэмжлүүлгийн систем олон бөгөөд 400 орчим дуут дохионы 80 нь Мауи аралд байрлуулсан байна. Харин Мауи арлыг гал түймэр бүхэлд нь хамарах үед эдгээр дуут дохио нэг ч дуугараагүй. Орон нутгийн цагаар 15-ны өдөр Мауи арлын нэгэн оршин суугч олон нийтийн цахим сүлжээнд нэгэн бичлэг нийтэлж, бичлэгт нийтийн цахилгааны шугамыг салхинд хийсгэж, хуурай өвсийг шатааж, түймэр хурдацтай тархаж байгааг харуулжээ. Засгийн газар цахилгааныг цаг тухайд нь унтраагаагүйгээс болж гал түймрийн эрч нэмэгдсэн гэж иргэд шүүмжилж байна. Нэмж дурдахад, Келли Шелл хэмээх орон нутгийн рестораны эзэн нийгмийн сүлжээнд бичсэн нийтлэлдээ, Мауи арал нь орон нутгийн армиас ердөө 100 милийн зайд оршдог, гэвч гал түймэр гарснаас хойш 72 цагийн дараа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин, эмнэлгийн хөлөг онгоц, нисдэг тэрэг, арми сая газар дээр нь ирж, байгалийн гамшгаас аврах техник хэрэгслийг авчирсан гэжээ. Гамшгийн дараах үр дүнтэй аврах ажиллагааг АНУ-ын засгийн газар зохион байгуулаагүй, харин орон нутгийн иргэд зохион байгуулсан гэж “Вашингтон пост” онцолжээ.

Сайн боловсронгуй дохиоллын систем доголдож, аврах багийнхан цаг алдаж, АНУ-ын асар том арми юу ч хийж чадаагүй…. АНУ-ын гамшгаас аврах чадвар муу байгаагийн цаана улстөрчид ард түмний зовлон жаргалыг хайхрамжгүй байгаа хандлагыг харуулж байна.

Америкийн улс төрчид яагаад амралтаараа тайван амарч, Мауид болсон гамшгийг тоохгүй байна вэ? Энэхүү хайхрамжгүй байдал нь АНУ-ын өрсөлдөөнт намуудын улс төрөөс үүдэлтэй бөгөөд иймэрхүү улс төрийн гол хөдөлгүүр нь сонгуулийн санал юм. Хавай бол АНУ-ын хилийн чанад дахь нутаг дэвсгэр бөгөөд Мауи арлын оршин суугчдын дийлэнх нь уугуул америкчууд юм. Америкийн улс төрчид энэ бүлэг хүмүүсийн ашиг сонирхлыг үргэлж үл тоомсорлодог бөгөөд тэдэнд санаа тавих хүсэл эрмэлзэл, татах хүч байдаггүй. Хавай бол Ардчилсан намын саналын тойрог учраас Байден дараагийн бүх нийтийн сонгуульд ямар ч хамаагүй Хавайн саналыг авна гэж бодож магадгүй гэж АНУ-ын зарим хэвлэлүүд онцолжээ. Сонгогчдын саналаар эргэлддэг энэхүү сонгуулийн тоглоом нь Америкийн улстөрчдийн аминч үзлийг улам бадрааж, эцэстээ байгалийн гамшиг нь иргэдийн зовлон болон хувирч, хүний ​алтан ​амь эрсдэж байна.

Одоо Мауи дахь хээрийн түймийг хяналтдаа авч чадахгүй хэвээр байна. Гал түймэр нь америкчуудын гэр орныг шатаан сүйтгэсэн төдийгүй улс төрчдийн идэвхгүй байдал, Америкийн тогтолцооны сул талыг ч “шатааж” байна. Гамшигт нэрвэгдэгсдийн уй гашуу, гадаад ертөнцийн хүчтэй шүүмжлэлийн өмнө амралтаа аваад буцаж буй Америкийн улс төрчид сонор сэрэмжтэй байж чадах болов уу. Олон улсын асуудалд гар дүрж, гал дээр тос нэмэхээ больж, дотоодын гал түймэртэй тэмцэн, иргэдээ гал усны гамшгийг аврахад анхаарлаа хандуулах нь зүйтэй болов уу.

Exit mobile version