CRI Монгол радио

БРИКС-ийн нөлөө олон улсын тавцанд нэмэгдэж, дэлхийн эдийн засгийн хүчирхэг нэг хөдөлгүүр болоод байна

Нийтэлсэн

Бразил, Орос, Энэтхэг, Хятад болон Өмнөд Африк гэсэн таван гишүүн орон бүхий БРИКС бүлгийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт Өмнөд Африкийн Йоханнесбург хотноо болж байна. “Харилцан хурдацтай өсөлт, тогтвортой хөгжил ба хүртээмжтэй олон талт үзлийн төлөөх түншлэл” хэмээх сэдвийн хүрээнд болж буй дээд хэмжээний уулзалт энэ өдрүүдэд дэлхий нийтийн анхаарлын төвд байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Бразилийн Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва нар буюу одоогийн гишүүн таван орны дөрвийнх нь удирдагчид энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцож байна. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийн биеэр оролцоогүй ч Гадаад харилцааны сайд Сергей Лавровыг бие төлөөлөгчөөрөө илгээсэн байна. Ковид-19 цар тахлаас улбаатай хязгаарлалтын улмаас БРИКС-ийн удирдагчид сүүлийн гурван жилийн хугацаанд биечлэн уулзаж чадаагүй байсан билээ.

Өнгөрсөн 17 жилийн хөгжлийн явцад БРИКС-ийн хамтын ажиллагааны үндэс суурь бэхжиж, хамтын ажиллагааны чиглэлүүд аажмаар өргөжин тэлж, хамтын ажиллагаа нь улам бүр үр өгөөжтэй болсоор байна. БРИКС-ийн хамтын ажиллагааны механизм нь олон улсын хамтын нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдөж, хөгжиж буй олон улс орны итгэл, дэмжлэгийг хүлээж, олон улсын үйл хэрэгт эерэг бөгөөд тогтвортой хүчин хэдийн болоод байна.

БРИКС-ийн хамтын ажиллагааны амжилтын туршлага нь хөгжлөө түргэтгэж, тусгаар тогтнол, бие даасан байдлаа хадгалан хамгаалахыг эрмэлзэгч хөгжиж буй орнуудын итгэл болон дэмжлэгийг бүрэн хүлээж, тус бүлэгт нэгдэх хүсэлтэй улс орнуудын тоо олширсоор байна. БРИКС-ийн гишүүнчлэлийг өргөжүүлэх нь энэ жилийн дээд хэмжээний уулзалтын гол сэдэв. Тодруулбал, БРИКС-ийн удирдагчид гишүүнчлэлээ өргөжүүлэх, тухайлбал улс орнуудыг хэрхэн элсүүлэх журам, шалгуурыг одоо авч хэлэлцэж байна.

Өмнөд Африкийн БРИКС хариуцсан элчин төлөөлөгч Анил Сооклалын хэлснээр, Аргентин, Нигери, Иран, Беларусь, Саудын Араб болон Индонез зэрэг 22 улс орон БРИКС-ийн бүрэн эрхт гишүүн болох хүсэлтээ албан ёсоор гаргаад байгаа аж. Мөн ижил тооны улс орон БРИКС-т бүрэн эрхт гишүүнээр элсэх хүсэлтэй буйгаа албан бусаар илэрхийлээд байна. БРИКС-т нэгдэх хүсэлтэй хөгжиж буй орнуудын тоо ийнхүү нэмэгдэж буй нь тус бүлгийн олон улсын тавцан дахь нэр хүнд, нөлөө нэмэгдэж, харилцан ашигтай бөгөөд хүртээмжтэй хамтран ажиллаж чаддаг болохыг нь нотлон харуулж байна.

БРИКС нь өнгөрсөн жилүүдэд хөгжиж буй орнуудын эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааны чухал платформ болон хөгжсөн. Тус бүлэг нь хамтын ажиллагааны цар хүрээгээ тэлж, гишүүн орнуудынхаа эдийн засгийн өсөлтөд хөшүүрэг болж, дэлхийн эдийн засгийн засаглалын хүрээнд шинэ эрч хүч нэмж, олон талт, олон туйлт хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжсээр байна.

Өдгөө БРИКС-ийн гишүүн орнууд нь дэлхийн хүн амын 42 хувийг эзэлж, дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөвний нэг болон гадаад худалдааны 20 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна.

Гишүүнчлэлээ өргөжүүлснээр БРИКС нь олон улсын тавцанд илүү нөлөө бүхий болж, дуу хоолойгоо илүү чангаар хүргэж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд илүү их хувь нэмэр оруулна гэсэн үг.

БРИКС нээлттэй бөгөөд хүртээмжтэй байхыг эрхэмлэдэг учраас л өөр өөр соёл иргэншил, тогтолцоо, хөгжлийн замтай улс орнуудтай хамтран ажиллахад хэзээд бэлэн байж, хөгжиж буй орнууд эв нэгдлээ бэхжүүлж, харилцан ашигтай хамтран ажиллаж чаддаг болохыг үлгэрлэж байна.

БРИКС гишүүнчлэлээ амжилттай өргөжүүлээд зогсохгүй олон талт хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд хүргэж чадна гэдэгт шинжээчид эргэлзэхгүй байна. Мөн БРИКС нь олон улс орныг эв нэгдэл, хүртээмжтэй байдал, хамтын хөгжил цэцэглэлт бүхий хөгжлийн замд хөтлөх нь гарцаагүй.

Г.Солонго

Exit mobile version