CRI Монгол радио

Ши Жиньпин, Хун Манай нар уулзав

Нийтэлсэн

Өнөөдөр, 15-нд Хятад улсын дарга Ши Жиньпин АИХ-ын ордонд Хятадад айлчилж буй Камбожийн ерөнхий сайд Хун Манайтай уулзалт хийв.
Ши Жиньпин хэлэхдээ, ерөнхий сайд Хун Манай шинэ албан тушаалд томилогдоод анхны айлчлалаа Хятад улсаас эхэлж байгаа нь хоёр орны найрамдлыг бэхжүүлэх, хөгжүүлэхэд Камбожийн шинэ засгийн газар чухал ач холбогдол өгч байгааг харуулж байна. Хоёр орон дипломат харилцаа тогтоогоод 65 жил болж байна. Энэ урт хугацаанд хоёр тал өндөр түвшинд, эрх тэгш харилцаж, хоёр талын үндэсний бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг тууштай хамгаалж ирсэн юм. Найрсаг харилцааны түүх нь Хятад Камбожийн хувь заяаны нэгдмэл цогцын гол агуулга болж ирсэн юм. Энэ онд хоёр улс өндөр чанартай, өндөр түвшний, өндөр стандарт бүхий Хятад Камбожийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах шинэ эрин үе рүү алхан орж байна. Хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулах замналаа гүнзгийрүүлэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.
Тэрбээр цааш нь нэмж хэлэхдээ, Камбож улс хөгжлийн онцлогтоо тохирсон өөрийн замыг эрэлхийлж буйг Хятад улс тууштай дэмжиж, стратегийн харилцаа холбоог тогтвортой хадгалж, засаглалын талаарх туршлагаа солилцоход бэлэн байна. Бид Камбожтой хууль сахиулж аюулгүй байдлаа бататгахад хамтран ажиллаж, цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулах, харилцаа холбооны залилан хийх зэрэг хил дамнасан гэмт хэрэгтэй идэвхтэй тэмцэнэ. Мөн “Хятад Камбожийн найрамдлын жил” цуврал арга хэмжээг үргэлжлүүлж хоёр орны залуучуудын харилцааг дэмжинэ. Түүнчлэн орон нутаг болоод боловсрол, аялал жуулчлал, анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, ард иргэдэд илүү их үр өгөөж хүртээх болно гэжээ.
Хун Манай хэлэхдээ, Камбож “Нэг Хятадын зарчим”-ыг тууштай баримталж, Хятадын язгуур ашиг сонирхохыг тууштай хамгаалж ирсэн. Энэ бодлогоо цаашид уламжлан хадгална. Бид хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, “Бүс ба Зам”-ын хамтын бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлж, хоёр орны аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн болон соёлын солилцооны салбарт Хятад улстай нягт хамтран ажиллаж, Камбож Хятадын хувь заяаны нэгдмэл цогц байгуулж, хоёр ард түмэнд илүү их үр өгөөж хүртээхийг зорино гэв.
Exit mobile version