CRI Монгол радио

Дэлгүүр дээрэмдэх хачин үзэгдэл Америкт хэрхэн бий болсон бэ?

Нийтэлсэн

Сүүлийн хэдэн хоногт Америкийн сошиал орчинд хүмүүс “түргэн шуурхай тонон дээрэмдэлтийн ард юу байна вэ гэвэл үнэндээ зохион байгуулалттай гэмт хэрэг” хэмээн бичиж уур бухимдлаа илэрхийлсээр байна. Сошиал сүлжээ ашиглан нэгдсэн хэсэг бүлэг хүмүүс худалдаа дэлгүүрт дайран орж бараа цөлмөж, булаасан бараагаа аван маш түргэн зугтан зайлахад дэлгүүр хоосрон үлддэг нь энэ үзэгдлийн нийтлэг дүр зураг болжээ. Дэлгүүрийн барааг дээрэмдэн тонох энэ үзэгдлийг Америкчууд “үнэгүй худалдан авалт” хэмээн ёжлох болжээ. “Үнэгүй худалдан авалт” гэдэг үг анх худалдаачин марктингийн арга заль байсан боловч өнөө харин Америкийн жижиглэн дэлгүүрийн хар дарсан зүүд болжээ.

Лос Анжелесийн “Нортбридж Молл” худалдааны төвийн Масис дэлгүүрийн шил лангууг эвдлэн 20 мянган ам.долларын үнэрт ус хулгайлан авч явжээ. Лос Анжелесийн дээд зэрэглэлийн “Нордстром” томоохон дэлгүүрийг хэдэн арван хүн тоносон байна. Калифорниа муж улсын Глендейл хотын Ив Сен Лорентын дэлгүүр дээрэмдүүлж, ойролцоогоор 300 мянган ам.долларын бараагаа алджээ. Сүүлийн үед Америкт ийм хэрэг тасралтгүй гардаг болсон бөгөөд ер нь сүүлийн жилүүдэд ийм явдал байнга гарах болсон.

АНУ-ын Жижиглэн худалдааны холбооны тайлангаас үзэхэд, Америкт 2022 онд жижиглэн борлуулалтын салбарт чиглэсэн зохион байгуулалттай гэмт хэрэг 2021 оныхоос 26.5 хувиар нэмэгдсэн байна. 2021 онд Америкийн жижиглэн борлуулалтын салбарын холбогдох хохирол 94.5 тэрбум ам.доллар хүрсэн нь 2020 онд 90.8 тэрбум ам.доллар байснаас хол давжээ. Ийм гамшиг болсон байдалд жижиглэнгийн дэлгүүрүүд бараагаа цоожлохоос өөр аргагүй болжээ. Америкийн томоохон худалдаа дэлгүүр, эмийн сүлжээ дэлгүүр, гэрийн тавилга, барилгын материалын дэлгүүрүүд сэтгэл түгшиж буйгаа мэдүүлсэн байна. Америкийн Волгрийнс эмийн сүлжээний төлөөлөгч Фил Карусо хэлэхдээ, Сан Франциско дахь бүх салбар дэлгүүрийн аюулгүйн баталгааны зардал улсын сүлжээ дэлгүүрүүдийн дундаж түвшний 46 дахинд хүрэв гэжээ.“Худалдан авалт”-ын диваажин гэгддэг Лос Анжелест ч цөөн бус жижиглэнгийн дэлгүүр үүдээ хаажээ.

Тонон дээрэмдэлт ингэж газар авсан байхад Америкийн цагдаа нар хууль сахиулахаа улам ч чангатгах ёстой биз? Харин тийм биш, Америкийн цагдаагийн байгууллага “ажилтан олдохгүй” байдалд нүүрлэж байна. Гэмт хэрэг хэт олон, ажлын эрчим өндөр, цагдаа иргэдийн зөрчил зэрэг шалтгаан байгаа тул Америкт цагдаагийн ажил төрлийг хүмүүс тоохоо больж буй талаар тухайн нутгийн хэвлэлийнхэн мэдээлжээ. Америкийн цагдаагийн засаг захиргааны судалгааны форумын нийтэлсэн судалгаанаас үзэхэд, 2022 онд Америкийн цагдаагийн байгууллагын ажлаа хаясан хүний тоо 2019 оныхоос 47 хувиар нэмэгджээ. Гэмт хэрэг олон, цагдаа цөөн тул хууль сахиулахад хүндрэлтэй нь мэдээж хэрэг юм.

“Тонон дээрэмдэх” үзэгдэл Америкт газар авсаар буйн гүнзгий шалтгаан нь чухам юу юм?“Олон улсын тойм”-ын тоймч Америкийн мэдээллийн хэрэгслийн энэ онд мэдээлсэн “тонон дээрэмдэлт”-ын тухай холбогдох мэдээллийг хайж үзлээ. Америкийн Хөдөлмөрийн яамны тоо бүртгэлээс үзэхэд, тус улсын 8 дугаар сарын ажилгүйдлийн үзүүлэлт өмнөх сараас 0.3 нэгж нэмэгдэн, 2022 оны 2 дугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ. Өндөр инфляц, амьдралын өртөг өндөр байгаа тул зарим америкчууд ядаж хүнсний бүтээгдэхүүн, сав бензин ч авч чадахгүй байна.

Энэ үзэгдэл нь Америкийн эдийн засгийн сүүлийн үеийн “сайн үзүүлэлт”-ээс асар их ялгаатай байх шиг юм. 2023 оны эхний хагаст Америкийн ДНБ 2 хувь гаруйгаар өссөнийг Америкийн Худалдааны яамны статистик харуулсан бөгөөд гадныхан нэгэн үе үүнийг “урьдчилсан төсөөллөөс давлаа” гэцгээж байв. Гэтэл бодит байдал хүмүүсийн санаснаас будлиантай байна. Америкийн эрчим хүчний мэдээллийн төвийн статистикээс үзэхэд, энэ оны 1-5 сард Америкийн худалдаа, аж үйлдвэр, оршин суугчдын цахилгаан эрчим хүч ашигласан хэмжээ ноднингийн мөн үеэс багасаж, 3 хувь, 2 хувь болон 7 хувиар тус тус буурчээ.

Ийнхүү Америкийн эдийн засгийн үзүүлэлт хоорондоо зөрчилтэй байгаа тул “Америкийн эдийн засаг үнэндээ сайн уу, эсвэл муу юу” гэдэг нь хүмүүсийн ярилцдаг халуун сэдэв болжээ.

Үүний зэрэгцээ, “тонон дээрэмдэх” үзэгдэл нь Америкийн нийгмийн баян ядуугийн асар их зөрүүг харуулж байна гэж зарим шинжээчид үзжээ. Америкийн Холбооны нөөцийн сангийн гэр бүлийн эд хөрөнгийн тухай тайлангаас үзэхэд, 2021 оны сүүлчийн улиралд Америкийн хүн амын 1 хувийг эзэлдэг хамгийн баян хүмүүсийн эд хөрөнгө 45.9 их наяд ам.доллар хүрсэн нь шинэ тэмдэглэл тогтоож, цар тахлын хугацаанд 1\3 буюу 12 их наяд гаруй ам.доллароор нэмэгдсэн байна. Харин 2020 онд Америкийн ядуурлын үзүүлэлт 11.4 хувь байсан нь 2019 оныхоос 0.9 нэгж өсжээ. Эдүгээ Америкт 37 сая иргэдийн амьдрал нь ядуу хүндрэлтэй байна. Дэлхийн хамгийн хүчирхэг капиталист орны хувьд Америкийн “хөгжин бадарсан” гадар төрх нь баян ядуугаар ялгарсан нийгмийн шарх сорвийг нь халхалж чадахгүй.

АНУ-ын Худалдааны танхимын гүйцэтгэгч дэд дарга Нил Брэдли хэлэхдээ, жижиглэн худалдаа Америкт жил бүр дөрөвний нэгийн ажлын байр хангадаг. Жижиглэн борлуулалт хохирох нь Америкийн эдийн засагт хохирол дагуулах нь дамжиггүй. “Үнэгүй худалдан авалт”, “тонон дээрэмдэх” хачин үзэгдэл бий болсон нь гэнэтийн биш бөгөөд Америкийн эдийн засгийн бүтцийн доголдол, нийгмийнзасаглалын учир дутагдлыг тусгаж байна. Хэрэв бүх зүйл ингэж үргэлжилбэл Америкийн эдийн засаг зохицуулалтаа алдаж, нийгэм эмх замбараагүй муу эргэлтэд орж болзошгүй гэсэн байна.

Exit mobile version