Дэлхий

92 настай хэвлэлийн магнат бүх эрх мэдлээ хүүдээ шилжүүллээ

Нийтэлсэн

Америкийн хэвлэлийн магнат 92 настай Руперт Мердок бүх албан тушаалаа ууган хүүдээ шилжүүлэх шийдвэрийг өчигдөр гаргажээ.

Тухайлбал тэр Fox News группийн толгой компани Fox Corp болон News Corp компаниудын ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буухаар болсон байна.

Түүний хүү Лаклан Мердок өнөөдрөөс News Corp-ийн  ерөнхийлөгч, Fox Corp-ийн гүйцэтгэх захирлаар үргэлжлүүлэн ажиллах ажээ.

Харин ахмад Мердок дээрх хоёр компанийн хүндэт ерөнхийлөгчийн статустай болох гэнэ.

Руперт Мердокийн мэдэлд Fox News сувгаас гадна Wall Street Journal, New York Post сонинууд байдаг юм. Консерватив чиг баримтлалтай түүний хэвлэл мэдээллийн хэрэгслүүд АНУ-ын улс төрд чухал нөлөөтэй.

“Би шинэ албан тушаалынхаа хүрээнд өдөр тутмын ажил үйлсэд санаа бодлоо нэмэрлэж байхаа амлаж байна. Манай компаниуд бол нэг том хамт олон бөгөөд би уг хамт олны идэвхтэй гишүүн юм. Би өөрийн сувгуудыг шүүмжлэгчийн нүдээр үзэж, сонин, вэб сайтууд, ном хэвлэлүүдийг анхааралтай уншиж байх болно” гэж Мердок мэдэгджээ.

Австралид төрсөн магнат шийдвэрээ яагаад одоо гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Сонирхолтой нь ирэх долоо хоногт Майкл Вольфын бичсэн Мердокын намтар ном “The End of Fox News” нэртэйгээр худалдаанд гарах юм.

 

Эх сурвалж: Associated Press

Exit mobile version