Дэлхий

Хятад улс хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд чухал түүхий эд болдог хоёр эрдсийн экспортыг хязгаарлажээ

Нийтэлсэн

Лхагва гарагт нийтлэгдсэн Хятад улсын гаалийн тайлан мэдээнээс үзвэл өнгөрсөн сард тус улс хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд ашиглагддаг чухал түүхий эд болох хоёр төрлийн газрын ховор элементийн экспортыг хязгаарлажээ.

Тус улс галлийн дэлхийн хэрэгцээний 80 хувийг, германий 60 хувийг хангадаг юм.

Харин наймдугаар сард энэ хоёр элементийн экспорт бүрэн зогссоныг гаалийн тайлан мэдээнээс харж болохоор байна. Өмнөх долдугаар сард нь Хятад улс 5.15 тонн галли, 8.1 тонн германи гадаад зах зээлд нийлүүлж байжээ.

Пүрэв гарагт сэтгүүлчид Хятадын худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгчөөс наймдугаар сард яагаад экспорт зогссоныг асуухад тодорхой хариулт өгөөгүй байна.

Долдугаар сард Бээжингийн эрх баригчид үндэсний аюулгүй байдлыг хангах үндэслэлээр дээрх хоёр элементийн экспортын хяналтыг чангатгах шийдвэрээ зарлаж байв.

Тухайлбал наймдугаар сарын 1-нээс эхлэн дээрх хоёр элементийг экспортлох компаниуд тусгай зөвшөөрөл авдаг болох тухай мэдээлж байжээ.

Галли, германи элементүүдийг компьютерын чипээс эхлээд нарны эрчим хүчний хавтан зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнд ашигладаг юм.

Сүүлийн жилүүдэд Америк-Хятадын худалдааны дайн, геополитикийн өрсөлдөөн ширүүссэн, цар тахлын дараах Хятадын эдийн засгийн сэргэлт удааширсан зэрэг хүчин зүйлүүд уг экспортын хязгаарлалтад нөлөөлсөн гэж ажиглагчид үзэж байна.

Өнгөрсөн оны аравдугаар сард ерөнхийлөгч Байдены засаг захиргаа өндөр технологийн хагас дамжуулагч чипүүд, тэдгээрийн тоног төхөөрөмжүүдийг Хятадын компаниудад нийлүүлэхэд хатуу хязгаарлалт тавьсан юм.

Гэхдээ АНУ дангаараа ийм хориг тавих боломжгүй тул энэ оны эхээр Япон, Нидерланд улсууд уг хөдөлгөөнд нэгдсэн байна.

Хариуд нь Хятадын тал АНУ-ын чип үйлдвэрлэгч Micron компанид кибер аюулгүй байдлын шалгалт оруулж, дараа нь дөрөвдүгээр сараас эхлэн тус компанийн бүтээгдэхүүнүүдийг чухал дэд бүтцийн төслүүдэд ашиглахыг хориглож байлаа.

Гэсэн хэдий ч өнгөрсөн сард Huawei компани өндөр технологийн хагас дамжуулагч эд ангиар тоноглогдсон Mate 60 Pro ухаалаг гар утсаа зах зээлд танилцуулсан нь дэлхийн технологийн ертөнцөд дуулиан дэгдээсэн юм.

Энэ шинэ бүтээгдэхүүн АНУ-ыг хагас дамжуулагчийн хоригоо улам чангатгахад хүргэж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.

 

Эх сурвалж: CNN

Exit mobile version