Улс төр

Л.Оюун-Эрдэнэ В.Путинтай хос цариг, төмөр зам ярихаас гадна шатахууны ТОГТВОРТОЙ нийлүүлэлт ярих шаардлагатай боллоо

Нийтэлсэн

ОХУ-ын Засгийн газар Беларусь, Казахстан, Киргизстан, Армениас  бусад улс орнууд  руу хийх  бензин шатахууны экспортоо тодорхойгүй хугацаагаар зогсоохоор шийдвэрлэснээ мэдэгдээд байна.

Энэ нь тус улсаас шатахууны хамааралтай манай улсын хувьд анхаарал татсан мэдээлэл юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ оны зургадугаар сард ОХУ-д албан ёсны айлчлал хийхдээ,  “Роснефть” ХН-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал И.Сечинтэй уулзалт хийсэн.

Уулзалтаар,  талууд ирээдүйд тохиох эрсдэл, давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж нийлүүлэлт тасалдсан тохиолдолд зайлшгүй үүсэх нөхцөл байдлыг хөндөн ярилцаж, авах арга хэмжээний талаар тохиролцсон гэх мэдээллийг өгч байсан.

Тухайлбал, энэ оны зургадугаар сард Монгол Улсын төмөр замын ачааллаас үүдэлтэйгээр хойшлогдсон газрын тосны нийлүүлэлтийг ирэх саруудад  нөхөхөөр тохирлоо гэж байсан.

Наймдугаар сард,  “Роснефть” ХН-ийн Ангарскын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд  30 хоногийн хугацаатай төлөвлөгөөт засварын ажлыг гүйцэтгэх болсонтой холбогдуулан Монгол Улс руу экспортлох шатахууны хэмжээг бууруулах болсон тухайгаа тухайн үед Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд мэдэгдээд байсан юм. Харин УИХ-ын даргын  уулзалтаар төлөвлөгөөт засварын ажлын өмнө буюу 6, 7 дугаар сард Монгол Улсад нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэхээр тохирч байв.

Тэгвэл энэ удаа ОХУ дээрх дөрвөн орноос бусад улс руу шатахуун нийлүүлэлтээ зогсоох тухай мэдэгдэж буй нь манай эрх баригчдын хувьд улс төрийн ээлжит яриа хэлэлцээ хийх, тохирох шаардлагыг дагуулж байна.

Тодотгоход, Ерөнхий сайд удахгүй ОХУ-д айлчилна гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд, хос царигийн төмөр зам, хурдны зам ярихаас гадна шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг ярих нь чухал сэдэв болох нь.

Exit mobile version