CRI Монгол радио
Тогтвортой хөгжлийн зорилтууд ба БНХАУ-ын хүчин чармайлт
НҮБ-ын гишүүн орнууд хүн төрөлхтөн ба эх дэлхийгээ хамгаалахын зэрэгцээ дэлхийн эдийн засгийн хөгжил цэцэглэлт, нийгмийн сайн сайхан байдлыг хөхиүлэн дэмжих зорилгоор 2015 онд Нью-Йорк хотноо 17 зорилт бүхий “Тогтвортой хөгжлийн зорилт (ТХЗ)-2030” хөтөлбөрийг баталсан түүхтэй.
ТХЗ-уудад хүрэхээр товлосон хугацааны тал нь өнгөрөөд буй бөгөөд товлосон хугацаанд багтан эдгээр зорилтыг биелүүлж чадах эсэх нь өдгөө эргэлзээтэй, олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Тиймээс ТХЗ-уудын хэрэгжилтийг хурдасгах, тэдгээрт хүрэх хүчин чармайлтыг идэвхжүүлэх зорилгоор НҮБ “ТХЗ-2023” дээд хэмжээний уулзалтыг энэ сарын 18-19-нд Нью-Йорк хотод зохион байгуулж, ТХЗ-уудад хүрэх ажлыг хурдасгах улс төрийн тунхаглалыг баталлаа.
Энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлэхдээ “ТХЗ бол зүгээр ч нэг зорилтуудын жагсаалт төдий зүйл биш. Тэдгээр нь дэлхийн өнцөг булан бүрд бий хүмүүсийн итгэл найдвар, хүсэл мөрөөдөл, эрх, хүлээлтийг тээж явдаг юм” гэсэн юм.
17 зорилт дотроо нийт 169 зорилтыг агуулж буй боловч одоогоор ердөө тэдгээрийн 15 хувь нь л хэрэгжих замдаа явж байгаа бол дийлэнх нь замаасаа “ухарсан” байдалтай байна гэж НҮБ-ын тэргүүн анхааруулаад, өлсгөлөнг бууруулах, сэргээгдэх эрчим хүч рүү хурдан шилжих, дижиталчлалын үр өгөөж, боломжийг илүү өргөн хүрээнд түгээх, хүүхэд залуучуудын боловсролыг сайжруулах, зохистой хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллыг сайжруулах болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авахыг дэлхий нийтэд уриалсан байна.
ТХЗ гэж чухам юу вэ?
“Тогтвортой хөгжлийн зорилт-2030” нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх зорилго бүхий олон улсын хамтын нийгэмлэгийн чухал зөвшилцөл, урт хугацааны бодлогын баримт бичиг юм. 17 зорилт нь үгээгүй ядуурлыг үндсээр нь устгах, өлсгөлөнг зогсоох, эрүүл мэндийг дэмжих, чанартай боловсролыг дэмжих, хүйсийн эрх, тэгш байдлыг хангах, баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх, эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байрыг бий болгох, инновац болон дэд бүтцийг нэмэгдүүлэх, тэгш бус байдлыг арилгах, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах зэргээс бүрдэж буй юм.
Ядуурлыг арилгах, өлсгөлөнтэй тэмцэх нь энэ хөтөлбөрийн гол цөм боловч 2022 оны байдлаар дэлхийн хэмжээнд 1.2 тэрбум хүн ядуу зүдүү амьдарч байна. Тэгвэл 2030 он гэхэд дэлхийн хүн амын 8 орчим хувь буюу 680 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэхээр буйг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгч Деннис Фрэнсис анхаарууллаа.
ТХЗ-уудыг хэрэгжүүлэхэд БНХАУ-ын оруулж буй хувь нэмэр
ТХЗ-уудад хүрэх хүчин чармайлтаараа БНХАУ дэлхийд манлайлж, тэдгээрийг хэрэгжүүлэхэд тогтвортой ахиц гаргасаар байна. НҮБ-ын гишүүн, дэлхийн хамгийн том хөгжиж буй орны хувьд ТХЗ-уудыг хэрэгжүүлэхэд Хятад улс идэвхтэй хүчин чармайлт гаргаж байна. Тухайлбал, дэлхийн хамгийн олон буюу 1.4 тэрбум хүн амтай тус улс үгээгүй ядуурлыг бууруулах зорилтыг төлөвлөсөн хугацаанаас даруй 10 жилийн өмнө биелүүлээд байна. Тодруулбал, тус улс ядуурлын шугамаас доогуур аж төрж байсан хөдөө орон нутгийн 98.99 сая хүнийг ядуурлаас ангижруулснаар ТХЗ-ын нэгдүгээр зорилтод хамгийн түрүүнд хүрч чадаад байна. Мөн Хятадын нэг хүнд ногдох ДНБ одоо 13 мянган ам.долларт дөхөж байна.
Түүнчлэн БНХАУ нь үндэсний дунд болон урт хугацааны бодлого, санаачилгууддаа ТХЗ-уудыг тусгаж өгөх замаар олон улсын хамтын нийгэмлэгийн энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтэд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Тухайлбал, ТХЗ-уудыг хэрэгжүүлэхэд дэлхий дахинд туслахын тулд БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2021 онд “Дэлхийн хөгжлийн санаачилга”-ыг /ДХС/ дэвшүүлсэн бөгөөд үүнийг НҮБ-аас гаргасан ТХЗ-уудыг дэлхийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг түргэсгэх чухал санаачилга гэж олон улсын хамтын нийгэмлэг болон шинжээчид үнэлж байна.
“Дэлхийн хөгжлийн санаачилга”-д НҮБ-ын ТХЗ-уудыг хэрэгжүүлэхэд туслах зорилгоор ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдал, тахлын эсрэг тэмцэх, хөгжлийн санхүүжилт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цахимжуулах, ногоон хөгжил зэрэг тэргүүлэх найман чиглэлийг тодорхойлон тусгаж өгсөн. Хятад улсын энэ санаачилгыг 100 гаруй улс орон болон олон улсын байгууллага дэмжиж буйгаа илэрхийлж, нэгдээд байгаа юм.
БНХАУ-ын ДХС нь дэлхийн хөгжлийн түншлэлийг идэвхжүүлж, олон улсын хөгжлийн нөөцийг дайчилж, хөгжлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, илүү хүчтэй, илүү ногоон, илүү эрүүл хөгжлийг хөхиүлэн дэмжиж, НҮБ-ын ТХЗ-уудыг товлосон хугацаанд амжиж хэрэгжүүлэхэд ихээхэн түлхэц өгнө гэж үзэж байна.
Мөн Хятад улс нь далай тэнгисийн экосистемийг хамгаалах, эрчим хүчийг үр ашигтай ашиглах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хуурай газрын экосистемийг хамгаалах зэргээр ТХЗ-уудад тусгасан зорилтуудыг биелүүлэхэд ихээхэн ахиц дэвшил гаргаад байна.
Түүнчлэн тус улс нь хүн ба байгаль эвсэг зохицонгуй зэрэгцэн орших уриалгыг дэвшүүлж, олон талт худалдааг тууштай дэмжиж, ногоон буюу нүүрстөрөгч багатай амьдралын хэв маягийг бий болгохын тулд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын оргил үеийг 2030 он гэхэд дуусгавар болгож, 2060 он гэхэд бохир хийн ялгаралгүй болгохын төлөө зүтгэж байна.
Г. Солонго