Дэлхий

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийтэлсэн

Ням гарагийн өглөө Туркийн нийслэл Анкара хот дахь дотоод хэргийн яамны байранд зэвсэгт халдлага гарсан байна.

Эхлээд нэг этгээд автомашинаасаа бууж ирээд яамны үүд рүү жижиг хэмжээний гар бөмбөг шидэж дэлбэлсэн нь хамгаалалтынхны анхаарлыг сарниулах зорилготой үйлдэл байжээ. Түүнийг хамгаалалтын албаныхан тэр дор нь буудаж аюулгүй болгосон байна.

Үүний дараа хоёр дахь этгээд яамны байрны үүдэнд биедээ зүүсэн бөмбөгийг дэлбэлж амиа золиосолжээ.

Энэ үеэр хамгаалалтын албаны хоёр офицер шархадсан байна.

Офицеруудын шарх амь насанд аюул учруулахааргүй байгааг Туркийн дотоод хэргийн сайд Али Ерликая сүүлд сэтгүүлчдэд мэдээлжээ.

Халдлага үйлдэгчид өмнөх өдөр нь Анкарагаас зүүн өмнө зүгт 260 км зайтай оршдог Кайсери хотын орчмоос автомашин дээрэмдсэнийг тогтоосон байна. Ингэхдээ тэд орон нутаг руу зорчиж байсан автомашины эзэн 24 настай малын эмчийн амийг хөнөөжээ.

Зэвсэгт халдлагыг Курдийн Ажилчдын Нам байгууллагатай холбоотой ажилладаг Үхэшгүй Мөнхийн Батальон гэгч бүлэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байна. Турк улс Курдийн Ажилчдын Намыг террорист байгууллага гэж үздэг.

Өчигдрийн халдлагаас хэдхэн цагийн дараа Туркийн парламентын намрын чуулган нээгдэх гэж байжээ.

Парламентын ордонтой ойр оршдог дотоод хэргийн яамны байрыг сонгож халдлага үйлдсэн нь үүнтэй холбоотойг зохион байгуулагч бүлэг тайлбарласан байна.

Парламентын чуулганы нээлтэд үг хэлэхдээ Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган “Манай ард иргэдийн амар амгалан, аюулгүй байдлыг бусниулах гэсэн бусармаг хүмүүс зорилгодоо хүрсэнгүй, хэзээ ч хүрэхгүй” гэж мэдэгджээ.

Үүний дараа Туркийн арми хөрш Ирак улсын хойд хязгаарт орогнодог Курдийн босогчдын байрлалуудад агаарын цохилт өгсөн байна.

Энэ үеэр босогчдын 20 байрлалыг устгаж, олон тооны террористыг устгаснаа Туркийн засгийн газар мэдээлжээ.

1970-аад оны үед байгуулагдсан Курдийн Ажилчдын Нам нь Марксист-Ленинист хөдөлгөөнөөс гаралтай бөгөөд 1984 оноос хойш тусгаар тогтносон Курд үндэстний улсыг байгуулах зорилгоор Туркийн засгийн газрын эсрэг зэвсэгт тэмцэл явуулж эхэлсэн юм.

1990-ээд оны үед тус байгууллага зорилгоо өөрчилж, Турк дэх курдүүдэд автономит эрх олгохыг Анкарагийн эрх баригчдаас шаардах болсон байна. Өнгөрсөн хугацаанд энэхүү зөрчил мөргөлдөөний улмаас нийтдээ 40,000 гаруй хүн амиа алдсан юм.

Курдийн босогчдын ихэнх нь одоо Турктэй хил залгаа Ирак, Сири улсуудын нутаг дэвсгэрт байрлаж байна.

Exit mobile version