Эдийн засаг
Гуйж, гуйж эхэлсэн ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙН СУРАГ ХААЧИВ?!
Уг нь бид 2022 онд газрын тос боловсруулах үйлдвэртэй болчих байлаа. Гэвч тэгсэнгүй. Дараа нь 2023 онд болгож нэг жилээр сунгаад, дараа нь дахиад л нэг жилээр сунган 2024 онд боловсруулах үйлдвэрийн барааг харахаар болсон. Сүүлд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн албан ёсны цахим хуудаснаас харвал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “2027 онд ашиглалтад оруул” гэж үүрэгдсэн гэх шив.
Үе, үеийн Засгийн газрын мөрөөдөл нь газрын тос байсаар ирсэн. Дотоодын багахан хэрэгцээгээ урд, хойд хөрш гэж царай алдалгүй өөрсдөө хангах хүсэл тээсээр ирсэн ч эвээ олохгүй байсаар 2015 онтой золгосон юм. Тэр жилийнх нь тавдугаар сард Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад айлчлан, найман жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоно гэдгээ амлав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллахдаа хэлсэн үгийг нь харвал зээл төлж эхэлснээс хойш хоёр жилийн дараа үйлдвэр ашиглалтад орох бололтой. Гаднын талаас зээл өгдөг юм байж. Хөрсөн дээр юу болж байгаа вэ гэдэг нь нэг асуудал. Одоо манай талаас боловсруулах түүхий тосны эх үүсвэр, нөөцийн тасалдалгүй байдлыг шийдэх ёстой. Түүнчлэн хий мөрөөдлийн тооцооллоо чамбайруулж, үндэслэл бүхий тооцоолол гаргах шаардлагатай. Үүнийг мөхөс бичээч би бус мэргэжлийн хүмүүс нь хэлээд байгаа юм. Төслийн албан ёсны мэдээллийг харвал Тосон уул, Тамсагийн ордоос түүхий тос татаж боловсруулна гэж мэдээлжээ. Дорнодын талаас татах түүхий тосны тээвэрлэлтэд, боловсруулах үйлдвэрийн стандартыг хангаж чадах эсэх нь нэн бэрх аж. Жилдээ 1.5 сая тонн газрын тос боловсруулах зорилготой энэ үйлдвэрээс шингэрүүлсэн шатдаг хий, авто бензин, дизель түлш, онгоцны түлш, зуухны түлш гарах ёстой.
Дорноговь аймгийн Алтанширээ суманд барих газрын тос боловсруулах үйлдвэрийн явц нэг ийм байна. Таван жилийн дотор их юм өөрчлөгджээ. Бид зээлийн хэмжээг 236 саяар нэмэгдүүлж, зээл төлөлтөө ч хойшлуулж, үйлдвэрийн ажил эхэлж байхад цар тахал дэгджээ. Цар тахлын өнгөн засаг солигдож, Ерөнхий сайд байсан нь Ерөнхийлөгч болж, Засгийн сайд байсан нь Ерөнхий сайд болжээ. Энэ хооронд гэхдээ нэг зүйл өөрчлөгдөөгүй юм шүү. МАН засагласан хэвээр…
Цагийн өнгөн дээр улстөрчдийн байр байдал, зэрэг зиндаа дээшилсэн болохоос Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсонгүй. Үеийн үед их гүрнүүдийн ашиг сонирхол нь газрын тосны салбар байсаар ирсэн. Сонгуулийн өнгөөр бүрэлдсэн Засгийн газар бүр 2011 оноос хойш найман жилд таван удаа газрын тос боловсруулах шийдвэр гаргаж байлаа. Гэвч шийдвэрүүд цаасан дээр үлдэж, хөрөнгө оруулагч хайсаар байсан. Зарим эдийн засагчид газрын тосны үйлдвэр барих нь эдийн засгийн үр өгөөж багатайн дээр, импортлогчдын татварын орлогыг алдах эрсдэлтэй гэлцэх нь ч бий. Ямар ч гэсэн үйлдвэрийн ажил эхэлдгээрээ эхэлсэн. Харин хэзээ вэ гэдэг нь асуулт хэвээр үлджээ. Нэг сонгуулийн өнгийг үзсэн энэ төсөл одоо дараагийн сонгуулийн өнгийг үзэх нь…
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН