Дэлхий

Оросын хэд хэдэн хотод Вагнер группийн үүсгэн байгуулагч Пригожинийг эцсийн замд нь үдэх ёслол болжээ

Нийтэлсэн

Украины дайнд чухал үүрэг гүйцэтгэсэн Вагнер хувийн зэвсэгт хүчний компанийн үүсгэн байгуулагч Евгений Пригожинийг эцсийн замд нь үдэх ёслол Ням гарагт Оросын хэд хэдэн хотод зохион байгуулагджээ.

Үнэн алдартны шашинд талийгаачийн сүнс нас барснаас нь хойш 40 хоногийн дараа там, диваажингийн аль нэг рүү явдаг гэж номлодог.

Наймдугаар сарын 23-ны өдөр Москвагаас Санкт-Петербургийн чиглэлд зорчиж яваад нисэх онгоцтойгоо осолдсон Пригожиний 40 хоног нь өчигдөр тохиосон юм.

Тэрбээр нас барахаасаа яг хоёр сарын өмнө Москвагийн эрх баригчдын эсрэг зэвсэгт бослого гаргаж байв.

Санкт-Петербург хотын оршуулгын газар дахь булшин дээр ньөчигдөр түүний ээж Виолетта, хүү Павел болон Вагнер группийн дайчид, дэмжигчид нар салах ёс гүйцэтгэжээ.

Нийслэл Москвагаас гадна Оросын өөр хэд хэдэн хотод ийм арга хэмжээ зохион байгуулагдсан байна.

Харин Оросын төв телевиз болон төрийн өндөр албан тушаалтнууд энэ талаар чимээгүй өнгөрсөн юм.

“Түүнийг зарим үйлдлийнх нь төлөө шүүмжилж болно. Гэхдээ тэр дэлхийн өөр өөр тивд эх орныхоо эрх ашгийг хамгаалсан эх оронч байсан юм. Тэрбээр хүмүүсийн хайр хүндлэлийг хүлээдэг, хамгийн чухал нь дайчид болон ард түмэнтэйгээ ойр хүн байсан. Тиймээс тэр эх орондоо ч, гадаадад ч алдаршсан юм” гэж Вагнер группийн Телеграм хуудсанд бичжээ.

Зэвсэгт бослогын дараа Москвагийн эрх баригчид Вагнер группийг татан буулгаж, хөлсний цэргүүдийг нь батлан хамгаалах яаманд харьяалуулах болсон. Зарим хэсгийг нь хөрш Беларусийн нутагт шилжүүлсэн юм.

Гэхдээ Пригожиний байгуулсан хувийн армийн бүтэц, үйл ажиллагааны арга барилыг Украины дайнд ашиглах сонирхол нь хэвээр байгааг сүүлийн үеийн үйл явдлууд харуулж байгаа.

Тухайлбал өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус группийн командлагчдын нэг Андрей Трошевтой уулзаж, сайн дурын армийн бүтцийг “цэргийн тусгай ажиллагаанд” хэрхэн үр дүнтэй ашиглах боломжийн талаар ярилцсан тухай Кремлийн хэвлэлийн алба Баасан гарагт мэдээлсэн юм.

 

Эх сурвалж: Aljazeera

Exit mobile version