Эдийн засаг
Б.Жавхлан: Орон нутгийн иргэдээр бүтээн байгуулалтуудыг нь эрэмблүүлж, хөрөнгө оруулалтдаа тусгасан
Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан. Тиймээс өчигдөр Сангийн сайд сэтгүүлчидтэй уулзалт хийж, ирэх оны төсвийн талаар мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Сангийн сайдаас дараах тодруулгыг авлаа.
-Ирэх оны төсвийн төслийг өргөн барьсан. Энэ удаагийн төсвийн гол онцлог нь юу байх вэ?
-Энэ дөрвөн жил нийгэм, эдийн засгийн хувьд маш хариуцлагатай үе боллоо. Эхний хоёр жил нь дэлхий нийтийг хамарсан цар тахалтай байж, их том сорилттой нүүр туллаа. Сүүлийн жилийн хугацаанд геополитикийн асуудал манай улсын хувьд нэлээд хүнд туслаа. Гэсэн хэдий боловч Засгийн газрын зүгээс шат дараатай эдийн засаг, эрүүл мэндээ аврах, эдийн засгаа тогтворжуулах, өсөлтийг бий болгох, ил тод болгох арга хэмжээнүүдийг авч ажилсан. Үүний үр дүн ч гарч эдийн засаг маань тогтворжиж ирж байна. Өнгөрсөн 2022 оны жилийн эцсээр эдийн засгийн макро тоонууд маань маш сайн үзүүлэлттэй гарч, алдагдал буурсан. Цар тахлын үед дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хасах таван хувьд хүрсэн байсан бол энэ жил нэмэх зургаан хувьд хүрч байна.
Мөн энэ дөрвөн жилд гадаад өр, зээлийн хувьд ч гэсэн сүүлийн 33 жилийн хугацаанд хамгийн их төлөлт хийсэн үе байлаа. Тийм ч учраас гадаад өр, зээлээс шалтгаалсан дефолт зарлах эрсдлээс бүрэн гарч чадсан. Иймээс ирэх онд эдийн засгаа улам тогтворжуулах, цаашлаад 2030 он гэхэд нэг хүнд ногдох үндэсний орлогоо 10 мянган ам.долларт хүргэх зорилтыг баталгаажуулах жил болгоно гэж зорьж байгаа.
-Ирэх оны төсвийн алдагдал хэр байх вэ?
-Өнгөрсөн 2021 онд ДНБ-ий 12 хувьтай тэнцэх буюу 8.8 их наяд төгрөгийн алдагдалтай төсвөөр ковидын хэцүү үеийг давж гарсан. Дараа жил нь дөрвөн их наяд, өнгөрсөн жил 2.8 их наядын алдагдалтай байсан. Ингээд бид төсвийн тусгай шаардлагаараа шат дараатай буулгах хуультай. Тиймээс ирэх онд энэ тоо ДНБ-ий 2.8 хувьд барих ёстой хуультай. Энэ хуулийнхаа заалтыг яг нарийн бариад орж байгаа.
-Ирэх оны хувьд хөрөнгө оруулалтууд хэр байх вэ. Сонгуулийн жил учраас нэлээд амлалттай төсөв болох нь гэсэн яриа гарч байна л даа?
-Сонгуулийнх ч бай, үгүй ч бай хөрөнгө оруулалт хийгдэх ёстой. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтаар дамжиж төрийн үйлчилгээ иргэддээ хүрч байдаг. Эрүүл мэнд, боловсрол, соёл гээд бүхий л салбарууд ийм л байдаг юм. Дээрээс нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд өсөн нэмэгдэж байгаа бизнесийн орчныг хангах, хүн амаа орон нутагт амьдрах таатай орчныг бүрдүүлэхийн тулд хамгийн чухал нь эрчим хүч шаардлагатай. Дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтуудыг хийхээс өөр арга байхгүй, цаашдаа ч хийсээр л байх болно. Мөн ирэх жилийн хөрөнгө оруулалтууд дунд замын бүтээн байгуулалтууд нэлээд бий. Бид ноднин жилийн зун Завхан аймгийн Загастайн давааны замыг бүрэн ашиглалтад оруулсан. Ингэснээр 20 жил үргэлжилсэн “Мянганы зам”-ын эхний үе шат дууссан. Анх эхлүүлж байхад “Мянгуужингийн зам” болно л гэдэг байсан шүү дээ. Тиймээс дараагийн шатны буюу “Шинэ сэргэлтийн зам”, эдийн засаг, хөгжлийг дэмжсэн, орон нутагт амьдарч байгаа иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, хил хүрэх аялал жуулчлалын замууд гээд таван цагариг бүхий дараагийн замуудыг эхлүүлэх ажлууд эхэлж байгаа. Тухайлбал, Ховд, Баян-Өлгий, Улиастай-Алтайг холбосон замууд Азийн хөгжлийн банкны урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр санхүүжиж эхэлснээр баруун аймгуудад цагариг үүсэх юм. Мөн Чойр-Мандалговь-Арвайхээр гэсэн хөндлөн холбоос замыг барьж байгуулахаас гадна төмөр замын бүтээн байгуулалтуудын хөрөнгө оруулалтууд эрчимтэй хийгдэнэ. Энэ удаагийн төсвийн бас нэгэн онцлог бол аль бүтээн байгуулалт нь нэн шаардлагатай байгаа вэ гэдгийг орон нутгийн иргэдээр өөрсдөөр нь эрэмблүүлж, хөрөнгө оруулалтдаа тусгасан. Иргэдийн дунд эрүүл хандлага байгаа нь дэд бүтэц дээр маш их санал ирсэн.
-Хөрөнгө оруулалтуудыг сунжруулахгүй байх тал дээр хэрхэн анхаарах вэ?
-Хуучин бол ТЭЗҮ, зураг, төсөвгүй хөрөнгө оруулалтуудыг их хийдэг байсан. Тиймээс ноднин жилээс эхлэн төсөв дээр нэг ч зураг, төсөвгүй хөрөнгө оруулалт хийхгүй байгаа. Мөн нэг төсөв тавьчихаад түүнийгээ шилжих төсөв дээр нэмээд, өртөг нь нэмэгдээд явдаг байсан бол энэ жилийн хөрөнгө оруулалтад Төсвийн хуулийнхаа дагуу 2-3 хуваагаад тавьж байгаа. Эрүүл мэндийн салбарт л гэхэд Эд, эс, эрхтэн шилжүүлэх эмнэлгийг гурван жилийн дотор ашиглалтад оруулна. Мөн шинэ Халдварт, Зүрх судасны эмнэлгүүдийг барьж эхэлнэ. Нэмээд наймаас дээш жил болсон 10 гаруй төсөл байгаа. Тэдгээрийг яаралтай дуусгана. Тэгэхгүй бол улам сунжраад, өртөг нь ч нэмэгдээд байдаг юм.
-Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс нэмнэ гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Бид өнгөрсөн оноос эхлэн маш далд байсан эдийн засгийг ил болгосон. Ялангуяа, нүүрс, уул уурхай дагасан боломжуудыг төсөв рүү оруулж ирсэн. Тийм ч учраас өнгөрсөн жилийн төсөв нэлээд амжилттай гарсан. Цар тахалтай жилүүдэд бид цалин, тэтгэвэр, тэтгэмжийг олигтой нэмж чадаагүй. Харин өнгөрсөн долоодугаар сарын 1-ний төсвийн тодотголоор бид амжилттай хийж чадсан. Гурван сарын өмнө нэмсэн учраас инфляцтай уялдуулж нэмэхийн тулд дор хаяж зургаан сарын дараа цалин нэмэх нь чухал. Тэгэхгүй бол хамаагүй хугацааны наана нэмчих юм бол инфляцаа шингээх биш хөөргөх эрсдэл гарна.