Дэлхий

Армени улс Олон Улсын Эрүүгийн Хэргийн Шүүхийн гишүүн болсноор ОХУ-ын ерөнхийлөгчийг баривчлах үүрэг хүлээв

Нийтэлсэн

Армени улсын парламент өчигдөр тус улсыг Олон Улсын Эрүүгийн Хэргийн Шүүхэд гишүүнээр элсүүлэх шийдвэр гаргалаа.

Ингэснээр нэг үе Москвагийн үнэнч холбоотон байсан тус улс одоо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг нутаг дэвсгэрт нь ирвэл баривчлах үүрэг хүлээж байгаа юм.

Өчигдрийн шийдвэр нэгэнт муудаад байсан Орос-Арменийн харилцааг улам дордуулах нэг алхам болж байна.

Украины дайн, Уулын Карабахын бүс нутгийг Азербайжанд алдсан зэрэг үйл явдлуудын улмаас талуудын харилцаа түүхэн доод түвшиндээ хүрээд байгаа.

Олон Улсын Эрүүгийн Хэргийн Шүүхэд гишүүнээр элсэх нь “ноцтой дайсагнасан үйлдэл” болохыг өнгөрсөн долоо хоногт Арменийн эрх баригчдад Кремлиэс анхааруулж байв.

Арменийн ерөнхий сайд Никол Пашинян шийдвэрээ хөрш Азербайжаны эрх баригчдын үйлдсэн дайны гэмт хэргийг шүүх зорилготой, харин Оросыг чиглээгүй гэж тайлбарласан байна.

Кремлийн хэвлэлийн албаны төлөөлөгч Дмитрий Песков өчигдрийн шийдвэрийг “хоёр талын харилцааны үүднээс авч үзвэл зохисгүй алхам” гэж шүүмжилжээ.

Пашинян өмнө нь Оросын тэргүүлдэг Хамтын Батлан Хамгаалах Гэрээний Байгууллагын гишүүний статус, Армени-Оросын түншлэлийн харилцаа нь тус улсын аюулгүй байдлын баталгаа болж чадахгүй байгаа тул Ромын дүрмийг батлах (ОУЭХШ-ийг байгуулсан баримт бичиг) хэрэгтэй болсныг тайлбарласан юм.

Харин өчигдөр Песков уг тайлбартай огт санал нийлэхгүй байгаагаа мэдэгдээд “Армени улсад үүнээс илүү сайн механизм олдохгүй. Бид үүнд бүрэн итгэлтэй байна” гэж анхааруулжээ.

Үүний үр дүнд Армени улсад ерөнхийлөгч Путин айлчлах боломжгүй болж байгаа эсэхийг сэтгүүлчид асуухад Песков “Мэдээж бид ямар нэг шалтгаанаар ерөнхийлөгчийг Армени улсад хийх айлчлалаас нь татгалзуулахыг хүсэхгүй байна” гэж хариулсан байна.

Орос улс олон жилийн турш Армени улсын аюулгүй байдлыг батлан дааж ирсэн түүхтэй.

Өнгөрсөн долоо хоногт хөрш Азербайжан улс 30 орчим жилийн турш салан тусгаарлагчдын хяналтад байсан Уулын Карабахыг эзлэн авахад Москвагийн эрх баригчид зогсоох ямар нэг алхам хийгээгүй нь Арменийн талыг бухимдуулсан юм.

2020 онд Армени-Азербайжаны хооронд гарсан дайны дараа Уулын Карабахын бүс нутагт Орос улс 2,000 орчим энхийг сахиулагчаа байрлуулж байв.

Ереваны эрх баригчид Ромын дүрмийг баталсан нь Орос улс Өвөр Кавказын бүс нутагт нөлөөгөө алдаж эхэлсний нэг илрэл гэж ажиглагчид үзэж байна.

Владимир Путин хамгийн сүүлд 2022 онд Армени улсад айлчилж байжээ.

Тэрбээр ижил шалтгаанаар өнгөрсөн зун Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад зохион байгуулагдсан BRICS-ийн дээд хэмжээний чуулганд биеэр оролцож чадаагүй юм.

 

Эх сурвалж: The Guardian

Exit mobile version