Дэлхий
Франц улс ирэх зуны олимпоос өмнө бясааны асуудлаа шийдэж чадах уу?
Метро, галт тэрэг, онгоцны буудал, зочид буудал зэрэг газраар бясаа их байна
Долоо, наймдугаар сард бясааны тархалт улам нэмэгджээ
Олон хүн ирэх зуны олимпын эрүүл ахуйг хэрхэн хангаж байгаад эргэлзэж эхэллээ
Сүүлийн өдрүүдэд Парис болон Франц улсын бусад хотуудад хүмүүс бясаанд хазуулсан тохиолдол ихээр бүртгэгдсэн. Улмаар ирэх онд тус улсад зохиогдох зуны олимпын эрүүл ахуй, аюулгүй байдлыг Франц хэрхэн хангаж байгаад олон хүн эргэлзэж эхэллээ.
Францын Засгийн газраас бясааны тархалтыг бууруулахын тулд устгал хийх арга хэмжээг өнгөрсөн долоо хоногоос авч эхэлсэн. Метро, галт тэрэг, онгоцны буудал зэрэг хөл хөдөлгөөнтэй газруудаар бясаа хамгийн их байна.
Тэр тусмаа долоо, наймдугаар саруудад хүмүүс нүүдэл суудал ихээр хийж улмаар ачаанд нь бясаа тээвэрлэгдэж байгаа нь олон хотод тархах нэг шалтгаан болсон гэв.
Францын Эрүүл мэндийн сайд бясааны тархалтыг өргөн хэмжээнд биш хэмээн мэдэгдэж, хүмүүсийг тайван байхыг уриалсан. Гэсэн хэдий ч олон хүн цахим сүлжээнд бясааны дүрс бичлэгүүдийг нийтэлж байгаа юм.
Харин Чехийн их сургуулийн бясаа судлалын багийн ахлагч “Франц улс 2024 оны зуны олимпоос өмнө бясааны асуудлаа шийдэж чадах эсэх нь эргэлзээтэй” гэжээ. Учир нь сүүлийн үед бясаанууд шавж устгалын бодист тэсвэртэй болж, химийн бодисоор устгал хийх нь үр дүн өгөхөө больсон гэв.
Мөн их хэмжээний химийн бодис нь хүмүүсийн эрүүл мэнд болон байгаль орчинд сөрөг нөлөөтэйг дурджээ. Иймд Францын Хүнс, байгаль орчин, хөдөлмөрийн эрүүл ахуйн аюулгүй байдлын үндэсний агентлагаас химийн бус буюу хувцас, орны хэрэглэл зэргийг хөлдөөх эсвэл халуун агаараар үлээлгэж устгал хийхийг зөвлөж байгаа аж.
Эх сурвалж: Aljazeera