Дэлхий

Кадыров ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах, эсвэл ганц Путинтэй явуулахыг уриалав

Нийтэлсэн

Чеченийн Бүгд Найрамдах Улсын удирдагч Рамзан Кадыров өнгөрсөн амралтын өдөр Грозный хотод болсон ОХУ-ын ерөнхийлөгч Путиний төрсөн өдөрт зориулсан арга хэмжээний үеэр нэгэн шинэ санаачилга гаргажээ.

Путин аравдугаар сарын 7-ны өдөр төрсөн юм. Кадыров ирэх оны гуравдугаар сард болох ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг хойшлуулах, эсвэл цорын ганц нэр дэвшигчтэй явуулах санал гаргажээ.

“Цэргийн тусгай ажиллагааны үеэр ОХУ-д ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулах ёсгүй гэж би бодож байна. Ийм томоохон арга хэмжээг найрсаг бус харилцаатай орнууд, тэр дундаа Өрнөдийнхөн өдөөн хатгалгадаа ашиглах нь мэдээжийн хэрэг. Дайснууд манай улсын дотоод хэрэгт нөлөөлөхийг оролдох нь гарцаагүй” гэж тэр Телеграм хуудсандаа бичсэн байна.

Кадыров сонгуулийг хойшлуулахаас гадна ганцхан Путиний нэрийг дэвшүүлсэн сонгууль зохион байгуулах өөр нэг хувилбарыг санал болгожээ.

ОХУ-ын үндсэн хуульд дайны нөхцөл байдалд байгаа бүс нутагт сонгуулийг цуцлах боломжтой гэж заасан байдаг.

Одоогоор Украины эзлэгдсэн Донецк, Луганск, Запорожье, Херсон мужууд дайны байдалд байгаа. ОХУ эдгээрийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж зарласан ч олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрөөгүй юм.

Мөн дээрх дөрвөн субъектийг ОХУ хяналтдаа бүрэн оруулж чадаагүй байгаа.

Владимир Путиний хувьд 2000 оноос хойш ОХУ-ын төрийн эрхийг атгаж байна.

Тэрбээр 2000, 2004 онуудад ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа үндсэн хуулийн хязгаарлалтын улмаас 2008 онд Дмитрий Медведевийг ерөнхийлөгч болгоод өөрөө ерөнхий сайдаар ажилласан юм.

2012 онд Путин гурав дахь удаа ерөнхийлөгч болсныхоо дараа ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дөрвөөс зургаан жил болгож сунгасан. Ингээд 2018 онд дөрөв дэх удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа тэр 2020 онд ОХУ-ын үндсэн хуулийг шинэчилж, 2036 он хүртэл эрх мэдлээ хадгалж үлдэх боломжийг өөртөө нээж байв.

Эх сурвалж: Current Time

Exit mobile version