Дэлхий

Израилийн цөлд зохион байгуулагдсан хөгжмийн наадмын талбайгаас Хамасын халдлагын дараа 260 хүний цогцос олджээ

Нийтэлсэн

Палестины Хамас зэвсэгт байгууллагын үйлдсэн халдлагын үеэр Израилийн цөлд зохион байгуулагдаж байсан хөгжмийн наадмын оролцогчдоос олон хүн алагдаж, барьцаалагдсан нь тодорхой болжээ.

“Nature Party” нэртэй хөгжмийн наадам Газын зурвасын хилд ойрхон газар нутагт зохион байгуулагдаж, олон мянган залуус оролцож байсан юм. Аврагчид эндээс 260 хүний цогцос олсноо Ням гарагийн орой мэдээлжээ.

Хамасын халдлага эхлэх үеэр наадамд оролцогчид олноороо явган зугтаж буйг харуулсан дүрс бичлэг сошиал ертөнцөд тарж байсан юм.

Уг наадамд оролцсон Германы иргэн эмэгтэй Хамасынхны гарт алагдсан байж болзошгүй байгаа. Түүнтэй адилхан нүцгэн залуу эмэгтэйг палестинчууд автомашины ачаан дээр авч явааг харуулсан дүрс бичлэг сошиал сүлжээнд тарж байсан юм.

Шивээс урлагч Шани Лукийн эцэг эх Бямба гарагийн өглөөнөөс хойш охинтойгоо холбоо тасарсныг хэвлэлд ярьсан байна.

Мөн түүний зээлийн картаар сураггүй алга болсноос нь хойш Газын зурваст гүйлгээ хийсэн баримт олдсоноос үзвэл түүнийг дээрэмдсэн байж магадгүй байгаа ажээ.

Лукийн ээж Рикарда Лук дүрс бичлэг дээр гарсан эмэгтэй охин нь мөн болохыг бие дээрх шивээсээр таньсан байна.

Дүрс бичлэгт гарсан эмэгтэй ухаангүй хэвтэж, хөл нь эвгүй байрлалтай нугарсан байсан юм. Палестинчууд түүний үснээс зулгааж, бие рүү нь нулимж байв.

“Би үүнтэй эвлэрэхийг хүсэхгүй байна. Өнөөдөр өглөө миний охин, Германы иргэн Шани Лук бүлэг жуулчидтай хамт Израилийн өмнөд хэсэгт аялж яваад Палестины Хамас бүлгийнхэнд барьцаалагдсан байна. Палестинчуудын автомашинд охиныхоо ухаангүй байгаа дүрсийг хараад би таньсан. Надад та бүхний тусламж, мэдээлэл хэрэгтэй байна” гэж бүсгүйн ээж Der Spiegel сонинд ярьсан юм.

Хамас зэвсэгт бүлгийн гишүүд 100 гаруй эмэгтэй, хүүхэд, өндөр настнуудыг барьцаалсан гэх мэдээллийг Израилийн эрх баригчид өгч байна.

Эх сурвалж: Reuters, Washington Post

Exit mobile version