Дэлхий

Палестины ерөнхийлөгч Москвад айлчлах гэж байгаа талаар Оросын хэвлэлүүд мэдээллээ

Нийтэлсэн

Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас ойрын үед Москвад айлчлахаар төлөвлөж буй тухай өчигдөр орой Оросын хэвлэлүүд мэдээлжээ.

“Айлчлал хэзээ болох талаар Кремлийн албан ёсны мэдэгдлийг бид хүлээж байна. Ноён Аббасын Москвад хийх айлчлалыг талууд тохиролцсон” гэж ОХУ-д суугаа Палестины элчин сайд Абдел Хафиз Нофал хэлснийг дээрх мэдээнд дурдсан байна.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Палестины засаг захиргааг Махмуд Аббас тэргүүлдэг. 2007 онд Палестины газар нутгийн нэг хэсэг болох Газын зурваст Исламын хэт даврагсдын Хамас зэвсэгт байгууллага хяналтаа тогтоож, Аббасын засаг захиргаа хөөгдсөн юм. Одоо Палестины засаг захиргааны хяналтад Йордан голын баруун эрэг оршиж байгаа.

Бямба гарагийн өглөө Хамасын дайчид Израилийн газар нутагт гэнэдүүлэн довтолсноор томоохон дайн дэгдээд байна.

Орос улсын хувьд Арабын улсууд, Иран, Израильтай найрсаг харилцаатайгаас гадна Хамас байгууллагатай мөн харилцаатай байдаг.

Саяхан Москвагийн эрх баригчид Хамас-Израилийн талуудын аль алинд нь хүчирхийллээ зогсоохыг уриалж, Палестины тусгаар тогтносон улс байгуулах шаардлагыг үл тоомсорлосоор ирсэн АНУ-ыг энэ хямралд буруутган шүүмжилсэн юм.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хамгийн сүүлд нэг жил орчмын өмнө Казахстанд болсон олон улсын арга хэмжээний үеэр Махмуд Аббастай уулзаж байжээ. Аббасын хувьд хоёр жилийн өмнө ОХУ-д айлчилж байсан юм.

Ойрх Дорнодын нөлөө бүхий улс Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салман өчигдөр Аббастай утсаар ярихдаа Хамас-Израилийн мөргөлдөөнийг өргөжүүлэхгүйн төлөө ажиллаж байгаагаа дуулгасныг Саудын төрийн төв хэвлэл мэдээлсэн байна.

Тэр бас Палестины ард түмний хүсэл сонирхлыг хамгаалж, энх тайван тогтоохын төлөө байгаагаа Аббаст батлан илэрхийлжээ.

Саудын Арабын хувьд сүүлийн жилүүдэд Израильтай дипломат харилцаа тогтоож, харилцаагаа хэвийн болгож магадгүй хандлага ажиглагдах болсон юм.

Газын зурваст гарсан дайн энэ үйл явцад хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна.

Хунтайж Мохаммед бас Хамас-Израилийн дайны асуудлаар Египетийн ерөнхийлөгч Абдел Фаттах Аль Сиси, Йорданы хаан II Абдуллах нартай утсаар ярьсныг Саудын Арабын төв хэвлэл мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters

Exit mobile version