Нийгэм

Нийгмээ соён гэгээрүүлж байж харанхуйг гэтэлнэ

Нийтэлсэн

Хүүхдийн амь насыг хэрцгийгээр хөнөөсөн үйл явдал, цонхоор унаж үрэгдсэн охид, авлига, хээл хахуулийн дуулиан, өдрөөс өдөрт алсарч байгаа баян ядуугийн зааг гээд сүүлийн үед Монголын нийгэм дайн дажинтай байгаа орноос илүү эрсдэлтэй, бухимдалтай, эмгэнэлтэй байна. Энэ юунаас болов. Өнгөрсөн 30 гаруй жил боловсролын системээ унагаж, өв соёлоо огоорч, гэрэл гэгээтэй талаа олж үзэхээ больж, нийгмийг соён гэгээрүүлэх ажлыг тас мартсаны гор гарч байна гэж хэлж болно. Хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлдэг гэдэг. Хар бараан талаа илүүтэй харуулж, иргэдээ ядууруулж, ажилгүй, арчаагүй болгож, түүнийг дагаад гэмт хэрэг нэмэгдэж, тэр хэрээр улсаа шоронжуулж, хар гэрт хоригдогсод нь хүмүүжихийн оронд илүү муу муухай харгист суралцан эргэж гараад өс хонзонгоо тайлдаг ийм эргүүлэгт хэдий болтол живэх вэ.

Соён гэгээрүүлэх учиртай урлаг уран сайхнаа эргэж нэг харъя. Аль болгон нус нулимс, цус нөж, хараал хэрүүл, хар санаагаар дүүрсэн кино хийж, түүнийг нь үзэх вэ. Зарим киног үзэхээс зүрх халгаж нүд халтирмаар, ярьж хэлж буйг нь сонсохоос халширч чихээ дармаар. Хэзээ байтлаа монгол хүн тэгтлээ хатуу хэрцгий байсан юм. Нүгэлт хар гөрөөчин хүртэл ан агнахдаа авахаа л авахаас бус хээлтэй, үр зулзагаа дагуулсан эх амьтан руу, ороо нийллэгийн үеэр буу шагайж байсангүй. Ан гөрөөгөө хайрлаж, байгаль дэлхийгээ арвин байлгах гэж тэр. Одоо шиг зугаа болгож машин тэргээр хөөж бахардуулж дайрчихаад дутуу амьтай орхиж бахаа хангаж байсангүй. Энэ чинь хүний аминд тэгж хүрэхэд ганц хуруу дутуу байна аа гэсэн үг.

Нийгмийг соён гэгээрүүлж, хүний сэтгэлийг зөөллөж байж л харанхуйг гэтэлж, зөв тийш зална. Бидний даган дуурайх дуртай Америкийн нэг жишээ бий. Америкийг яг ийм сэтгэл гутрал, их уналтын хямралаас аварсан хүн нь хэн нэгэн тэрбумтан, алдартай улстөрч, мөнгө хөрөнгө ихтэй эрхэм огтоос бус “Буржгар Сью” буюу буржгархан үст, цовоо цолгин, хэвлүүхэн охины дүрээр дэлгэцэд мөнхөрсөн АНУ-ын жүжигчин Шерли Жен Темплийн тоглосон цуврал кино гэдэг. Тэр кинонууд хүмүүсийн сэтгэлийг цэлмээж, гэнэхэн хөгжилтэй инээд нь ирээдүйд итгэх итгэлийг нь гэрэлтүүлж, 1930-аад оны эхэн үеийн Америкийн бараан нийгмийг гэгээгээр сүлж өгчээ.  Сэтгүүлчид, зохиолчид, урлагийнхан, тайз, дэлгэцийн уран бүтээлчид, багш, сурган хүмүүжүүлэгчдээс эхлээд дор дороо нийгмээ соён гэгээрүүлэх ажил хийхэд л бүрхсэн үүл цэлмэж, харанхуйг гэтлэж нар гарах учиртай гэж санагдана.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version