Улс төр

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийтэлсэн

Эрдэнэс тавантолгой ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн шүүх танхимд нэрлэсэн Засагтайгаа, тамгатайгаа, төртэйгөө үлдээд байгаа нүүрсний жинхэнэ хулгайч нь чухам хэн бэ гэдгийг НУУЦ МАТЕРИАЛУУД нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар хүргэж байна.

2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл Тавантолгойн бүлэг орд дахь Бортээгийн орд нь 424.2 сая тонн хагас зөөлөн коксжих нүүрсний нөөцтэй болохыг албан ёсоор баталсан.

Монгол Улсын 2.2 сая иргэн хувьцааг нь эзэмшдэг энэхүү нүсэр том ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хувьцаа эзэмшигч та бидэнд ирэх үр өгөөжийг нь нэмэгдүүлэх нь зүйтэй юм байна хэмээн Эрдэнэс тавантолгой ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүд үзэж, 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Бортээгт олборлолт хийх, нүүрс баяжуулах үйлдвэр барих ажлыг гүйцэтгэх шаардлагатай хэмээн 736 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгох тогтоол батлав.

Энэхүү тогтоолын дагуу Тавантолгой ордын Бортээгийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг Эрдэнэс тавантолгой ТӨХК 2021.07.09-ны өдөр зарласан байгаа юм.

Гэтэл Энэхүү тендер зарлагдахаас яг 7 хоногийн өмнө “Админерал” гэх компани Монгол Улсад цоо шинээр байгуулагдах нь тэр.

Админерал компанийн 45 хувийг Цэдэнпилийн Ламжавын Моновант компани, 34 хувийг Хонконгийн Руйшен глобал групп компани, 21 хувийг БНХАУ-ын Кюужоу Лонгюайн трэйдинг компани тус тус эзэмшдэг аж.

Админерал компанийн 45 хувь буюу хамгийн их хувьцааг эзэмшигч Цэдэнпилын Ламжав гэгч болбоос ЗГХЭГ-ын дарга Амарбаясгалангийн PR хариуцсан зөвлөх МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Цэдэнпилийн Чулуунзагдын төрсөн ах юм.

Түүгээр зогсохгүй, ЗГХЭГ-ын дарга Амарбаясгалангийн PR хариуцсан зөвлөх Чулуунзагдын эхнэр А.Баярмаа нь Админерал компанийн ТУЗ-ийн гишүүн бөгөөд нягтлан бодогчоор ажилладаг юм байна.

Эрдэнэс тавантолгой компаниас зарласан “Бортээгийн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах” тендерийн шалгуур нь сүүлийн гурван жилийн хугацаанд ижил төрлийн ажил хийсэн туршлагатай, түүнийгээ борлуулалтын орлогоороо баталсан байхыг шаарджээ.

Мэдээж энэ шалгуурт долоохон хоногийн өмнө байгуулагдсан Админерал тэнцэхгүй нь ойлгомжтой. Ийм ч учраас ЭТТ компанийн захирал Ганхуяг Бортээгийн орд төсөл дээр зарласан тендерээ ямар ч шалтгаангүйгээр шууд цуцлах нь тэр.

Ингээд хоёр сарын дараа буюу 2021 оны есдүгээр сарын 16-ны өдөр Эрдэнэс тавантолгой компани бор тээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тендерийг дахин зарлав.

Уг тендер нээгдэх өдөр нь 2021 оны 10.18-ны өдөр байлаа.

Гэтэл Тендер нээгдэхээс ганцхан хоногийн буюу 2021.10.17-ны өдөр Админерал компани, өөр гурван компанийг өөртөө нэгтгэж, МТАС түншлэлийг байгуулж, хүчээ зузаатгаад маргааш нь нээгдэх гэж буй тендерт материалаа өгөнгүүтээ шууд л шалгарах нь тэр.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн Пи-ар хариуцсан зөвлөх Чулуунзагдын төрсөн ах Ламжав 45 хувийг нь эзэмшдэг “Админерал” компани Эрдэнэс тавантолгой компаниас зарласан 715 тэрбум төгрөгийн төсөвтэй аварга том тендерийг ингэж л авдаг юм байна. Гэрээг нь ч танд харуулъя.

Тендерт ялсан МТАС түншлэлийг задалж үзүүлбэл, нүүрс баяжуулах үйлдвэрийг “Админерал” компани дангаараа эзэмшинэ. Баяжуулсан нүүрсээ борлуулах ажлын 60 хувийг мөн л Админерал компани эзэмшихээр гэрээлснийг та бүхэн харж байна.

Эрдэнэс тавантолгой компанийн зүгээс бид бүхэн 715 тэрбум төгрөгийг та бүхэнд өгье. Харин та бүхэн бидний мөнгөөр Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруул, зөөлөн коксжих нүүрсийг хуурай аргаар баяжуулах үйлдвэр бариад өг л гэж уг нь бол тендер зарласан.

Гэтэл “Админерал” компани тендерийн гүйцэтгэгчээр сонгон шалгармагцаа давраад Эрдэнэс тавантолгойн эзэмшлийн газар дээр газар ашиглах гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулж авна.

Эрдэнэс тавантолгой компанийн эзэмшдэг өөрөөр хэлбэл 2.2 сая Монгол улсын иргэний эзэмшиж буй орд газкраас тастаж,35 га газрыг Админерал компанид олгож өгөөч ээ хэмээн Цогтцэций сумын засаг дарга Бацмаа дээр очсон Ламжав бол Чулуунзагдын ах. Харин Уужимсанаа нь тухайн үед ЭТТ- компанийн уул уурхай, төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан хүн байх юм.

Эрдэнэс тавантолгой ТӨХК нь баяжуулах үйлдвэрийн барилгын ажил эхэлсэн даруйд буюу 2022 оны долоодугаар сарын 9-ний өдөр “Админерал” компанийн 21 хувийг хувьцааг эзэмшдэг Кьюзоу лонгюайн трэйдинг компанийн хамаарал бүхий Хонгконг ханьюү компани руу 500,000 тонн коксжих нүүрсийг ачиж явуулна.

Тухайн үед 1 тонн коксжих нүүрсний дэлхийн зах зээлийн үнэлгээ нь 274 доллар 78 центийн үнэтэй байсан.

Өөрөөр хэлбэл Эрдэнэс тавантолгой компани нүүрс баяжуулах үйлдвэрийг барих санхүүжилтийг мөнгөөр биш нүүрсээр төлсөн гэсэн үг. За яах вэ Эрдэнэс тавантолгой компани дэлхийн зах зээлийн үнээр биш тал үнээр нь нүүрсээ өгсөн гэж бодоход л 500,000 тонн коксжих нүүрсний үнэлгээ нь 68,696,000 ам.доллар болохоор байна. Энэ нь Админерал компанийн менежер Гансүхийн хэлсэн төсөлд шаардагдах 60 сая доллароос давсан мөнгө байна. Нэг үг хэлбэл Нүүрс баяжуулах үйлдвэрийг барихад шаардлагатай 60 сая долларыг ЭТТ компани тэр үедээ коксжих нүүрсээр бүрэн төлсөн гэсэн үг. Гэтэл “Админерал” компани нь ЭТТ компаниас үйлдвэр барихад шаардлагатай бүх төлбөрөө нүүрсээр авчихсан хэр нь барьж байгуулсан тухайн үйлдвэрээ ЭТТ компанийн нэр дээр бус харин өөрийнхөө нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээг гаргуулан авчихсан байх юм.

Админерал компани нь Эрдэнэс тавантолгой компанийн мөнгөөр үйлдвэр барингуутаа газрыг нь ч тэр үйлдвэрийг нь ч тэр өөрийнхөө нэр дээр бүртгүүлчихсэн байна.

Монгол Улсын 2.200.000 иргэний эзэмшдэг Эрдэнэс тавантолгойн хөрөнгөөр үйлдвэр байгуулангуутаа түүнийгээ өөрийнхөө нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулан авсан Админерал компани нь МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн Чулуунзагдаар тогтохгүй, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн эхнэртэй холбогддог. Энэ баримтыг үзүүлье.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн эхнэрийг Д.Бямбасүрэн гэдэг.

Хатагтай Д.Бямбасүрэн нь Жабко компанийг 2009 онд, Топмедиа гэх компанийг 2011 онд тус тус байгуулж байсан. Дашзэгвийн Амарбаясгалан Жабко, топмедиа компанийг 100 хувь эзэмшдэг хэмээн АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ч өмнө нь мэдүүлж байсан.

Д.Амарбаясгалангийн эхнэр Д.Бямбасүрэн 2019 оны нэгдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд абко болон Топмедиа компаниудаа Батхуягийн Эрдэнэжаргал гэгч рүү гэнэт шилжүүлнэ.

 

Бид бүхэн нээлттэй мэдээллийн санг шүүрдэж үзэхэд Д.Амарбаясгалангийн эхнэрийн нэр дээр байсан Жабко, топмедиа компаниуд, Эрдэнэжаргал руу ердөө ганцхан хоногийн зайтай шилжсэн байлаа. Д.Амарбаясгалангийн компаниудыг өөртөө шилжүүлэн авсан Батхуягийн Эрдэнэжаргал нь Д.Амарбаясгаланг МАН-ын ЕНБД-аар ажиллаж эхлэх үед нь түүний шууд удирдлага дор МАН-ын сошиал IT хариуцсан ажилтнаар ажиллаж байсан хүн юм.

Үүгээр ч зогсохгүй ЗГХЭГ-ын дарга Амарбаясгалан Эрдэнэжаргалаар дамжуулан нүүрсэнд гараа дүрснийг яахоо файнанс сайт хэдхэн хоногийн өмнө дэлхий дахинд мэдээлсэн.

Германы эдийн засгийн сэтгүүлч тоймч Адам Блогэнэ 2023.09.07-ны өдөр нийтэлсэн “Дашзэвэгийн Амарбаясгалангийн Зөвлөлт маягийн авлигын хэрэг Монголыг тогтворгүй болгож байна ” нийтлэлдээ…

“Тавантолгойн нүүрс тээвэрлэлтэд хорин өөр туслан гүйцэтгэгч өрсөлдөж байгаагийн нэг нь Дашзэгвийн Амарбаясгалантай холбоотой. Түүний эхнэр Дашхүүгийн Бямбасүрэн нь Батхуягийн Эрдэнэжаргал руу шилжүүлсэн хоёр компаниараа дамжуулан “E-Commodities Mongolia Intelligent Logistics” компанийг удирддаг удирддаг. Эрдэнэжаргал нь 2010 онд Тавантолгойн уурхайгаас Цагаан хад, Мааньт, Чойр өртөө хүртэл 26,840 тонн нүүрс тээвэрлэсэн “Глобал гүүр транс” ХХК-ийг үүсгэн байгуулагч юм. Монгол Улсын эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга гэрээ хэлэлцээрт шууд оролцохыг хориглодог. Гэтэл Амарбаясгалан нь хөшигний ард нуугдан, эхнэрийнхээ компаниудыг фронт болгон ашиглаж, санхүүгийн ашиг сонирхол нэгтнүүдээ нүүрс тээвэр ирүү оруулсан.

Гэснийг та бүхэн харлаа.

Энэ мэт асуудлуудаар нүүрсний хулгайн хэрэгт ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн PR хариуцсан зөвлөх Чулуунзагдад АТГ-аас хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн нь эрх баригч намын ЕНБД Д.Амарбаясгалан руу орох сэжүүрээ хуулийн байгууллага аль хэдийн тавьчихсан юм байна гэж харагдаж байна.

Энэ бүх баримт, үйл явдлаас харахад Монголын эдийн засгийг чирч яваа Эрдэнэс тавантолгойн хөрөнгөөр баяжуулах үйлдвэр барингуутаа түүнийгээ өөрийнхөө нэр дээр бүртгүүлж, Монголын ард түмний хувьцааг нь эзэмшдэг 424.2 сая тонн бүхий зөөлөн коксжих нүүрстэй орд газрыг 30 жилийн хугацаагаар ашиглах боломжийг Админерал компани өөртөө авч чадсан нь тэр компанийн ард жирийн нэг бизнес эрхлэгч биш эрх мэдлийг атгаж суугаа том хүч байна гэдэг нь харагдаж байна.

Ташрамд хэлэхэд, Админерал компани нь 2021 оны 7р сард үүсгэн байгуулагдсан даруйд тус компанийн данс руу БНХАУ-ын Кью зоу лонгюэйн трэйдинг компаниас 164,964 ам доллар, Руйшен глобал группээс 999,895 ам.доллар, Донгшен петролиум компаниас 250,000 ам.доллар, Сино Монголиан эйтс интеллижент компаниас 7$9,910 ам.доллар нийт 2,164,769 ам доллар буюу 7тэрбум 576 орчим сая төгрөг шилжиж орсон байдаг. Харин энэ их мөнгөнөөс 350 сая төгрөгийг БНХАУ-ын иргэн бөгөөд Админерал ХХК-ийн гүйцэтгэх захирал Хасбаатар 2021 оны долоодугаар сарын 6-ны өдөр буюу Эрдэнэс тавантолгой компани “Бор тээгийн төслөөр тендер зарлахаас” яг нэг хоногийн өмнө бэлнээр зарлагадан авсан байгаа нь үнэхээр сэжигтэй.

Хятад улсын иргэн Насан уртын Хасбаатар нь Админерал компанийн гүйцэтгэх захирлаар ажиллахаас гадна ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн пи-ар хариуцсан зөвлөх Чулуунзагдын төрсөн ах Ламжавтай “Рөүд энд майнинг техноложи” компанийг хамтран мөн эзэмшдэг нэгэн билээ. Тавантолгойн орд газрыг Монголын ард иргэд та бид эзэмшдэг хэмээн итгэсээр ирсэн. гэтэл тус ордын тодорхой хэсэгт нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн гэр бүл, тойрон хүрээлэгчдээр халхавчилсан бүлэглэл эзэн суучихсан баримтыг энэ дугаарт үзүүллээ. Бид дараачийн дугаараар Админерал компани ЭТТ-аас олсон нүүрсний мөнгөө барилга, хэвлэл мэдээллийн салбарын бизнес эрхлэгчдээр дамжуулж угаасан баримтуудыг үзүүлнэ.

Сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нарын хамтарсан нэвтрүүлэг

Эх сурвалж: nuuts.mn tsahiur.mn

Exit mobile version