Нийгэм
Хүүхдийнхээ байршлыг тогтоож, хяналт тавих боломжийг И Монголиа-д нэвтрүүллээ
Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас хүүхэд хамгааллыг технологи ашиглан шийдэх ажлын хүрээнд И Монголиа төрийн үйлчилгээний цахим платформд EKids цонх нэмж, эцэг эхчүүд гар утаснаасаа хүүхдүүддээ анхаарал халамж тавих нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Тодруулбал, эцэг эхчүүд хүүхдийнхээ ухаалаг утсанд И Монголиа платформыг татаж, EKids цонхыг идэвхжүүлж, өөрсдийнхөө утастай холбоно. Тус цонхонд Гэртээ ирлээ, Гэрээсээ гарлаа, Сургуульдаа ирлээ, Сургуулиасаа гарлаа зэрэг байршил тогтоох сонголтуудыг хийсэн байна.
Эцэг эхчүүд болон хүүхдүүд И Монголиа платформыг ашиглахдаа ямар нэгэн дата, нэмэлт төлбөр төлөхгүй байх хүсэлтийг ЦХХХ-ны яам үүрэн телефоны операторуудад санал тавьж, нааштайгаар шийдвэрлэснийг Н.Учрал сайд мэдээллээ.
Түүнчлэн, хүүхдүүдийн ашиглах EKids цонход Цагдаагийн байгууллагын шууд утас, шуурхай төвд холбогдох цэсийг мөн давхар үүсгэсэн байна. Хүүхдүүд гэмт хэргийн золиос болох, бусдад дээрэлхүүлж, дарамтлуулж, ялгаварлан гадуурхалтад өртсөн тохиолдол гарвал зураг, бичлэгийг авч EKids цонхоо ашиглан шууд мэдээлэх, хариу арга хэмжээ авах боломжийг хангасныг сайд онцоллоо.
Техник технологийг ашиглан хүүхэд хамгааллын ажлыг идэвхжүүлж, хүүхдүүд аливаа гэмт хэрэгт өртөх, сургуулиасаа алаг болох зэрэг эрсдэлийг бууруулахад чухал нөлөөтэйг мэргэжилтнүүд онцоллоо.