CRI Монгол радио

“Бүс ба Зам”-ын 10 жилийн ой: Түүний үр өгөөж, ололт амжилт

Нийтэлсэн

Ази тивийг Европ, Африк цаашлаад дэлхийн өнцөг булан бүртэй хуурай зам болон далай тэнгисийн замаар холбож, улмаар худалдаа болон эдийн засаг зэрэг өргөн цар хүрээг хамарсан салбарт улс орнууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий “Бүс ба Зам” хэмээх санаачилгаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2013 онд дэлхий дахинд танилцуулж байсан түүхтэй.

Хятад улс дэлхий нийтийг хамарсан дэд бүтцийн энэ томоохон санаачилгынхаа 10 жилийн ойг тохиолуудан “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны III чуулга уулзалтыг 10 дугаар сарын 17-18-нд Бээжин хотноо зохион байгуулах гэж байна. “Бүс ба Зам” санаачилга нь яах аргагүй цаг үеэ олсон, оролцогч улс орнуудын хөгжил дэвшил, эдийн засаг, ард иргэдийн аж амьдралд хамгийн үр өгөөжтэй, бодит хамтын ажиллагааны тод жишээ болохыг олон улсын шинжээчид онцолж байна. Албан ёсны статистик мэдээнд дурдсанаар, одоогийн байдлаар “Бүс ба Зам” санаачилгад 140 гаруй улс орон болон олон улсын байгууллага нэгдээд байна. Өөрөөр хэлбэл, тус санаачилгад дэлхийн хүн амын бараг 75 хувь, ДНБ-ий талаас илүү хувийг эзэлж буй улс орнууд нэгдээд байгаа юм. Ингээд та бүхэнд өнгөрсөн 10 жилийн хугацаанд энэ санаачилгын хүрээнд гарсан ололт амжилтуудаас толилуулъя.

Нэгдүгээрт, “Бүс ба Зам” санаачилга нь оролцогч улс орнуудын хөгжил дэвшлийг ахиулж, ард иргэдийн аж амьдралын байдлыг сайжруулж, эдийн засгийн хөгжлийн шинэ хөшүүргүүдийг бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулаад байна. Тус санаачилга нь хэнийг ч хөгжлийн ард үлдээхгүй, бүх нийтээрээ хөгжихийг хөхиүлэн дэмждэг билээ.

Дэлхийн банкны тооцоолсноор, 2030 он гэхэд “Бүс ба Зам” санаачилга нь дэлхийн хэмжээнд жил бүр 1.6 их наяд ам.долларын орлого төвлөрүүлж, дэлхийн ДНБ-ий 1.3 хувийг дангаараа бүрдүүлэхээр байна. Мөн санаачилгын ачаар 2015-2030 онд 40 сая орчим хүн ядуурлаас ангижрна гэсэн тооцоо байна. 2022 оны эцсийн байдлаар Хятад улсын аж ахуйн нэгжүүд тус санаачилгын хүрээнд хамтын ажиллагаатай орнуудад хийсэн хөрөнгө оруулалтын ачаар 421 мянган ажлын байр бий болж, 3000 гаруй төсөл хэрэгжиж, олон орны ард иргэд хөгжин дэвших мөрөөдөлдөө хүрчээ.

Түүнчлэн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн газраас саяхан гаргасан “Бүс ба Зам” санаачилгын талаарх цагаан номонд дурдсанаар, энэ санаачилгын хүрээнд БНХАУ болон санаачилгад хамрагдсан улс орнууд хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээ тогтвортойгоор өсөн нэмэгдэж байна. Тухайлбал, 2013-2022 онд БНХАУ болон “Бүс ба Зам”-д оролцогч орнуудын импорт болон экспортын нийт хэмжээ жилд дунджаар 6.4 хувиар өсөж, 19.1 их наяд ам.долларт хүрчээ. Мөн талуудын хооронд хийсэн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 380 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд үүний 240 тэрбум ам.долларыг Хятадын талаас гаргажээ.

Хоёрдугаарт, “Бүс ба Зам” санаачилга нь бодлого, дэд бүтэц, худалдаа, санхүү болон ард иргэдийн харилцаа гэсэн таван чухал чиглэлийн дагуу Хятад улс болон тус санаачилгад хамрагдсан улс орнуудыг холбож, хамтын ажиллагаа, харилцааг бэхжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.

2023 оны эхний хагасын эцийн байдлаар, Хятад улс нь дэлхийн 150 гаруй улс орон болон 30 гаруй олон улсын байгууллагатай “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хамтран ажиллах тухай 200 гаруй баримт бичигт гарын үсэг зурж, уг санаачилгыг холбогдох улс орнуудын үндэсний хөгжлийн стратегиудтай уялдуулан хэрэгжүүлж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд Хятад улс болон түүний “Бүс ба Зам”-ын түншүүд хоорондын худалдаа улам бүр өргөжин тэлсэн. Энэ хугацаанд Хятад улс нь дэлхийн 25 орны худалдааны хамгийн том түнш болж, 13 улстай чөлөөт худалдааны 7 гэрээ хэлэлцээр байгуулаад байна.

Мөн зургаан коридор, зургаан төрлийн маршрут, олон улс орон болон олон боомтыг хамарсан холболтын тогтолцоог “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд бүрдүүлсэн бөгөөд Лаос, Казахстан болон Балба зэрэг далайд гарцгүй улс орнуудад авто зам, төмөр зам барьж өгөх замаар дэлхий дахинтай дөт холбогдоход нь ихээхэн дэмжлэг үзүүлээд байна.

Хятад-Европ чиглэлийн төмөр замын экспресс галт тэрэгний үйлчилгээ нь Ази-Европын хуурай замын тээвэрт шинэ сувгийг нээж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хангахад түүчээ болж байна.

Түүнчлэн “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Торгоны замын сан болон Шинэ хөгжлийн банк зэрэг олон талт санхүүгийн хамтын ажиллагааны байгууллагууд ар араасаа байгуулагдсанаар хөгжиж буй орнуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийн хомсдолыг шийдвэрлэхэд тус болсон. Үүний зэрэгцээ боловсрол, соёл болон аялал жуулчлалын харилцаа холбоо, хамтын ажиллагаа өргөжин хөгжихийн хэрээр тус санаачилгад хамаарах улс орнуудын иргэд хоорондын солилцоо, харилцан суралцах үйл ажиллагаа мөн цэцэглэн хөгжиж байна.

Гуравдугаарт, “Бүс ба Зам” санаачилга нь дэлхийн хөгжил болон дэлхийн засаглалын тогтолцоог оновчтой болгоход тус болж байна. Эдийн засгийн уналт, нэг талт үзэл, протекционизм, бүс нутгийн мөргөлдөөн зэрэг олон сорилттой дэлхий нийт тулгарч, олон улсын хамтын нийгэмлэг зохих шинэчлэлийг хийх шаардлага гарч ирж байна. Энэ цаг үед “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Хятад улс болон холбогдох улс орнууд эдийн засгийн нээлттэй бодлого, хамтын ажиллагааг хамтдаа ахиулж, даяаршлын эсрэг алхмуудыг сөрөн зогсож, эдийн засгийн эрүүл даяаршилд хувь нэмрээ оруулж байна.

Дэлхий нийт улс оронд бүгдэд нь тохирсон цорын ганц хөгжлийн загвар гэж байхгүй бөгөөд улс орон бүр өөрийн улс үндэстний онцлогт тохирсон хөгжлийн замаар замнах ёстой гэж БНХАУ үздэг. Тэр ч утгаараа Хятад улсын санаачилсан “Бүс ба Зам” санаачилга нь жинхэнэ олон талт үзлийг баримталж, бүх оролцогч талын ашиг сонирхлыг харгалзан үздэг бөгөөд бүх талд “бялуу”-г тэгш хуваарилах, тэдгээрт ногдож буй бялууны хэмжээг аль болох илүү томруулахыг эрмэлзсээр байна.

“Бүс ба Зам” санаачилгын ололт амжилт, үр өгөөжийг энэ мэтчилэн тоочоод байвал баршгүй. Ямартай ч энэ санаачилгын хүрээнд харилцан ашигтай хамтран ажиллаж, өндөр чанартай хамтын ажиллагаа ба хүн төрөлхтний хамтын ирээдүйг цогцлоохын төлөө бүх улс оронтой хамтран ажиллаж, хөгжлийн галт тэргээр хамтдаа аялахад БНХАУ бэлэн байна.

Г.Солонго

Exit mobile version