Эдийн засаг

Ж.Дэлгэрсайхан: Төсвийг улс төрөөс ангид байлгах механизмыг эрэлхийлэх нь чухал

Нийтэлсэн

Санхүү эдийн засгийн их сургуулийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ирэх оны төсвийн төслийн талаар ярилцлаа.


-Ирэх оны төсвийн төслийг өргөн барьсан. Уг төсөл дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Төсвийн төслийн хувьд зарим тоон үзүүлэлтүүд нэлээд эргэлзээтэй зүйл бий. Бид хавар Төсвийн хүрээний мэдэгдэл баталсан. Энэ мэдэгдлээс харьцангуй өндөр өсөлттэй төсөл орж ирсэн. Хамгийн гол нь төсвийн бодлогын хувьд хэтэрхий өндөр тэлэлттэй, зардал өндөр, орлогыг өндрөөр таамагласан, үүнийгээ дагаад төрийн оролцоо 37 орчим хувьтай гарсан төсөв болох нь гэж харсан. Нөгөө талаасаа төсвийн хувьд улс орны хэмжээний бодлогуудыг оруулж ирсэн байна лээ. Хот, хөдөөгийн тэнцвэр, орон нутгийн хөгжлийг хангах чиглэлд томоохон бодлогууд, татварын дэмжлэгүүд байсан. “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа 2050”-руу чиглэсэн агуулгаараа зүг чигийн хувьд харьцангуй зөв болж байгаа хандлага ажиглагдаж байна. Гэсэн хэдий боловч өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад бас тиймхэн зүйлс бий.

2020 оноос өмнө Монгол Улсын төсвийн бодлого нь тухайн жил бүр л тогтворгүй байдаг байсан. Хөгжлийн бодлого төлөвлөлттэйгөө яаж уялдаж байгаа юм. Монгол Улсын хувьд хаашаа яваад байна гэдэг дээр бодлогын зорилт нь нийцтэй биш байсан. Харин сүүлийн 2-3 жилийн хугацаанд урт хугацааны бодлоготойгоо уялдуулж байгааг дурдах хэрэгтэй. Гэвч энэ бодлогын хэрэгжилт нь ямар байгаа юм гэдэг асуулт гарч ирнэ. Төсвийн өндөр тэлэлт үнэхээр хэрэгтэй юм уу. Үр ашигтай зардал болж чадаж байна уу. Орлогын таамаглал маань зөв юм уу. Нийт 25 их наядын орлого оруулж, 60 сая тонн нүүрс гаргаж чадах уу гэсэн асуудал байна. Үүнийгээ дагаад Засгийн газрын өр нэмэгдээд байгаа нь ямар эрсдэл дагуулж болох вэ гээд олон зүйл байна. Агуулгын хувьд бодлого сайжирч байгаа боловч, тоон үзүүлэлтүүдээ сайтар харах ёстой төсөв гэж бодож байгаа. Төсөв бол бодлого байхаас гадна тэр нь тоон үзүүлэлтүүдээ дагаад хэрэгжиж байх ёстой. Нийгэмд үр өгөөжтэй байх ёстой юм. Тиймээс тоон үзүүлэлт, бодлогын уялдаагаа сайжруулах, өндөр тэлэлтийг эргэж харах шаардлага байна. Ирэх жилийн төсөв маань тав орчим их наяд төгрөгөөр тэлчихсэн, 20 гаруй хувийн өсөлттэй байгаа. Гэсэн хэдий боловч сүүлийн арав гаруй жилийн төсвийнхөө тогтвортой байдлыг бодолцох ёстой.

-Төсвийн зарлага нэлээд нэмэгдсэн нь хөрөнгө оруулалтын зардлууд нэмэгдэж, бүтээн байгуулалтыг гурван жилд багтаан барьж байгуулна гэсэнтэй холбоотой гэж үзэх хүмүүс байна лээ?

-Төсвийн хөрөнгө оруулалтын зардал харьцангуй өссөн байсан. Төсвийн зардлын бүтэц дотор зөв хөрөнгө оруулалтын зардал нэлээд байх шаардлагатай. Гэсэн хэдий боловч 2013 оноос хойш энэ зардал бараг буурсан үзүүлэлттэй байгаа. Тиймээс бодлогын хувьд энэ зардлыг нэмэгдүүлэх нь зүйтэй. Нийтдээ 3.6 их наяд гэдэг бол төсөв дотроо томоохон байр суурь эзэлж чадахгүй шүү дээ. Хөрөнгө оруулалт маань Сангийн яамны төсвийн баримтад дурдаад байгаа, үнэхээр хөрөнгө оруулалтуудаа эрэмбэлсэн, олон нийтийн саналд тулгуурласан гэсэн хүрээндээ хийж чадаж байна уу үгүй юу гэдэг асуудал. Төсвийн хувьд баримт бичгүүд, тайлан, төсөл нь сайжраад байгаа боловч үүний ард үр ашигтай бус зардлууд нь хэр байгаа юм. Соёлын төв зэрэг бүтээн байгуулалтууд яг одоохондоо хэрэгтэй юм уу. Хөрөнгө оруулалтын зардлын өсөлтийг бид хүлээн зөвшөөрч болно. Урсгал зардлын өсөлтийг бодоход ирээдүй рүү чиглэсэн үр ашигтай байдаг юм. Гэвч энэ их зардлын дотор яг хэрэгтэй, үр ашигтай хөрөнгө оруулалтууд байж чадаж байна уу гэдгийг сайтар харах ёстой. Үүнээс гадна урсгал зардлууд, нэг удаагийн шинж чанартай зардлууд өсөж байгаа. Үүн дээр зарим хүмүүс ч шүүмжлэлтэй хандаж байгаа тал бий.

-Нэг удаагийн шинжтэй зардлууд гэж та хэллээ. Ирэх онд олимп болно. Дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан нэмнэ. Тэгэхээр ирэх оны зарлага дотор чухам яг юуны зардал хамгийн их нь байгаа вэ?

-Монгол Улсын төсвийг ажиглахад сүүлийн жилүүдэд бид бодлого, үр ашигтай байдал гэхээс илүүтэй хоёр, гуравхан зүйлд анхаарлаа хандуулдаг болсон. Нэгдүгээрт, халамжийн зардал байна. Энэ зардал Дотоодын нийт бүтээгдэхүүн/ДНБ/-д эзлэх хувь хэмжээ сүүлийн жилүүдэд гурав орчим хувь руу дөхчихсөн. Төсвийн зарлага талд гол болгоомжлох зүйл бол цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмж болдог юм гэхэд халамжийн асуудлыг хавтгайруулах, аливаа хөнгөлөлт, татаасын асуудалд болгоомжтой хандах ёстой. Тиймээс халамжийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг аажим буулгах бодлого барих хэрэгтэй байна. Хоёрдугаарт, орон нутгийн хөгжлийг дэмжинэ. Төвлөрлийг сааруулна гэж байгаа бодлого нь зөв боловч орон нутаг руу хандсан дэмжлэг нь төсвийн төвлөрлийг хэтэрхий алдагдуулж болзошгүй. Ямар шалтгаанаар татвар, орлогыг орон нутаг нь үлдээх юм. Татаас өгөх нь орон нутгийн бие даасан байдал руу сайнаар нөлөөлж болох боловч төсвийн нэгдмэл байдалд эргэлзээтэй байх талтай. Тиймээс орон нутаг руу явж байгаа зардлыг ямар шалгуураар, яаж өгөх вэ гэсэн бодлого дээрээ анхаарах шаардлагатай. Гуравдугаарт, төсөв дээр гол анхаарах ёстой зардлуудын нэг бол улс төрийн амлалт, сонгуультай холбоотой хөнгөлөлт урамшуулал, тодорхой бүлэг рүү хандсан нэг удаагийн шинжтэй зардлуудыг багасгах хэрэгтэй.

-Ирэх онд УИХ-ын сонгууль болж, парламент маань 126 гишүүнтэй болно. Төсвийн төсөлд таны хэлсэн шиг улс төрийн, амлалтын шинжтэй зарлагууд хэр байгаа вэ?   

-Манай улсын төсөв яагаад тэлээд байна, үр ашиг муутай байна вэ. Халамжийн зардал нь ихсээд иргэдийн ажиллах, хөдөлмөрлөх хүсэл эрмэлзлэлийг унтрааж байна гэсэн шүүмжлэлүүд гараад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор яагаад Монгол Улсын өр нэмэгдээд байна вэ. Сүүлийн 10 жилийн дотор бид төсвийн алдагдлаар 16 их наяд төгрөгийг хийчихээд сууж байна. Тэгэхээр төсвийн бодлого ингэж алдагдаад байгаагийн үндсэн гол шалтгаан бол энэ улс төрийн нөхцөл байдал болон сонгуулийн тогтолцоотой л холбоотой. Сонгуулийн тогтолцооноосоо болоод бид сүүлийн жилүүдэд төсвөө тарамдуулж, томоохон хөрөнгө оруулалтуудаа хийж чадаагүй. Дандаа л гаднын зээл, тусламжаар хийхийг оролдсоор ирсэн. Сумын төвд Соёлын төв, эмнэлэг, сургууль байх нь хэрэгтэй. Гэвч хүн амынхаа тоотой уялдсан, үр ашигтай эсэхийг харьцуулж харах хэрэгтэй. Гэтэл улс төрийн хандлага ямар байна гэхээр зарим гишүүд өөрийнхөө тойрогт л төсөв татах ёстой гэж ярьдаг болсон. Энэ нь өөрөө хууль зөрчиж байгаа хэрэг шүү дээ. УИХ-ын гишүүн бол хэдийгээр тойргоос сонгогдож байгаа боловч нийт улс орны эрх ашгийн төлөө ажиллах ёстой юм. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр Сангийн яам болон төсөв бэлтгэж байгаа төрийн захиргааны төв байгууллагуудаас төсвийн тэлэлт улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгаа юм. Эрсдэл юу байх вэ, бодлого нь яаж байгаа юм, ирээдүйн өрийн дарамт нь яах вэ гэдгийг хэлэлцэхээс илүүтэй тойрог дагасан төсөв ярьсаар байгаад дуусдаг. Үүнээс үүдээд аль аймаг нь их, бага төсөв авсан гэсэн шүүмжлэл, хэрүүл гардаг. Тэгэхээр манай улсын төсөв дээр байгаа тодорхой гажуудлуудын үндсэн эх сурвалж нь улс төр болон сонгуультай холбоотой. Сангийн яам, Засгийн газрын зүгээс нийгэм рүү хандсан халамжийг бууруулъя гээд оруулаад ирхээр улс төрийн шийдвэр гарлаа гээд буцаагаад нэмчихдэг.

-Ирэх жилийн төсвийн төслийг иргэдийн оролцоотой, саналд нь тулгуурласнаараа онцлог гэж байгаа. Ерөнхий сайд орон нутгуудаар яваад иргэдээр бүтээн байгуулалтуудыг эрэмблүүлээд ирэх оны төсөвт суутгаж өгсөн. Гэтэл сонгууль угтсан амлалтын шинжтэй төсөв болголоо гэж шүүмжлэх хүмүүс байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Сүүлийн жилүүдэд төсвийн ил тод, нээлтэй байдал, иргэдийн оролцоог хангах нь үнэхээр сайжирч байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Төсвийн бэлтгэгдэх явцдаа ил тод байдлыг хангаж чадсан нь томоохон дэвшил мөн. Гэхдээ иргэдийн оролцоо гэдгийг юу гэж ойлгох вэ гэдэг чухал. Иргэдээр төсөв хийлгэх гээд байгаа зүйл биш гэж би хувьдаа боддог. Иргэдээс санал аваад түүгээрээ төсвөө бүрдүүлдэг байж болохгүй. УИХ нь иргэдийн өмнөөс Монгол Улсыг төлөөлөн удирдаж, Засгийн газар нь гүйцэтгэх үүрэг бүхий ийм л засаглалын хувиарлалтын зарчимтай. Бодлогын хувьд УИХ нь удирдан чиглүүлж, Засгийн газар нь түүний дагуу гүйцэтгэнэ. Харин хийх ажлаа иргэдээсээ асууна гэдэг бол миний хувьд эргэлзээтэй зүйл. Иргэдийг сонсох ёстой гэж хэлээд байгаагийн үндсэн зарчим нь энэ төсөв, нийтийн мөнгийг удирдаж байгаа удирдлага нь зөв явж байгаа эсэхийг нийт иргэдийн оролцоотойгоор хянах л асуудал. Тийм болохоор иргэдийг сонсох нь зүйтэй. Гэхдээ тодорхой тойргийн иргэдийн саналыг сонгуулийн өмнө сонсож, тэдний хүсэл сонирхлыг хэрэгжүүлэх, төсвөөр иргэдийг татах, улс төрийн оноо авах арга хэрэгсэл байж болохгүй. Дуу хоолойг нь сонсож, түүнээс нь тодорхой хэсгүүдийг нь төсөвтөө нийцүүлэх зүйл байж болно. Түүнээс биш иргэдийн амаар төсвийг хийх асуудал биш гэдгийг л бид ойлгох хэрэгтэй.

-Ирэх онд 60 сая тонн нүүрс экспортлоно гэж төсөлд тусгасан. Ер нь төсвийн орлого тал дээр хэр бодитой хандсан гэж та үзэж байна вэ?

-Хоёр зүйл илүү их ажиглагдаж байна. Төсвийн зардал өндөр байгаа. Манай улс төсвийн тусгай шаардлагуудтай. Төсвийн зардлыг тэлэх боломжийг бүрдүүлдэг хоёр суурь хүчин зүйл бий. Түүний нэг нь улсын эдийн засгийн өсөлт. Манай улсын эдийн засгийн өсөлтийг төсвийн төсөлд долоон хувь гэж төсөөлсөн байна лээ. Яг өнөөдрийн байдлаар олон улсын байгууллагуудаас хийж байгаа төсөөлөлтэй харьцуулахад өндөр төсөөлөл мөн. Хоёрдугаарт, орлогын төсөөл. Энэ хоёр хүчин зүйл төсвийн тэлэлтийг бий болгох хүчин зүйл болдог. Төсвийн зарлагын тэлэлт нь уул уурхайн бус өсөлтөөс сүүлийн 12 жил, үгүй бол сүүлийн жилийн өсөлтөөс давах ёсгүй. Энэ шаардлагад нийцэж байх ёстой. Эдийн засгийн өсөлт гэдэг зүйл нь өөрөө төсвийн зардал ямар хэмжээгээр тэлэх боломжтой вэ гэдгийг одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд тусгаж өгсөн заалттай. Тийм болохоор төсвийн зардал тэлэлт өндөр байгаа жилүүдэд төсвийг харьцангуй өөдрөг төсөөлдөг. Хоёр алдаа байдаг. Эдийн засаг их сайн жилийг дагасан жилийн төсвийг хэтэрхий өөдрөгөөр төсөөлдөг. Энэ жилийн хувьд бидний хүлээгдэж байгаа төсвийн гүйцэтгэл дээр нүүрсний гарц 52 сая тонн байх боломжтой гэсэн төсөөлөл байгаа. үүнтэй харьцуулахад 60 сая тонн гэдэг тоо боломжийн мэт санагдана. Гэтэл дараа жил бидэнд олон эрсдэл байна. Австралийн нүүрсний гарц нэмэгдэнэ гэж үзэж байгаа. гол өрсөлдөгч нарын нүүрсний гарц нэмэгдэх нь бидэнд эрсдэл авч ирж болох уу. Бид асар их эрсдэл бүхий улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын дунд байдаг. Учир нь бид уул уурхайгаас хамаардаг эдийн засагтай учраас дэлхий нийтийн геополитикийн асуудал, дайн байлдаанаас үүдсэн өндөр инфляцтай байгаа, БНХАУ-ын эдийн засгийн гүйцэтгэл тийм ч сайнгүй байгаа зэрэг зүйлс манайд эрсдэл бий болгоно. Эдгээр эрсдлүүдээ харвал 60 сая гэдэг харьцангуй өндөр тоо. Хоёрдугаарт, үнийн хувьд нүүрсэн дээр ялангуяа нэлээд болгоомжлох ёстой санагдсан. Засгийн газрын зүгээс хийж байгаа “Боомтын сэргэлт”, төмөр замууд, хилийн боомтын нэвтрэх чадваруудыг нэмэгдүүлж байна, далд эдийн засаг буюу “Нүүрсний хулгай” зэрэг асуудлуудыг шийдсэн зэргийг нь авч үзвэл боломжийн байж мэднэ. Гэвч эрсдэл байгааг зайлшгүй бодож, тооцоолох л ёстой.

-Төсвийн алдагдлыг ирэх жил 2.1 их наяд төгрөг байхаар төсөөлсөн. Үүн дээр юу хэлэх вэ?

-Ер нь шулуухан хэлэхэд монгол Улсын хувьд алдагдалтай төсөв батлаад байх нөхцөл байдалтай улс биш. Гэвч манай улсын эдийн засгийн үндсэн чадамж, уул уурхайн бус салбарын эдийн засгийн өсөлт, эдийн засгийн төрөлжилтийн асуудал нэлээд эмзэг. Нүүрсний үнэ болоод 60 сая тонн дээр л эрсдэл гарахд манай улсын төсөөлсөн төсөв өөрөө тэр чигээрээ эрсдэх аюултай. Хэрэв ингэвэл нөгөө төсөөлсөн 2.1 их наяд төгрөгийн алдагдал чинь дагаад л нэмэгдэнэ. Мөн манай улсын төсвийн тэлэлт, алдагдал бага байх ёстой үндсэн шалтгаан нь улс төр болоод бусад хүчин зүйлээс болоод төсөв нь тарамдсан үед заавал алдагдалтай төсөв батлах шаардлагатай юм уу гэдэг зүйл рүү орно. Дээрээс нь улсын өрийн хэмжээ нэмэгдээд байгаа нь өнөөдрийн үр ашигтай бус төсвийн төлөө ирээдүйнхээ боломжоо улам хумьж байгаа л явдал. Өрийн улам нэмж, өрийг өрөөр дараад яваад байгаа нөхцөл байдлын эсрэг зогсох гол арга замын нэг нь төсвийн зардлын тэлэлтийг хязгаарлах. Хоёрдугаарт, алдагдалгүй төсөв батлах ёстой. Гэвч энэ арга замуудыг хэрэгжүүлэх нь өнөөдрийн хувьд боломж хомс байна. Тийм учраас төсвийн тогтолцоогоо тэр чигээр нь эргэн харах хэрэгтэй гэж би бодож байгаа. Ялангуяа дараа жил сонгууль болно. Илүү олон гишүүнтэй болж, парламент хэрхэн бүрдэх нь тодорхойгүй байгаа ийм үед төсвийг улс төрөөс ангид, урт хугацаанд тогтвортой байлгах механикмыг эрэлхийлэх нь бидэнд гарцаагүй чухал.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version