CRI Монгол радио

Хятад, Монголын ГХ-ны сайд нар уулзав

Нийтэлсэн

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И өчигдөр, 16-ны өдөр Бээжин дэх Дяо Юйтай зочид буудалд Монгол улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг хүлээн авч уулзлаа.

Ван И хэлэхдээ, Хятад, Монгол хоёр орон “алтаар солихгүй” сайн хөрш, сайн найз, сайн түнш байх ёстой. Хоёр орны төрийн тэргүүний удирдлага дор Хятад, Монголын харилцаа хөгжлийн эрчээ хадгалсаар байна. Хоёр орны удирдагчид Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг ахиулах, хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцыг хамтаар байгуулах талаар улс төрийн нийтлэг ойлголтод хүрч, хоёр орны харилцааны хөгжлийн төлвийг гаргасан юм. 2024 он бол онцлог жил юм. Ши Жиньпин дарга Монгол улсад хийсэн түүхэн айлчлал, хоёр орны хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон 10 жилийн ой тохионо. Мөн Хятад, Монгол хоёр улсын дипломат харилцааны 75 жил, “Хятад, Монголын найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-д гарын үсэг зурсны 30 жилийн ой ирэх онд болно. Монгол улстай харилцан итгэлцэж, харилцан хүндэтгэсэн, хоёр тал харилцан дэмжиж ирэх жилийн тэмдэглэлт арга хэмжээг амжилттай зохион байгуулж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад Хятад улс бэлэн байна гэжээ.

Ван И цааш нь, Монгол улс бол “Бүс ба Зам”-ын хамтын бүтээн байгуулалтад хамгийн анх оролцсон орнуудын нэг. Монгол улстай хөгжлийн стратегийн уялдаа холбоогоо бэхжүүлж, Хятад Монголын харилцан ашигтай хамтын ажиллагааны үр өгөөжийг хоёр орны ард түмэнд хүртээж, бүс нутгийн хөгжил, тогтвортой байдалд хувь нэмэр оруулж, хувь заяаны нэгдмэл цогцын хамтын бүтээн байгуулалтыг ахиулахад Хятад улс бэлэн байна. Монгол улсыг “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний 3 дахь чуулга уулзалт, Ногоон хөгжлийн дээд түвшний форумд оролцохыг сайшааж, тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх талаар Хятад улс дэмжиж ажиллана гэв.

Б.Батцэцэг хэлэхдээ, Монгол, Хятад хоёр орон өнө удаан жилийн уламжлалт найрамдалтай. Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжлийг Монгол улс дээд хэмжээнд чухалчилдаг. Монгол улс “Нэг Хятадын зарчим”-ыг баримталж, Хятад улсын язгуур эрх ашгийг хамгаалахыг тууштай дэмжиж ирсэн. Монгол-Хятадын харилцаа ирэх онд чухал үе шатыг эхлүүлэх болно. Энэхүү боломжийг ашиглан хоёр талын дээд зиндааны хэлхээ холбоог бэхжүүлж, олон салбарын харилцааг өргөжүүлж, дипломат харилцааны 75 жилийн ой тэмдэглэх бэлтгэл ажлыг хурдавчлахад бэлэн байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх удахгүй БНХАУ-д хүрэлцэн ирж, “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний гурав дахь чуулга уулзалтад оролцоно. Дээд хэмжээний чуулга уулзалт бүрэн дүүрэн амжилтад хүрэхийг хүсэн ерөөе. Талууд харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулахыг хүсье. Монгол улс Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн хэмжээний цуврал санаачилгыг идэвхтэй дэмжигч байх болно гэжээ.

Хоёр тал мөн олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцсон байна.

Exit mobile version