CRI Монгол радио

Ши Жиньпин гадаадын удирдагчидтай уулзав

Нийтэлсэн

Өчигдөр, 10-р сарын 18-ны орой Ши Жиньпин АИХ-ын ордонд “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны гурав дахь чуулга уулзалтад оролцож буй Аргентины ерөнхийлөгч Альберто Фернандес, Кенийн ерөнхийлөгч Уильям Самой Руто, Нигерийн дэд ерөнхийлөгч Кашим Шеттима, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нартай тус тусад нь уулзжээ.

Ши Жиньпин, ерөнхийлөгч Фернандестай уулзахдаа, “Хятад, Аргентины дипломат харилцааны 50 жилийн түүхэнд хоёр тал хүндэтгэлтэй эрх тэгш харьцаж, харилцан ашигтай байж хамтдаа ялалт байгуулсан. Хятад улс Аргентинтай стратегийн уялдаа холбоогоо бэхжүүлж, Хятад, Аргентины харилцааны тогтвортой байдал, урт хугацааны хөгжлийг ахиулж, дэлхийн өмнөд бүс нутгийн улс орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааны үлгэр жишээ үзүүлэхэд бэлэн байна” гэв. 

Фернандес хэлэхдээ, “Аргентинчууд бидэнд хамгийн хүнд хэцүү цаг тулгарахад Хятад улс байнга хамт байсан. Тиймээс би та бүхэнд талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Хятад улс дэлхийд тэргүүлэх байр суурьтай бөгөөд олон талт үзлийг хамгаалах талаар Хятад улс манлайлан ажилласан” гэв.

Ши Жиньпин, ерөнхийлөгч Рутотой уулзахдаа, “Хятад, Кени улс 60 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орон бие биедээ эрх тэгш хандаж, бие биенээ дэмжиж ирсэн бөгөөд харилцан итгэлцсэн сайн найзууд, сайн түншүүд юм. Хятад, Кенийн харилцааг стратегийн болон урт хугацааны хэтийн төлвөөс харж, Кенитэй хамтаар хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд Хятад улс бэлэн байна” гэв.

 Руто хэлэхдээ, “Кени бол “Бүс ба Зам” санаачилгын асар их ашиг тусыг хүртэж байгаа орон. Өнөө өглөө таны хэлсэн “Бүс ба Зам” санаачилгад дэвшүүлсэн найман талт арга хэмжээ нь “Бүс ба Зам” санаачилгын 10 жилийн турших ололт амжилтыг ихээхэн нэмэгдүүлэх болно” гэв.

Ши Жиньпин, Шеттиматай уулзахдаа, “Энэ жил “Бүс ба Зам”-ыг хамтаар байгуулах тухай миний санаачилга дэвшүүлсний 10 жилийн ой, мөн Африкад чин сэтгэл, ойр дотноор хандах үзэл баримтлал дэвшүүлсний 10 жилийн болж байна. “Бүс ба Зам”-ын хамтын бүтээн байгуулалтад Хятад, Нигери, Хятад Африкийн хамтын ажиллагааг ахиулж, Нигеритэй үргэлжлүүлэн хамтран ажиллаж, илүү бодитой үр дүнд хүрч, Нигер, Африкийн аж үйлдвэржилт, хөдөө аж ахуйн орчин үеийн хөгжилд тус дөхөм үзүүлэхэд Хятад улс бэлэн байна” гэв.

Шеттима хэлэхдээ, “Бид Хятад улсыг маш их хүндэлдэг. Биднийг цэцэрлэгийн хүүхдүүд шиг үзэж, юу хийх талаар дорд үзэж сургадаг бусад орнуудаас ялгаатай нь Хятад улс бидэнтэй харилцан хүндэтгэж, эрх тэгш байх зарчим баримталж ирсэн. Бид Хятад улстай гар нийлж Хятад Нигерийн хамтын хөгжил, Ази Африкийн хоёр тивийн хөгжилд хүрэхэд бэлэн байна” гэв.

Ши Жиньпин, Антонио Гутерриштэй уулзахдаа “НҮБ бол “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах чухал түнш юм. Хятад улс НҮБ-ын байгууллагуудтай хамтран “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд ахиулж, дэлхийн энх тайван, хөгжилд хувь нэмрээ оруулахад бэлэн байна” гэв.

Антонио Гутерриш хэлэхдээ, “НҮБ-ын хувьд бид “Бүс ба Зам” санаачилга нь хөрөнгө оруулалт хийх боломж, нөхцөлгүй зарим улс оронд цуврал хөрөнгө оруулалт хийхэд туслах маш сайн хэрэгсэл гэж үзэж байна. Түүнчлэн “Бүс “Ба Зам” санаачилга нь олон улсын эдийн засаг, санхүүгийн илүү тэнцвэртэй, тэгш байдалд хүрэхийн тулд зарим үндсэн өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэйг сануулж байна” гэжээ.

Exit mobile version