Нийгэм

С.Чулуун: Одоо ч ганц хоёрхон залуу судлаач гангын бороо шиг “бөөрөнхий” шүүмж уншуулах төдий

Нийтэлсэн

Хөдөөд бүр зах зайдуу хязгаараас Монголын уран зохиол, уншигчдын оюун санаанд эрдэнэ мэт бүтээлээ хүргэж суудаг яруу найрагч, зохиолч тийм ч олонгүй. Тэгвэл эх орны өмнөд хил, Сулинхээрийн хязгаар, Хатанбулаг суманд тавиад жил Монголын ирээдүй хойчийг сурган хүмүүжүүлэхийн зэрэгцээ уран бүтээлээ туурвиж яваа Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт яруу найрагч Сономын Чулуунтай уншигч таныг уулзуулж байна.

-Эх орны өмнөд хил дээр амар тайван сууж ертөнцийг ажиглаж байгаа уран бүтээлчийн хувьд ганзага дүүрэн л яваа биз дээ?

-Тэтгэврийн өвгөнд ажил алба гэж байх биш. Гэрт бас яаж зүгээр байх вэ дээ. Элдэв юм бодосхийн хашаанд тэнэхэд шүлгийн санаа зурсхийн орж ирэхэд баярлана даа. Бушуухан тэмдэглэж эргэцүүлэн, “Энэ хөөрхөнөөр ер юу хийе дээ” гэх эрднийн чулууны дархан шиг санаашрах нь их. Зарим нь юм болно. Хөл хорионд эс хамаарах зүйл нь хүний сэтгэл юм. Шүлэг өөрөө бас сэтгэлээс ургах зүйл.  Ноднингоос өгүүллэг шүлэг алагласан нэг ном бэлтгээд  “Сар нарны уртад” нэртэйгээр хэвлүүлчихлээ. Бас зүгээр суусангүй дээ. Өөртөө л зөв өвгөн байгаа биз дээ

-Та сайн уран бүтээлчээс гадна сайн уншигч. Тэгэхээр Монголын уран зохиолын чиг хандлага хаашаа явж байна вэ. Зөв замаар явна уу, эсвэл буруу замаар будаа тээж явна уу?

-Монголын уран зохиолын чиг хандлага өөрийн жам ёсоор, голдиролоо даган цалгихдаа цалгиж л яваа болов уу. Миний мэт өвгөн уншигчийн залуу насандаа уншиж асан олон сайн романы эн сэжүүрт хүрэх бүтээл харин олон болов уу гэвэл толгой сэгсрэмээр аж. Д.Төрбатынхаа олон романаас ганц хоёрыг уншсан. “Сунтагийн адис” нь их дажгүй. Түүхэн талаа барьж бичсэн сонирхолтой юм билээ. Өгүүллэг их муудлаа. Нуршсан, үг хэл ядруу өгүүллэг л бичих болж. Өгүүллэг богино байх, уран байх тусмаа хүнд өгөөжтэй гэж санадаг. За кино зохиол гэж ойлгохооргүй шалдар юмс үерлэж дээ. Алаан хядаан, цус, архи , завхай зайдан л байна. Яруу найрагч олон болчихсон мөртөө нэг олон дүргүй, гол санаагүй чамирхал. Ихэнх нь хэвэнд цутгасан баримал шиг шүлэг бичиж байна.  МЗЭ-д нэг шүлэг маягтай юм бичсэн хүн л элсчихээд зохиолч болов гээд онгирдог үе иржээ. Энд хүний эрх гэж ярих нь дэмий юм. Утга зохиолын эрх ашиг, нэр хүнд гол хэмжүүр. Би чинь анхны шүлгээ хэвлүүлээд 28 жилийн хойно МЗЭ-д элссэн хүн. Харин боловсорсон байвал байхаар үедээ гишүүнд элссэндээ өег явдаг юм. Тэгсэн одоо нэр сураг сонсоогүй охид хөвгүүд байтугай дал гарчихсан өвгөн “яруу найрагч”  болчихоод гаарах нь сайн юм биш. МЗЭ маань өндөр босготой байгаасай даа. Шал дэмий хогийн ургамал их ургуулчихвал мөнөөх утга зохиолын цэцэрлэгээс алим жимсээ олохоо болино доо. Монголын утга зохиолын ахмад үе уулын нөмөр шиг байсаар буй. Ид үеийнхэн шижигнүүлж ч явна. Гэхдээ тэдний дунд алгуурлагч, нэр төр, алба хэргэмээр ташууран урвагч мэр сэр байгаа нь мэдэгдээд л байгаа. Харин залуу үе маань итгэж болох эсэхийг хэлэхэд эрт байна. Энэ гурван цагийн холбоо гүн зангидах хэрэгтэй. Монголын утга зохиол уламжлал шинэчлэлийн зөрөг дагасхийж яваа. Зохиолч нөхдийн авьяас, чин санаанаас зөв бурууг нь он цаг хэлнэ дээ.

-Орчин цагт утга зохиолын судлал шүүмжлэл алга боллоо гэх шүүмжлэл гарах болжээ. Энэ талаар юу хэлэх вэ?

-МЗЭ маань утга зохиолын хөгжил, замналын луужин байх шүү. Тэнд долоо найман чиглэлийн төвүүд байдаг. Тэр төвүүдэд зохиолчид хуваагдан харьяалдаг болов уу. Гэхдээ би аль төвд нь яваагаа ч мэдэхгүй болтлоо хөдөөширчээ. Яруу найргийн хавьд нэр бий л гэж бодно. Судлал шүүмжлэлийн төв ч бас олон хүний нэр бий биз. Гэвч мэргэжлийн гэхээр судлаач шүүмжлэгч маш цөөн бололтой юм.  Ч.Дагвадоржийг яруу найрагт, Д.Цэнджавыг роман бичихээс өмнө элдэв шүүмж, задлан шинжлэл зөндөө гардаг байсан шүү. Одоо ганц хоёр залуухан судлаач гангын бороо шиг “Бөөрөнхий” шүүмж уншуулах төдий.  Бараг үгүй дээ. Энэ олон гээд байгаа шүлэгчдийн үймээн дундаас маш цөөн хүн яруу найрагч хэмээн цоллуулахад өнөөх шүүн тунгаагчид “сайн нөхөр” байх л учиртай гэж горьдоно. Би бол зүгээр л нэг бичих гэж ядсан амьтан. Бараг 60 жил яруу найрагтай нөхцлөө. Сайн нь байг, муу үг ч сонссонгүй өнгөрчээ. 1996 онд “Утгын чимэг”-т нэг өгүүллэг минь аман хүзүүдэхэд зохиолч “Хон хэрээд”-ийн Б.Энхбат л магтаалын нэг өгүүлбэр хэлснийг уншсан даа. Хүн ямар яваагаа өөрөө мэдэхгүй. Судлаач шүүмжлэгч нар л хэмжиж, хяргаж, өөлж зална шүү дээ . Утга зохиолд үүн шиг хэрэгтэй юм үгүй. Шүүмжлэгч хүн их уншсан, их мэдсэн, давж гарах чансаатай байж зохиолчид тус болно доо. Эдүгээ тийм бус байгаа гэж бодох юм. Зөв үү буруу юү.

-Ерээд оноос хойш сэтгэлгээ нэрийн дор үндэсний уламжлалт уран зохиол, түүний үг хэллэгт даяаршлын нөлөө шургалсаныг үгүйсгэхгүй. Орчин цагт дэлхийтэй хөл нийлүүлнэ гэж байгааг буруутгах аргагүй. Гэтэл хэтэрхий туйлширч, үндэсний бүхнээ умартаж байна. Үүнд хамгийн их нэрвэгдэх магадлалтай нь үндэсний уран зохиол юм шиг санагддаг. Таны хувьд?

-Миний бодлоор яруу найраг гэдэг сэтгэл, сэтгэлгээ, мэдрэмж юм.  Хүний бичнэ гэсэн чин санаа маань мэдрэмжээр илрэнэ. Харин яаж сэтгэх нь сэтгэлгээ л дээ. Сүүлийн 20-иод жил сэтгэлгээний яруу найраг гэж ярих болсон. Өмнө нь монгол уламжлалд юу байсан тэр л байсан л даа. Оньсого, зүйр цэцэн үг гэвээс цэвэр сэтгэлгээ. Монголын ард түмэн агуу сэтгэлгээтэй юм. Яруу найраг өөрөө оюун санааны дээд төвшины урлаг. Тэр талаасаа л ойлгох учиртай. Одоо чинь засаг төрөө харааж буй хүний толгой холбосон юмыг хүртэл яруу найраг гээд л сэвж байна. Хүний хэлэх байсныг өндөр төвшинд гоо сайхантай хэлэх л яруу найраг. Сэтгэлгээний бус яруу найраг гэж ярих нь бас өрөөсгөл.  Сая би нэг залуу хүний шүлэгнээс “сэтгэл урагдах” гэж бичснийг хараад гутарсан шүү. Сэтгэл сэмрэх нь гоо сайхан болохоос… гэж л зовнисон доо.  Сэтгэлгээний шүлэг бичдэг, бичлээ гэгчдийн зарим шүлэг ерөөсөө гаднын орчуулагын шүлэг шиг болхи байгаа нь нууц биш. Монгол уламжлал, үндэсний шинж бүр алдагдсан байгааг чи мэднэ биз. Жамцын Бадраа гуай аль 1965 онд Таагүүрын “Өргөлийн дуулал”-ыг дорнын уламжлал барьж гайхамшигтай орчуулсныг санаж байна. Тэр шүлгүүд ч сэтгэлгээний яруу найраг байсан шүү. Одоо нэг их сэтгэлгээ дээдлэх гэж, тийм шүлэгтэй, үгүй гэж ялгаварлахыг хувьдаа таашаахгүй л байна. Зүгээр толгой холбосон хоосон магтаалд ямар ч сэтгэлгээ үзэгдэхгүй оролдлого л байдаг. Оролдлогын яруу найраг гэж харин байхгүй байх даа. Монгол уламжлал бол сэтгэж, урсгаж хэлдэг уншдаг яруу найрагтай.

-Энэ цагт дангааршиж үлдэх тухай ч ярих болж, нөгөө талд дэлхийн хэмжээнд очно гэх хийсвэр зүйл ч ярих болж, Та учир мэдэх хүний хувьд нэг үг хэлэх байх?

-Би дангааршил талдаа хэлбийгч юм. Хол ойр яваагүй, жалга довондоо хоргодсон нь миний дутагдал биз. Тэхдээ би утга зохиол талдаа бага сага нүд нээсэн гэхээр. Монголын утга зохиолыг дэлхийн түвшинд хүргэх гэж яривч дэлхийн олон хэл, төрлийн утга зохиолтой хольж бантагнах гэж ухаарч даяаршилд чирэх нь сайн юм биш. Монгол монголоороо сэтгэж, илүү олж хэлж дэлхийн утга зохиолд цахилах нь нээлттэй л байгаа. Яагаад монголын яруу найраг дэлхийд гарахгүй байна гэсэн яриа нь дэмий л зовнил. Бид сайндаа гурван сая уншигчтай. Гэтэл тэрбум уншигчтай улс гүрэн, бас англи хэлтний тоо баримжаа хоёрт ялгаа их. Тоо, хэлтний цараар л утга зохиолыг чамлах нь ташаа юм биш үү.  Ер нь шүлэг орчуулна гэдэг гажуудал ч байж мэднэ. Жишээ хэлэхэд тансаг монгол хэлээр, цэцэлж бичдэг Хөдөлмөрийн баатарД.Пүрэвдорж гуайн шүлэг найргийг дордуулж доромжилж л орчуулна гэж бардам хэлнэ. Балжирын Догмидыг даяаршуулж дэлхийд гаргана гэж тэр чамин уран бичлэгийг гутаах хэрэггүй л юм. За энэ мэт бодол бол хоцрогдсон өвгөний хоосон хэнээрхэл байж мэднэ шүү. Монгол бол дэлхийд өөр ижилгүй нүүдэлчин түмэн. Тэр зан суртал, ахуйн гоо сайхныг бид л бичнэ. Бид л ойлгоно. Илүү юмаар яах юм. Энэ цөөхөн ард олны сэтгэлийг л засаж явбал барав.

-Өдгөө туурвиж байгаа, уран зохиолд хөл тавьж байгаа залууст ахмад уран бүтээлчийн хувиар сануулж хэлэх үг байгаа даа. Та багш хүн шүү дээ?

-Зөвхөн манай Дорноговьд 40 гаруй залуус шүлэг бичиж байна. Насных нь хорхой дарагдаад ирэхэд хэд үлдэх бол доо. Ингэж бодоход монголд шүлэг зохиол оролддог залуус мөн ч олон байнаа даа. Муу юм бишээ. Сэтгэлээ олондоо юүлэх шиг ариун юм үгүй. Өвгөн ах нь алдартай яруу найрагч биш, эхлэн бичигчийн манцуйнаас сугарч унасан бичгийн сэхээтэн төдий. Насаа бодож залууст хэлмээр юм байлгүй дээ.  Өөрийнхөөрөө л бай гэж эхлээд захия. Чиний шүлэг бол чи юм. Бусдын хуй салхинд хийсэн эргэлдэх цаас төдий бүү яваасай. Хүн хүний шүлгийн мөр бадгаас авч “боловсруулсан” залуу хүний шүлэг уншиж өмнөөс нь санаа зовох явдал байх юм билээ. Тэр их дэмий. За тэгээд их уншиж, бясалгаж, санааширч насны үйл утга зохиол мөн үү биш үү гэдгээ таних нь зүй. Утга зохиол бол сатаарал, хобби биш. Сэтгэлийн хөдөлмөр дөө.

-Уламжлалт уран зохиолын чиг хандлага, хөгжлийн цаана эх хэл, эх хэлийг агуулж байдаг амин сүнс уран зохиол байна. Энэ бүгд нь улс орны оршин тогтнох нэгэн том үндэс суурь байгааг ойлгох, ойлгохгүй хүн байна. Үүнд л та бүхний үг л ус агаар мэт хэрэгтэй цаг иржээ?

-Яруу найраг маань хүн төрөлтний амин чухал хэрэглээ. Яруу найраггүй урлаг гэж хаана билээ. Тиймээс яруу найраг өөрөө яруу тунгалаг байваас зохистой. Яруу тунгалагийн жинлүүр нь хэл. Монгол хэлээрээ сайхан, онож бичдэг хүмүүс олон байна. П.Нямлхагва, ГИшхүү, Б.Баттулга, Ш.Лхамноржмаа… гээд нас, биеэ, авьяас жагссан идэрхэн найрагчдыг би заавал уншдаг юм. Тэд үг сайтай. Үг сайн гэдэг монгол хэлээ сонсголонтой хэрэглэдэг гэсэн үг. Монгол хэлээ цэвэр нандин авч явах “харуулын цэрэг” нь зохиолчид юм. Цэрэг хүнд нүд цавчих эрх үгүй.

-Тэгвэл орчин цагийн уран зохиолын өнгөнд ямар залуус, уран бүтээлчид байгаа вэ. Ер нь өнгөнд явна, тэргүүлж байна гэж болох хүмүүс байна уу?

-Түрүүнд хэлсэн. Олон залуус бичиж байна. Уншдаг юмаа тэднийгээ. Заримдаа ихэр юм шиг адилхан бичлэг хараад залхуу хүрч, урам хугардаг ч удаа байна. Э.Гантулга гэж Дундговийн нэг хүүгийн шүлэг санаа, дүр, ур сайтай. Бас санаагүйг санана. Өөрийн өнгө намбатай нь мэдэгддэг. Батхүрэл гэж Өмнөговьд байгаа. Сэтгэлийн шүлэг нь хүнд их ойр юм билээ. Өөр олон залуустаа итгэдэг шүү.

-Монголын уран зохиолд буйд хөдөөд амьдарч бүтээж ирсэн цөөн хүмүүс байдгийн нэг нь та. Түүнээс аймаг сууринд бол олон л байх. Энэ нь уран бүтээлд үзүүлэх нөлөөлөл нь ямар байх юм?

-Манай зохиолчдын дал наян хувь нь нийслэлдээ суудаг байх шүү. Хөдөө насаараа сууж бичиж туурвиж буй Б.Норов, Г.Чардаг, Д.Мандахсан, Дагвадорж, Ц.Төмөрбаатар, Ц.Жамбалгарав, С.Амартайван, Б.Энхжаргал… гээд зөндөө шүү дээ. Би тэдний л нэг нь. Бид олон зохиолчдын  наргиа доргион, номын нээлт, хөдөөг зорьсон аян харгуй, сэм нам уулзалт мэтээс жаахан холуур л байх. Бусдаар бол өөрийн жаяг дэгээр бичиж суугаа юм. Хотынхон биднээс бужигнаж хөөрөх нь арай илүү биз. Яг суманд насаараа суучихсан зохиолч маягтай хүн харин цөөн шүү. Би 1973 оноос энэ л хонхортоо суусан байна. Алдсан юмаа мэдэхгүй юмаа. Хааяа номоо хэвлүүлнэ. Ая таарвал энд тэнд шүлгээ уншчихна. Заримдаа шан хүртчихнэ. Манай сум утга зохиолд ээл сайтай тулдаа яруу найргийн наадам гэдгийг нутагтаа хийсээр ирсэн цөөн сумын нэг. Одоо манай суманд МЗЭ-ийн гишүүн гурван хүн ажиллаж амьдарч байна. Ийм сум Дорноговьд л лав байхгүй.  Бид 2009 онд сумандаа утга зохиолын “Алтан гөрөөс” нэгдэл гэж байгуулсан юм. Одоо арав гаруй шүлэг бичдэг хүн бий. Манай нэгдлийн нэрээр олон улсын яруу найргийн фестиваль Эргэлийн зоонд болж байлаа шүү дээ. Миний эрхэм шавь С.Билэгсайхан маань их хүч зүтгэл гаргасан даа. Тэгэхээр хөдөө ч утгазохиолын амьдрал өрнөж л байдаг. Гагцхүү сайн бичих л хэрэгтэй нэж боддог.

-Уран бүтээлч хүнтэй уулзасных анхны шүлэг, анхны ном, анхны багш гээд танд бол дурсамж дүүрэн байгаа даа. Үүнээсээ хуучлаач?

-Анх арван хоёр насандаа шүлгэрхүү юм оролдоод Самбуугийн Банди багшаасаа урмын үг сонсож  билээ. Тэр цагаас утгазохиол гэдэг насны үйлийн зам заяа хөтлөсөн бол уу.  1964   онд аймгийн “Ялалт ” сонинд анхны шүлэг хэвлэгдэж  билээ. Тэр шүлгийг минь “Эх орноо магтан дуулая”гэх алдартай дууны шүлэг бичсэн Жалбуугийн Дансранжавын зөвлөгөө дэмжснээр хэвлэгдсэн тул миний багш гэж дээдлэн санадаг. Харин бүр хожуу 1974 онд Цог сэтгүүлийн “Оч” буланд ардын уран зохиолч С.Дашдооров ахын магтсан үгтэй хэдэн шүлэг тавигдаж монголын утгазохиолд нэр, бүтээлээ нийлүүлсэн юм даа. Уулзсан учирсан сайхан зохиолч ахас ихэс бас дүү нар цөм миний багш юмаа. Тэднийгээ хайрлан санадаг даа. Би чинь газарзүйн багш мэргэжилтэй шүү. Гэхдээ өнөө элээсэн оймосны хэрээр олон залуу хүүхдийн эхний шүлгийг засаж “олом жирэм чангалсан ” ажээ. Дээр хэлсэн С.Билэгсайхан маань, одоо радиод ажиллаж байгаа Д.Мөнхзул хоёр бол яг тийм шавь минь билээ.

Эх сурвалж: “ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Exit mobile version