Дэлхий

Европын холбоо “МЕТА”, “ТИКТОК”-т худал мэдээллийг цэгцлэх ХУГАЦАА ӨГЛӨӨ

Нийтэлсэн

Европын зөвлөл өчигдөр хуралдаж “Мета”, Тик Ток” компаниудыг Израил-Хамасын мөргөлдөөний талаарх худал ташаа мэдээллийг цэгцлэх зургаа хоногийн хугацаа өгчээ. Фейсбүүкийн толгой компани болох “Мета”, БНХАУ-д бүртгэлтэй “ТикТок” аппликейшний үйлчилгээ үзүүлэгч компанид худал ташаа мэдээллийг цэгцлэх, худал мэдээллийг нийтэд цацах тал дээр ямар арга хэмжээ авсан талаарх дэлгэрэнгүй тайлан боловсруулах шаардлагатай болж байна.

Израил-Хамасын мөргөлдөөн эхэлснээс хойш 10 гаруй хоногийн хугацаанд дээрх нийгмийн сүлжээний хуудаснуудаар өдөөн турхирсан өнгө аястай, илт худал мэдээлэл тархсан юм. Улмаар Европын цахим үйлчилгээний тухай хуулийн дагуу дээрх компаниудад дараах шаардлага тавьсан байна.

Үүнд “Мета” компаниас “Хамас зэвсэгт бүлэглэлийн үйлдсэн халдлагын талаарх мэдээллийг цацах эсэх тал дээрх эрсдлийн үнэлгээ, нөлөөллийг хэрхэн бууруулах талаар авсан арга хэмжээ, цаашлаад тархсан мэдээлэлд хяналт тавих тал дээр гүйцэтгэсэн ажлын талаарх дэлгэрэнгүй тайлан боловсруулах…” шаардлага тавьсан байна. Харин “ТикТок” аппликейшний хувьд терроризм, хүчирхийллийн агуулгатай контент, үзэн ядах, ялгаварлан гадуурхах утгатай нийтлэлүүдийг хэрхэн зохицуулдаг талаарх тайлан мэдээлэл авахыг шаардсан байна.

Европын зөвлөл өнгөрсөн долоо хоногт өмнөх нэршлээр Твиттер буюу “Х” платформд дээрхтэй адил шаардлагатай тавьсан юм.

Шаардлага ёсоор дээрх компаниуд энэ сарын 25-ныг хүртэлх хугацаанд Израил-Хамасын мөргөлдөөнтэй холбоотой ташаа мэдээлэлд авсан хариу арга хэмжээг тайлагнах ёстой болж байна. Хэрэв ямар нэгэн байдлаар Европын холбооны цахим үйлчилгээний тухай хууль зөрчсөн нь тодорхой болсон тохиолдолд тухайн компанийн жилийн нийт орлогын 6%-тай тэнцэх хэмжээний торгууль ногдуулах боломж бүрдэх юм.

Израил-Хамасын зэвсэгт мөргөлдөөний улмаас Европ даяар еврей болон муслим иргэдийг үзэн ядах, тэдний эрхэд халдах хэрэг нэмэгджээ. Үүнийг зохицуулах, эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд Европ даяар мэдээллийн аюулгүй байдалд анхаарал хандуулах шаардлага тулгарсан юм.

Эх сурвалж: CNBC, France24, BBC

Exit mobile version