Дэлхий
Жүжигчин Мэттью Перригийн үхлийн шалтгааныг тогтоохын тулд нэмэлт шалгалт хэрэгтэй гэж үзжээ
Алдарт “Friends” цувралын гол дүрийн жүжигчдийн нэг Мэттью Перри өнгөрсөн Бямба гарагт Лос-Анжелес дахь гэртээ нас барсныг олсон билээ.
Лос-Анжелесийн шүүх шинжилгээний алба жүжигчний үхлийн шалтгааныг тогтоохын тулд илүү нарийвчлан шалгах шаардлагатай гэж дүгнэжээ.
Тус алба Ням гарагийн үдээс хойш Перригийн онлайн бүртгэлийн статусыг “хойшлогдсон” болгон өөрчилсөн нь ийм утгатай байв.
“Задлан шинжилгээний үеэр үхлийн шалтгааныг тогтоох боломжгүй тохиолдолд нэмэлт шалгалтыг дуусах хүртэл “хойшлогдсон” гэрчилгээг олгодог” гэж тус албаны тайлбарт өгүүлжээ.
Бямба гарагийн орой 911 дугаарт ирсэн дуудлагаар Лос-Анжелес хотын аврах албаныхан очиход 54 настай жүжигчний цогцос халуун усны ванн дотроос олдсон юм.
Перри өөрт тулгарсан зовлон бэрхшээлийн талаар нуудаггүй, илэн далангүй ярьдаг байлаа.
Тэрбээр 2022 оны арваннэгдүгээр сард гаргасан “Friends, Lovers, and the Big Terrible Thing: A Memoir” нэртэй дурсамж номдоо донтолтоос ангижирч, бусдад туслахын төлөө зүтгэж байгаагаа бичсэн байв.
“Хэн нэгэн над дээр ирээд “Би архи уухаа больж чадахгүй байна. Та надад тусалж чадах уу?” гэж асуувал “Тийм” гэж хариулах бол миний хийж чадах хамгийн сайн зүйл” гэж Перри дурсамж номынхоо талаар нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо ярьж байжээ.
Тэрбээр өөрийгөө “сайхан амьдарч, сайхан хайртай учирч, хүмүүст туслахыг хүсдэг хүн” байсан хэмээн дурсагдах хүсэлтэйгээ энэ үеэр ярьж байсан юм.
“Friends” цувралын ид үед Перри архины донтолттойгоо тэмцэж байсан тул зарим хэсгийг нь үзэж чадаагүйгээ дурсаж байжээ.
1994-2004 онуудад үргэлжилсэн “Friends” цувралд Женнифер Энистон, Лиза Кудроу, Куртни Кокс, Дэвид Швиммер, Мэтт Лебланк нар Перритэй хамт гол дүрүүдийг бүтээж, залуу насаа дэлгэцэнд мөнхөлсөн юм.
Эх сурвалж: CNN