Дэлхий

Израилийг эсэргүүцэгчид Дагестаны нийслэлийн нисэх буудлыг дайран эзэлжээ

Нийтэлсэн

Израилиас онгоц ирсэн гэх цуурхлын улмаас хэсэг бүлэг хүмүүс Дагестаны нийслэл Махачкала хотын нисэх буудалд дайран орсон хэрэг Ням гарагт гарчээ.

Тэд Израилийн онгоцоор ирсэн жүүд хүмүүсийг олж залхаан цээрлүүлэх зорилготой байсан байна.

Энэ үйл явдлын дараа Израилийн засгийн газар иргэдийнх нь аюулгүй байдлыг хангахыг ОХУ-ын эрх баригчдад уриалжээ.

“Аллах акбар” гэж хашхиралдсан хэсэг хүмүүс нисэх буудлын хамгаалалтын бүсэд дайран орж, зарим нь онгоцны хөөрөх, буух зурваст нэвтэрснийг сошиал сүлжээнд тарсан дүрс бичлэгүүд харуулсан байна.

Удалгүй Оросын иргэний нислэгийн агентлаг Россавиация нисэх буудлын үйл ажиллагааг бүрэн зогсоосныг зарлаж, хууль сахиулагчид дэг журам тогтоохоор нисэх буудалд иржээ.

“Нөхцөл байдлыг хяналтдаа авсан. Хууль сахиулагчид газар дээр ажиллаж байна” гэж Бүгд Найрамдах Дагестан Улсын засгийн газар сошиал хуудсаараа мэдэгдсэн байна.

Россавиация сүүлд гаргасан мэдэгдэлдээ нисэх буудлыг бүрэн чөлөөлсөн ч арваннэгдүгээр сарын 6-ны өдөр хүртэл ажиллахгүйг мэдэгджээ.

Оросын Холбооны Мөрдөн Байцаах Товчоо болсон явдалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах шийдвэр гаргасан байна.

Ням гарагийн орой Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдэлд “Оросын эрх баригчид Израилийн иргэд болон жүүд хүмүүсийг хамгаалж, тэдний эсрэг аливаа хүчирхийллийг таслан зогсооно гэдэгт манай засгийн газар найдаж байна” гэжээ.

Дагестаны засгийн газраас гаргасан мэдэгдэлд “Бид бүгд Палестины ард түмний эсрэг харгис аллага үйлдэж буйг хараад зүгээр суухад хэцүү байгаа. Гэхдээ манай ард иргэд хорлон сүйтгэгч бүлэглэлүүдийн өдөөн хатгалгад автаж, нийгмийн дэг журмыг алдагдуулж болохгүйг анхааруулж байна” гэсэн юм. Хөрш Чеченийн засгийн газар бас ижил утгатай мэдэгдэл гаргасан байна.

Fligthradar нислэгийн мэдээллийн сайтад үзүүлснээр өчигдөр Red Wings компанийн нисэх онгоц Тель-Авив хотоос Махачкалад орон нутгийн цагаар 19 цагийн үед иржээ.

Энэ нь Москва чиглэлийн дамжин өнгөрөх нислэг байсан тухай Оросын хэвлэлүүд мэдээлсэн байна.

Оросын эрх баригчид Хамас-Израилийн мөргөлдөөний үеэр аль аль талтай нь харилцаагаа хэвийн хадгалахыг хичээж байгаа.

Өнгөрсөн долоо хоногт Хамасын төлөөлөгчид Москвад хүрэлцэн очсон. Өчигдөр буюу Ням гарагт Израилийн гадаад хэргийн яам энэ айлчлалын мөрөөр ОХУ-ын элчин сайдын яаманд эсэргүүцэл илэрхийлжээ.

Ар Кавказын бүс нутагт оршдог Дагестан бол муслим хүн ам голлон суудаг ОХУ-ын холбооны субъектуудын нэг.

Ням гарагийн өглөө тус бүс нутгийн бас нэг субъект болох Кабардино-Балкарын Нальчик хотын жүүдийн соёлын төвд гал тавьсан хэрэг гарчээ.

 

Эх сурвалж: AFP

Exit mobile version