Энтертайнмент
Шварценеггер ид үедээ Сталлонег “замаасаа зайлуулахыг оролдож” байснаа хүлээн зөвшөөрөв
Калифорни мужийн захирагч асан, Холливүүдийн од Арнольд Шварценеггер өнгөрсөн Баасан гарагт “Graham Norton Show” нэвтрүүлэгт оролцохдоо жүжигчин Силвестер Сталлоне түүний уран бүтээлийн ширүүн өрсөлдөгч байсныг хүлээн зөвшөөрчээ.
“Бид ид үедээ кино урлагийн том өрсөлдөгчид байж, өрсөлдөөн маань туйлдаа хүрч байсан удаатай. Бид хамгийн сайхан бие хаатай байхын төлөө, кинонд хамгийн олон хүн алахын төлөө, хамгийн том буутай байхын төлөө өрсөлддөг байлаа. Энэ нь хяналтаас гарч, бүр нэг нэгнээ замаасаа зайлуулахыг хүртэл оролдож байсан. Дараа нь бид хоёул “Planet Hollywood”-д хөрөнгө оруулснаар үүнийгээ сурталчлахын тулд хамтдаа дэлхийгээр аялж, гайхалтай сайхан найз нөхөд болсон юм” гэж “Terminator” ярьсан байна.
“Planet Hollywood” нь олон улсын рестораны сүлжээ юм.
Шварценеггер, Сталлоне нар 1970-аад оны үед жүжигчний замналаа эхэлж, дэлхий дахинд алдаршиж байлаа.
Шварценеггерын анхны хит уран бүтээл “Hercules in New York” 1970 онд дэлгэцэнд гарсан бол Сталлоне 1976 оны “Rocky” киногоороо Оскарын шагнал хүртэж байв.
“Planet Hollywood”-ийн хөрөнгө оруулалтаас гадна тэд 2013 онд “Escape Plan”, “Expendables” кинонуудад хамтран дүр бүтээж байжээ.
Энэ онд бас тэд хоёул Нэтфликсийн баримтат киноны гол баатрууд болж байгаа.
Шварценеггерын амьдралаар бүтээсэн “Arnold” баримтат кино зургаадугаар сард гарсан бол Сталлонегийн “Sly” ирэх сард үзэгчдэд хүрэх юм.
Эх сурвалж: CNN