Ерөнхийлөгч

АЙЛЧЛАЛ | ВЬЕТНАМ | БИДНИЙ МЭДЭХ ЁСТОЙ ЗҮЙЛС

Нийтэлсэн

Манай сэтгүүлч, редактор Б.Болорсүх айлчлалыг сурвалжилж байна 

Вьетнам гэдгийг зөвхөн засвараар нь дүгнэх хүмүүс олонтаа. Гэвч үгүй аж. Дэлхийд эдийн засгаараа эхний 20-д орох амбицтай, АНУ-тай худалдааны эргэлтээ 200 тэрбум ам.долларт хүргэх зорилготой, Монгол Улстай дипломат харилцаагаа шат ахиулах хүлээлттэй Вьетнам улсад Монгол Улс Ерөнхийлөгчийн түвшинд 10 жилийн дараа айлчилж байна. Айлчлалаас тогтож харах, мэдэх ёстой зүйлсийг уншигч танд хүргэе.


ТОГТОЖ ХАРАХ ТОО

Монгол-Вьетнамын харилцаанд тогтож харах ёстой хэд, хэдэн тоо байна. Түүхэн он цагийн хувьд ч, эдийн засгийн харилцааны хувьд ч… Олныг эс нуршин гол асуудалдаа оръё.

Монгол Улс Вьетнамтай 1954 онд харилцаа тогтоожээ. Ирэх жил 70 жилийн ой тохионо. Тэгш ойн өмнө 10 жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч айлчилж байгаа нь энэ. Хоёр улсын худалдааны эргэлт 10 жилийн өмнө 23 сая ам.доллароор хэмжигдэж байж. Үүнээс хойш худалдааны эргэлт тасралтгүй өсөн нэмэгдсээр иржээ. Цар тахлын бэрх цагт бага зэрэг буурснаас биш 2022 онд 85,3$ саяд хүрч, түүхэн дээд түвшинд хүрчээ.

Энэ оны эхний 7 сарын байдлаар хоёр улсын худалдааны эргэлт хэдийнэ 65$ саяыг даваад байна. Манай талаас дийлэнхдээ уул уурхай, тэр дундаа гянт болд, баяжмал, малын дайвар бүтээгдэхүүн нийлүүлдэг бол Вьетнамаас хөдөө аж ахуй, хүнс, жимс жимсгэнэ зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн авчээ.

ОНЦЛОХ БАРИМТ БИЧИГ

Айлчлалын хүрээнд нийт зургаан баримт бичигт гарын үсэг зурлаа. Үүнээс дараах 3 баримт бичгийг онцлоё.

Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр. Товчоор хэлбэл харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр юм.

Дараагийнх нь аюулгүй байдал, хамтын ажиллагааны тухай гурван ч хэлэлцээр байна. Эдгээр хэлэлцээрийг хийснээр бүс нутгийн түвшинд аюулгүй байдлын салбарт хамтрах, мансууруулах бодисын худалдаа, тэдгээртэй тэмцэхэд хамтран ажиллахаар болсон нь онцлох хэлэлцээрийн нэг байлаа.

Сүүлд нь, онцлох хэлэлцээ бол цагаан будаа тогтвортой нийлүүлэх хэлэлцээр. Хоёр улсын худалдааны эргэлтийн бага биш хувийг цагаан будаа эзэлдэг. Вьетнамын хэвлэлд дурдсанаар, он гарснаас хойш Вьетнам улс Монголд 20 гаруй сая ам.долларын цагаан будаа нийлүүлжээ.


ТӨРИЙН АЙЛЧЛАЛААС ӨМНӨ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалаас өмнө Вьетнам дахь АНУ-ын Худалдааны танхимын уулзалт болжээ. Энэ уулзалтад оролцсон Вьетнамын Шадар сайд Ввьетнам-АНУ-ын худалдааны эргэлтийг 200 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байгаагаа мэдэгдсэн юм. Энэ оны долоодугаар сарын байдлаар дээрх хоёр улсын худалдааны эргэлт 52.4 тэрбум ам.долларт хүрээд байна. АНУ-ын засаг захиргаа Энэтхэг-Номхон далайн Гадаад бодлогыг тодорхойлохдоо Энэтхэг улсаас гадна Зүүн Өмнөд Азийн улсуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлнэ гэж тодорхойлсон байдаг. Томоохон бодлогын судалгааны хүрээлэнгийн тайлан мэдээлэлд ч, АНУ-ын бодлог боловсруулагчид ч Хятадын тэлэлтийг сөрөн зогсохын тулд гадаад бодлогоо чиглүүлсэн нь тодорхой харагддаг юм.

ВЬЕТНАМЫН ХЭВЛЭЛД

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалыг Вьетнамын хэд хэдэн цахим хуудас онцлон мэдээлжээ.

Тухайлбал, айлчлал эхлэхээс долоо хоногийн өмнө VN Express цахим хуудас мэдээлэл түгээсэн бол айлчлал эхэлсний дараа 4-5 цахим хуудас айлчлалыг сурвалжилсан байна.

Дээрх мэдээлэл, нийтлэлүүдийг тогтож харвал үндсэн гурван санааг агуулжээ.

Эхнийх нь хоёр улсын худалдааны эргэлт нэмэгдсээр байна гэдэг агуулга. Удаах нь Монгол Улс Вьетнамыг Зүүн Өмнөд Азийн хамгийн гол түншээ гэж харж байна гэх агуулга. Сүүлийнх нь хоёр улс ирэх жил тохиох дипломат харилцааны 70 жилийн тэгш ойн дээр харилцааны түвшинг шат ахиулна гэдгийг онцолсон байлаа.

ТӨГСГӨЛИЙН ОРОНД

Монгол Улс болон Вьетнам Улсын дипломат харилцаа 2000 оны 4р сарын 15нд “Найрамдалтай, хамтын ажиллагаа”-нд шилжсэн. Үүнээсээ 20-иод жилийн дараа манай улсаас дипломат харилцааг шат ахиулж иж бүрэн түншлэлийн харилцаанд шилжих санаачилга гаргалаа. Түүнчлэн хоёр улсын төрийн тэргүүний уулзалтын үеэр хоёр талын худалдааны эргэлтийг хоёр дахин нэмэгдүүлэхээр тохиролцсон анхаарах ёстой сэдэв байлаа. Өнгөрсөн 10 гаруй жилд хоёр дахин нэмэгдүүлсэн туршлагыг харвал энэ бол тийм ч биелэгдэхээргүй зорилго биш… Айлчлал үргэлжилж байна. Цаг үеийн мэдээллийг шуурхай хүргэнэ…

Exit mobile version