Дэлхий

Франц уул уурхайн салбарт Казахстантай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ

Нийтэлсэн

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Казахстантай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх бодолтой байна. Тэрбээр Казахстан улсад хоёр өдрийн албан ёсны айлчлал хийж буй. Айлчлалын үеэр тэрбээр Казахстантай уул уурхай, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь Францын хувьд стратегийн өндөр ач холбогдолтой хэмээн мэдэгдлээ.

Хоёр орны төрийн тэргүүн нар болох Макрон, Токаев нар албан ёсны хэлэлцээ хийсэн бөгөөд уул уурхай, эрчим хүч, эм зүй, сансар судлалын салбарт хамтран ажиллах хэд хэдэн гэрээнд гарын үсэг зуржээ. Тухайлбал Казахстанд анхны атомын цахилгаан станц барих төсөлд Францын эрчим хүчний Électricité de France S.A. (EDF) компани оролцох талаар талууд хэлэлцжээ.

Мөн айлчлалын хүрээнд Казахстан-Францын хамтарсан “КАТКО” компанитай хамтран Казахстан улсад ураны ордуудыг ашиглах талаар гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ талаар Казахстаны Эрчим хүчний сайд Алмасадам Саткалиев “Орано Майнинг ХК 51 хувийг нь эзэмшдэг “КАТКО” компанитай хамтран ажиллах талаар өнөөдөр бид хэлэлцээ хийнэ” гэж мэдээллээ.

Казахстан-Францын хамтарсан “КАТКО” ХХК нь 1996 онд байгуулагдсан бөгөөд уран үйлдвэрлэгч үндэсний хэмжээний Казатомпром ХК, Орано Майнинг ХК нар хамгийн том хувьцаа эзэмшигчид юм. Франц, Казахстаны худалдааны эргэлт өнгөрсөн 2022 онд 5.3 тэрбум евро буюу 5.6 тэрбум ам.долларт хүрсэн. Франц улсын ураны хэрэгцээний 40 орчим хувийг Казахстан дангаараа хангадаг.

Эх сурвалж: DW

Exit mobile version