Дэлхий
ОХУ шинэ шумбагч хөлгөөс тив алгасах баллистик пуужин харваж туршсанаа зарлав
ОХУ-ын батлан хамгаалах яам тив алгасах баллистик пуужинг шинэ шумбагч хөлөг онгоцноос амжилттай харваж туршсанаа Ням гарагт зарлажээ.
Ийм төрлийн пуужин нь цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх зориулалттай зэвсэг юм. Уг туршилт нь Украины дайны улмаас АНУ-ОХУ-ын харилцаа хурцадсан цаг үетэй давхцаж байна.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цөмийн зэвсгийн туршилтыг хориглох гэрээнээс гарах хуулийг баталсан юм.
Энэ алхмаа Москвагийн эрх баригчид АНУ-тай цөмийн зэвсгийн хүчин чадлаа тэнцвэржүүлэх зорилготой гэж тайлбарлаж байгаа.
Туршилтын үеэр “Император Александр III” стратегийн шумбагч хөлөг онгоцноос Булава ангиллын баллистик пуужинг харвасныг ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлжээ.
Оросын умард хязгаарын Цагаан тэнгисээс харвасан пуужин Алс Дорнодын Камчаткийн хойгт байрлуулсан байг оносон байна.
Туршилтыг хэзээ гүйцэтгэсэн талаар мэдээлэл өгөөгүй юм.
“Император Александр III” бол Оросын тэнгисийн флотын ойрын хэдэн арван жилийн гол техник болохоор зохион бүтээгдсэн Борей ангиллын шинэ шумбагч хөлөг юм.
Уг хөлөг 16 ширхэг Булава пуужин тээвэрлэх багтаамжтай.
Энэ удаагийн туршилт амжилттай болсноор шинэ шумбагч хөлгийг тэнгисийн флотын зэвсэглэлд шилжүүлэхэд бэлэн болсныг ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлжээ.
Тус улсын тэнгисийн флотын зэвсэглэлд одоо Борей ангиллын гурван шумбагч хөлөг идэвхтэй ашиглагдаж байгаа ба өөр нэг хөлөг туршилтын шатанд, гурван хөлөг угсралтын шатанд байгаа юм байна.
Эх сурвалж: Associated Press