CRI Монгол радио

Ши Жиньпин Ана Брнабичийг хүлээн авч уулзжээ

Нийтэлсэн

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 6-ны үдээс хойш Бээжинд Сербийн ерөнхий сайд Ана Брнабичийг хүлээн авч уулзжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, саяхан ерөнхийлөгч Александр Вучич Хятад улсад айлчлан “Бүс ба Зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний III чуулга уулзалтад оролцсон бол энэ удаад эрхэм ерөнхий сайд та хүрэлцэн ирж Хятадын олон улсын импортын бараа бүтээгдэхүүний VI экспод оролцож байгаа нь Серби улс Хятадын ард түмний жинхэнэ анд нөхдөөр үзэн, Хятад улстай харилцаагаа хөгжүүлэх шийдвэр зоригтой байгааг харуулж байна. Хятад, Серби бол түүхэн олон нугачааг хамтдаа давж ирсэн гагнасан мэт бат найрамдалт харилцаатай улсууд юм. хоёр орны харилцаа иргэд түмний гүн зузаан үндэс суурьтай бөгөөд бид маш өргөн хүрээнд нийтлэг ашиг сонирхолтой болохоор хамтын ажиллагааны маш чанга эрч хүчтэй байдаг юм. Сүүлийн жил хоёр талын харилцаа маш идэвхтэй хөгжиж, стратегийн иж бүрэн түншийн харилцааны агуулга тасралтгүй баяжиж, ажил хэрэгч хамтын ажиллагаанууд ар араасаа баялаг амжилт тогтоож байна. Шинэ нөхцөлд Сербийн талтай хамт хоёр талт харилцааг өндөр түвшинд хөгжүүлж, хоёр ард түмэнд улам их ач тус хүртээхэд Хятадын тал бэлэн байна.

Хоёр талаараа хамтран зүтгэж, хамтын ажиллагааны том төслүүдийг урагшлуулж, Хятад-Сербийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг эртхэн хүчин төгөлдөр болгох хэрэгтэй. Технологийн инновацын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, боловсрол, спорт, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг ахиулан, хүмүүс хоорондын солилцоог олшруулж, найрамдалт харилцаагаа улам бэхжүүлэх ёстой. Серби улсын бие даан сонгосон хөгжлийн замналыг Хятад улс хүндэтгэх бөгөөд олон талт зохицуулалтын хүрээнд харилцан дэмжиж, хоёр орны харилцааг улам сайн хөгжүүлэхэд бэлэн гэжээ.

Ана Брнабич хэлэхдээ, 2019 онд би Хятад улсад айлчилж, Шанхайн импортын экспод оролцож байсан юм. Хэдэн жилийн дараа дахин ирэхэд Хятад улсын түргэн хөгжил үнэхээр гайхширууллаа. Серби, Хятадын харилцаа маш бат бөх байж, Хятад улс нэгэнт Сербийн хөрөнгө оруулалтын хамгийн том түнш болж, HBIS группийн Смедеревогийн гангийн үйлдвэр төсөл зэрэг хамтын ажиллагааны төслүүд Серби улсын үндэсний хөгжилд томоохон түлхэц болж байна. Хоёр орон хагасхан жилийн дотор чөлөөт худалдааны хэлэлцээрээр тохиролцож байгаа нь харилцаагаа гүнзгийрүүлэх шийдвэр зоригийг гүйцэд харуулж байна. Серби үндэснийхээ бүрэн эрх, нэр хүндийг хамгаалахыг Хятадын тал дэмжсээр ирсэнд ард түмнийхээ өмнөөс талархал илэрхийлж байна. Түүнчлэн Сербийн тал “Нэг Хятад”-ын зарчмыг тууштай баримталж, Хятад улстай үргэлжлүүлэн харилцан дэмжиж, “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулж, технологи, инновац, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Exit mobile version