Дэлхий

Барууны үйлдлээс болж цөмийн зэвсэг хэрэглэх ЭРСДЭЛ НЭМЭГДЭЖ байна гэв

Нийтэлсэн

Барууны хор хөнөөлтэй бодлогоос болж цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэл нэмэгдэж байна гэж ОХУ-ын талаас мэдэгдлээ.

Барууны үйлдэл нь цөмийн болон хими, биологийн зэвсэг хэрэглэх эрсдэлийг нэмж байгааг Оросын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев хэлжээ. Тэрбээр энэ мэдэгдлээ Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга нартай Москвад уулзах үеэрээ хийсэн байна.

Дэлхийн аюулгүй байдалд асуудал гарч байгаа нь АНУ-ын хорлон сүйтгэх бодлогын зүй ёсны үр дагавар гэж тэрбээр онцолжээ. “Тэдний хариуцлагагүй үйлдэл нь хуучин хямралыг хурцатгаж, шинэ хямралыг бий болгоход “хувь нэмэр оруулаад” зогсохгүй мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхэд саад болж байна. Энэ нь өнөөдөр Ойрх Дорнодод ажиглагдаж байна” гэж Оросын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга хэлэв.

Тэрбээр мөн улс орнууд нийтлэг аюул заналхийлэл, сорилтууд нэмэгдэхэд хүргэж байна гэжээ. Патрушев эдгээрт терроризм, хар тамхины наймаа, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийг багтаасан байна.

Түүний хэлснээр цөмийн болон хими, биологийн зэвсэг хэрэглэх эрсдэл нэмэгдэж, сансар, кибер орон зайг цэрэгжүүлэх ажил хурдацтай явагдаж байгаа аж.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Вивек Рамасвами “ОХУ хэт авиан пуужингийн тоо болон цөмийн зэвсгийн хэмжээгээрээ АНУ-ыг гүйцэж түрүүлж байна” гэж мэдэгджээ. Тэрбээр мөн АНУ-д одоо Дэлхийн гуравдугаар дайны аюул нүүрлэж байгааг онцолжээ. Рамасвами Хятад, Оросын цэргийн эвслийг Цагаан ордны гол эрсдэлүүдийн нэг гэж нэрлэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн сард “Бүс ба зам” чуулга уулзалтад оролцохоор Бээжин хотод очихдоо цөмийн цүнхтэй ирсэн билээ. Цөмийн цүнх гэдэг нь цөмийн зэвсэг хэрэглэх зөвшөөрөл олгоход ашигладаг тусгайлан тоноглосон цүнх юм. Цөмийн зэвсэгтэй улсын удирдагчид ийм цүнхийг дэргэдээ байнга хадгалдаг аж.

АНУ-ын Ерөнхийлөгчид ч бас ийм цүнх байдаг бөгөөд цөмийн хөлбөмбөг гэж нэрлэдэг гэнэ. Цагаан ордонд Ерөнхийлөгч байхгүй үед цөмийн пуужин харвах тушаал өгөх баталгаажуулалтын код уг цүнхэнд байдаг ажээ.

Тэгвэл ОХУ өнгөрсөн сарын сүүлчээр цөмийн зэвсэг туршихыг хориглосон тохиролцооноос гарсан юм. Тус улс цөмийн зэвсэг туршихыг хориглосон олон улсын гэрээнээс хүчингүйд тооцох хуулийн төслийг баталсан. Мөн Оросын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков “Вашингтон дайсагнасан бодлогоо зогсоохгүй бол цөмийн зэвсгийн асуудлаар хэлэлцээ хийхгүй” гэжээ.

Цөмийн туршилтыг хориглох олон улсын гэрээ (CTBT)-нээс гарах хуулийн төслийг ОХУ-ын Парламентын доод болон дээд танхим эсэргүүцэлгүй дэмжсэн байна.

Харин АНУ 1996 онд тус гэрээнд гарын үсэг зурсан байна. Гэхдээ хэзээ ч батлан хэрэгжүүлж байгаагүй аж. Иймд Путин АНУ-ын байр суурийг толинд тусгасан мэт арга хэмжээ авахыг үүрэг болгосон тул “CTBT”-ийг соёрхон баталсныг цуцлах хуулийн төслийг Парламент нь баталжээ.

Гэхдээ ОХУ Вашингтон цөмийн зэвсгийн туршилтаа үргэлжлүүлэхгүй бол туршилт хийхгүй гэж мэдэгдсэн юм. Мэргэжилтнүүд ОХУ эсвэл АНУ-ын аль нэг нь цөмийн зэвсэг туршвал хүйтэн дайны үе шиг цөмийн зэвсгийг хөгжүүлэх шинэ өрсөлдөөн бий болж магадгүй гэж таамаглаж буй.

Цөмийн зэвсэг нь цөмийн задрал буюу нэгдлийг ашигласан цөмийн реакцаас устгах хүч үүсгэдэг тэслэгч төхөөрөмжийг хэлнэ. Цөмийн реакц нь асар их хэмжээний эрчим хүч ялгаруулдаг. Орчин үеийн технологи ашиглан бүтээсэн, халуун цөмийн зэвсэг нь мянган кг жинтэй хэдий ч тэрбум гаруй энгийн дэлбэрэгч төхөөрөмжийн ялгаруулж чадах дэлбэрэлтийн хэмжээтэй дүйцэхүйц энерги ялгаруулж чадна. Маш жижиг хэмжээтэй цөмийн зэвсэг ч бүхэл бүтэн хотыг устгах чадалтай аж.

Цөмийн зэвсгийг үй олноор хөнөөх зэвсэг хэмээн ангилж үздэг бөгөөд цөмийн зэвсэг бүтээгдсэн үеэс эхлэн түүнийг хянах, хэрэглэх асуудал нь олон улсын бодлогын төвд байсаар иржээ. Хүн төрөлхтний дайн байлдааны түүхэнд хоёр удаа цөмийн зэвсэг хэрэглэгдсэн бөгөөд тэдгээрийг АНУ Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл үед буюу 1945 оны наймдугаар сард Японы Хирошима, Нагасаки хотуудад хэрэглэсэн байна.

Биологийн зэвсэг гэдэг нь цэрэг дайны үйл ажиллагаа явуулахад зориулсан, вирус, нян, бусад өвчин үүсгэгч биологийн тээгч зэрэг хорт бодис буюу өвчин үүсгэгчдийг хэлнэ. Химийн зэвсгээс ялгаатай нь амьд организмыг зэвсэг болгон ашигладаг бөгөөд Биологийн ба хорт бодисын зэвсгийн конвенц, Химийн зэвсгийн конвенцоор тус тус зохицуулдаг аж. Биологийн зэвсэг нь алах, чадваргүй болгох, хүн буюу бүлэг хүн аль эсвэл тухайн орчны нийт хүн амыг хүндээр гэмтээх ч чадвартай байдаг. Тус зэвсгийг эрт дээр үед ч ашигладаг байсан гэх таамаг байдаг.

Химийн зэвсэг нь хорт хий зэрэг химийн хорт бодис ашиглан хүн, амьтанд хор хөнөөл учруулах зорилгоор ашиглагддаг үй олноор хөнөөх зэвсэг юм. Химийн зэвсгийг хориглох гэрээ ёсоор химийн хорт бодисыг ялгаруулдаг бодис, бөмбөг, төхөөрөмжүүдийг хэрэглэхийг хориглосон байдаг.

Exit mobile version