Дэлхий

Гамбиногийн мафийн бүлгийн 16 гишүүнийг АНУ, Италид баривчилжээ

Нийтэлсэн

Зохион байгуулалттай гэмт хэргийн томоохон бүлэг болох Гамбиногийн гишүүн 16 хүнийг АНУ, Италид явуулсан ажиллагааны үр дүнд баривчилсан тухай албаныхан өчигдөр мэдээлжээ.

Тэднийг айлган сүрдүүлэх, мөнгө угаах, дээрэм, гэрчүүдээс өшөө авах, залилан мэхлэх зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгасныг хоёр улсын прокурорууд мэдээлсэн байна.

Гамбиногийн гишүүдийн 10 нь Нью-Йорк хотоос, зургаа нь Сицили арлын Палермо хотоос баригджээ.

Өөр нэг гишүүнийг эрэн сурвалжлах ажил үргэлжилж буйг АНУ-ын хууль зүйн яам мэдээлсэн байна.

Баривчлагдсан этгээдүүдийн дотор Гамбиногийн бүлгийн толгойлогч “Жо Брүүклин” хочит Жозеф Ланни, “Фифи” хочит Ангело Градилоне, “Авга Чиччо” хочит Франческо Викари нар байгаа ажээ.

Гамбино нь Нью-Йорк орчимд үйл ажиллагаа явуулдаг мафийн таван том бүлгийн нэг юм. Тэднийг хамтад нь Ла Коза Ностра гэж нэрлэдэг.

Тус бүлгийг Жон Готти толгойлдог байснаа 2002 онд шоронд нас барсан юм. Дараа нь түүнийг залгамжилсан Франк Кали 2019 оны гуравдугаар сард Статен Айлэнд дүүрэг дэх гэрийнхээ гадна алагдаж байв.

Энэ нь 1985 онд Гамбиногийн толгойлогч асан Пол Кастеллано алагдсанаас хойш Нью-Йорк хотод гарсан мафийн боссын анхны захиалгат аллага болжээ.

Сая баривчлагдсан этгээдүүд тус бүр 20-180 жилийн хорих ял сонсох төлөвтэй байна.

 

Эх сурвалж: BBC

Exit mobile version