CRI Монгол радио

200-аас 200 мянга…

Нийтэлсэн

Сингапурын гоо сайхны бүтээгдэхүүний Fengti брэндийн хувьд Хятадын олон улсын импортын экспод зургаан жил дараалан оролцсон нь маш их үр өгөөж авчирчээ: Тус компанийн эссенс капсул эхний жилдээ Хятадад 200 хайрцаг зарагдаж байсан бол одоо жилд 200 мянган хайрцаг зарагдах болж. Энэ бол даруй импортын экспо олон улсын компаниудад олгосон том боломж юм.

11-р сарын 10-ны өдөр Хятадын олон улсын импортын 6 дахь экспо өндөрлөж, нэг жилийн хугацаанд төлөвлөсөн гүйлгээний хэмжээ 78 тэрбум 410 сая ам долларт хүрч, өмнөх экспогоос 6.7%-иар нэмэгдэж, шинэ дээд амжилт тогтоов. Экспогийн үеэр 128 улс орон, бүс нутгаас 3486 компани оролцсоны 289 нь дэлхийн ТОП-500 аж ахуйн нэгж, салбарын тэргүүлэгч компани юм. Мөн төлөөлөх чанартай 442 төрлийн шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, шинэ үйлчилгээг анх удаа танилцуулав.

Дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашралтай байж, худалдааны эрэлт хэрэгцээ сул хэвээр байгаа өнөөгийн нөхцөлд бүхий л  улс орнууд хөгжлийг тогтвортой байлгах шинэ хөдөлгөгч хүчийг олж авахыг эрмэлзэж байна. Хятадын хэрэглээний зах зээлийн асар их нөөц нь дэлхий даяар шинэ технологи, бүтээгдэхүүний туршилтын судалгаа хийх боломжийг олгож, хүн төрөлхтөнд шинжлэх ухаан, технологийн шинэчлэлээр хөгжлийн асуудлыг хамтдаа шийдвэрлэх тавцан болж байна.

Яг ийм утгаараа импортын экспогоор жил болгон шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи анх олны хүртээл болж байдгийг ойлгоход хэцүү биш юм. Дэлхийн хамгийн анхны хэт нарийвчлалтай ухаалаг нүүр будагч, хиймэл оюун ухаан болон бусад технологиор бүтээгдсэн “ирээдүйн цахилгаан шат”, 6G бүтээгдэхүүний нээлт… Уламжлалт бүтээгдэхүүнүүд нь өндөр технологиор “зэвсэглэж” байна уу, эсвэл шинэ үзэл баримтлал, шинэ бүтээгдэхүүн нээлт гээд импортын экспо нь хүмүүст тасралтгүй шинэ содон сэтгэгдэл өгсөөр… Саяхан нийтэлсэн тоо баримтаас үзвэл, дэлхийн шинжлэх ухаан технологийн шинийг санаачлах шилдэг 100-д Хятадын хамгийн олон байгууллага нэгж хамрагджээ.

Энэ жил БНХАУ-ын өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсний 45 жилийн ой, “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулсны 10 жилийн ой тохиож байна. Хятадын Шанхайн чөлөөт худалдааны туршиц бүсэд шинэ бүсийг нэмж байгуулахаас эхлээд Хайнаний чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтыг түргэтгэх, гадаадын хөрөнгө оруулалтын сөрөг жагсаалтыг тасралтгүй багасгах, боловсруулах аж үйлдвэрийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтад тавьж байсан хязгаарлалтыг бүрэн цуцлах гээд олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нь Хятад улс боломжоо дэлхийтэй хуваалцахын тулд улам их хүчин чармайлт гаргаж, бодит үйлдлээр амлалтаа биелүүлсээр байгааг харуулж байна.

Өдөр хоног, сар жил улиран өөрчлөгдсөөр. Импортын экспо нь жил тутамд хамтын ажиллагааг тасралтгүй ахиулж, дэлхийн эдийн засгийн нээлттэй хамтын ажиллагаанд шинэ эрч хүч сэлбэсээр бий.

Exit mobile version