CRI Монгол радио

Палестин-Израилийн мөргөлдөөнд 12500 хүн амь үрэгджээ

Нийтэлсэн

Өчигдөр, 12-ны орой Аль-Жазира, Аль Арабия агентлагууд Палестины ХАМАС-ын мэдээллийн албаны тоо баримтыг иш татаж, Палестин-Израилийн мөргөлдөөнд Газын зурваст 11180 хүн амь үрэгдсэн, үүнээс 4609 нь хүүхэд гэж мэдээлжээ. Мөн Аль Жазира агентлаг 10-ны өдөр, Иордан голын баруун эрэгт 183 палестин хүн амиа алдсан гэж мэдээлсэн байна. Израилийн засгийн газрын мэдээллээс харвал, Израильд 1200 орчим хүн амиа алдсан байна.

ХАМАС-ын улс төрийн газрын гишүүн Осама Хамдан, орон нутгийн цагаар 12-нд Ливаны нийслэл Бейрутад хэвлэлийн бага хуралд, “Араб-Исламын орнуудын удирдагчдын нэгдсэн онц байдлын дээд хэмжээний уулзалтаас гаргасан мэдэгдлийг сайшааж байна. Гэвч энэ уулзалт үр дүнтэй бодлого хэрэгжүүлэх, мөргөлдөөнийг таслан зогсооход тодорхой арга хэмжээ аваагүй” гэжээ.

Мөргөлдөөн дууссан хойно Газын зурваст аюулгүй байдлын хяналтыг Израйль бүрэн хэрэгжүүлнэ, Палестины эрх баригчдад өгөхгүй гэж Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху орон нутгийн цагаар 11-р сарын 11-нд мэдэгдэв. Өчигдөр тэрбээр, өнөөгийн нөхцөлд Палестины эрх баригчид Газын зурвасыг өөрийн мэдэлд авах боломжгүй гэж байр сууриа дахин илэрхийлжээ. Гэвч Нетаньяху мөргөлдөөн дууссаны дараа Газын зурвасыг хэн удирдах талаар тодорхой хэлээгүй бөгөөд зөвхөн Израиль аюулгүй байдлыг бүхэлд нь хангана гэдгээ мэдэгджээ.

Exit mobile version