Энтертайнмент
Тэргүүн зэргийн “Чингис Хаан” одонт МОРИН ХУУРЫН ЧУУЛГА
Тэргүүн зэргийн “Чингис Хаан” одонг 2005 оноос эхлэн Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэн /хуулийн этгээд/-д олгож эхэлсэн билээ.
Тэгвэл энэ жил энэхүү одонг Монгол улсын соёлын элч “Морин Хуурын Чуулга”-д хүртээхээр болжээ.
Морин хуурын чуулга нь байгуулагдсан цагаасаа эхлэн АНУ Нью-Йоркийн “Карнеги Холл” НҮБ-ын танхим, Францын ЮНЕСКО-ийн танхим, Австрийн Вена хотын Филармони, Австралийн Сидней хотын дуурийн театр, Франц улсын Версалийн хааны ордон зэрэг дэлхийн хамгийн нэр хүндтэй тайзнаа Монголын үндэсний бахархал, соёл урлагийг түгээн дэлгэрүүлж, сурталчилж ирсэн юм.
Морин хуурын чуулгыг 2022 онд Монгол улсын гадаад харилцаа, соёлын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж Гадаад Харилцааны яамнаас “Монгол Улсын Соёлын Элч”-р өргөмжилсөн юм.
Тэргүүн зэргийн “Чингис Хаан” одонт Морин хуурын чуулгын Монгол өв соёл, язгуур урлаг, үндэсний бахархлаа түгээн дэлгэрүүлж буй их үйлсэд нь өнө их амжилтыг хүсэн ерөөе.