CRI Монгол радио

Хятад, Америкийн төрийн тэргүүний уулзалтаар Ши Жиньпин юу ярив?

Нийтэлсэн

Тухайн нутгийн цагаар 11-р сарын 15-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Сан Франциско дахь Филоли(Filoli) эдлэнд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай Хятад, Америкийн төрийн тэргүүн нарын уулзалт хийжээ. Тэд Хятад, Америкийн харилцааны стратеги, ерөнхий төлөв байдал болон чиг баримжааны асуудал, дэлхийн энх тайван, хөгжлийн томоохон асуудлаар санал бодлоо илэн далангүй, гүнзгий солилцсон байна.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, өнөөдөр дэлхий ертөнц зуун жилд байгаагүй томоохон өөрчлөлтийг туулж, Хятад, Америк хоёрын өмнө хоёр сонголт тавигдаад байна. Нэгдүгээр сонголт, эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, даяарчилсан сорилтыг хамтдаа даван туулж, дэлхийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулах. Хоёрдугаар сонголт, “Тэг нийлбэрт сөргөлдөөн” буюу үр дүнгүй өрсөлдөөнийг даамжруулж, лагерь хоорондын зөрчилдөөнийг өдөөж, дэлхийг үймээн самуун, хуваагдал руу хөтлөх болно.

Энэ хоёр сонголт нь хүн төрөлхтний ирээдүй болон дэлхийн ирээдүйг тодорхойлно. Дэлхийн хамгийн чухал хоёр талт харилцаа болохын хувьд Хятад, Америкийн харилцааг энэ хүрээнд авч үзэж, төлөвлөх ёстой. Хятад, Америк нэг нэгнээсээ ангид орших боломжгүй, бие биеэ өөрчлөх гэж оролдох нь бас бодит зүйл биш. Мөргөлдөөн, сөргөлдөөний үр дагаврыг хэн ч үүрч чадахгүй. Их гүрний өрсөлдөөн Хятад, Америк болон дэлхийн өмнө тулгарч буй асуудлыг шийдэж чадахгүй. Энэ дэлхий Хятад, Америкийг зэрэг багтаах болно. Хятад, Америкийн амжилт бие биедээ боломж бий болгох юм гэжээ.

Ши Жиньпин Хятад маягийн шинэчлэлийн үндсэн чанар, утга санаа, Хятадын хөгжлийн хэтийн төлөв, стратегийн зорилгыг гүнзгий тайлбарлав. Тэрбээр хэлэхдээ, “Хятадын хөгжил өөрийн гэсэн логик, хуультай. Хятад улс Хятад маягийн шинэчлэлээр үндэсний агуу их сэргэн мандалтыг бүх талаар ахиулж байна. Хятад улс колоничлолын дээрэм тонуул, дээрэнгүй үзлийн муруй замаар явахгүй. Мөн өөрийн үзэл суртлаа бусдад хүчээр тулгахгүй. Америкийг гүйцэх, Америкийн орон зайг орлох төлөвлөгөө Хятадад байхгүй. Америк Хятадыг дарах, хязгаарлахаар төлөвлөж оролдох ёсгүй” гэв.

Харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтаар хожих нь Хятад, Америкийн 50 жилийн харилцааны туршлага ололт төдийгүй түүхэн дэх том гүрнүүдийн мөргөлдөөний сургамж, анхааруулга болох юм. Хоёр тал харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтаар хожих зарчмыг баримталж чадвал санал зөрөлдөөнөө нэг тийш тавьж, хоёр том улсын харилцааны зөв зохистой арга замыг олж чадна. Өнгөрсөн жил Бали арлын уулзалтын үеэр Хятадын тогтолцоог өөрчлөхийг эрмэлзээгүй, “шинэ хүйтэн дайн”-ыг эрэлхийлээгүй, Хятадын эсрэг эвслээ бэхжүүлэхийг эрмэлзээгүй, “Тайваний тусгаар тогтнолыг” дэмжихгүй, Хятадтай сөргөлдөх бодолгүй гэж Америкийн тал мэдэгдэж байсан юм. Сан Францискод болж байгаа энэ уулзалтаар Хятад, Америк хоёр шинэ алсын хараанаас харилцааны таван тулгуур цэгийг тогтоох ёстой. Тухайлбал: Нэгд, зөв ойлголтыг хамтдаа бий болгох. Хоёрт, санал зөрөлдөөнийг хамтаар үр дүнтэй зохицуулах. Гуравт, харилцан ашигтай хамтын ажиллагааг хамтран хөгжүүлэх. Дөрөвт, том гүрнүүдийн хариуцлагыг хамтдаа үүрэх. Тавд, ард түмэн, соёлын солилцоог хамтаар ахиулах зэрэг болно гэжээ.

Ши Жиньпин Тайваний асуудлаарх зарчмын байр сууриа дахин тодорхойлж, Тайваний асуудал бол Хятад, Америкийн харилцааны хамгийн чухал, эмзэг асуудал байсаар ирсэн. Бали арлын уулзалтын үеэр Америкийн талын хийсэн холбогдох мэдэгдлийг Хятад улс чухалчилсаар байна. Америк “Тайваний тусгаар тогтнол”-ыг дэмжихгүй байх байр сууриа тодорхой үйл ажиллагаанд тусгаж, Тайванийг зэвсэглэхээ зогсоож, Хятадын энх тайвнаар нэгдэхийг дэмжих ёстой. Хятад улс эцсийн эцэст эх орноо бүрэн нэгтгэх нь зайлшгүй гэжээ.

Ши Жиньпин цааш нь хэлэхдээ, Америк Хятадын эсрэг экспорт, хөрөнгө оруулалтын хяналт, ганц талын хориг тавих зэргээр тасралтгүй арга хэмжээ авч, Хятадын хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож байна. Хятадын шинжлэх ухаан, технологийг дарах нь Хятадын өндөр чанартай хөгжлийг хазаарлаж, Хятадын ард түмний хөгжлийн эрхийг хасаж байгаа явдал юм. Хятадын хөгжил дотооддоо логиктой бөгөөд гаднын хүчин үүнийг сааруулж зогсоож чадахгүй. Америкийн тал Хятадын асуудалд нухацтай хандаж, нааштай арга хэмжээ авч, ганц талын хориг арга хэмжээгээ цуцалж, Хятадын аж ахуйн нэгжүүдэд шударга голч, ялгаварлан гадуурхахгүй тэгш орчныг бүрдүүлнэ гэж найдаж байна гэв.

Exit mobile version